АНУ-д Covid-19 тархалттай тэмцэх тусгай ажлын хэсгийн гишүүдийг Конгрессод мэдүүлэг өгөхийг Цагаан ордон хоригложээ. Энэ тухай өчигдөр “The Hill” сонин мэдээлэв. Тус сонинд мэдээлснээр эл хориг 5-р сарын турш үргэлжлэх юм байна. Үүнээс гадна тахлын эсрэг тэмцэх үүрэг бүхий албан байгууллагуудын ажилтнуудыг Конгрессын дээрх хуралдаануудад очихгүй байхыг зөвлөжээ. “Урьд өмнө гарч байгаагүй энэ нөхцөлд бид бүх хүчин чармайлтаа коронавирусийн эсрэг тэмцэлд зориулах ёстой. Одоогийн үе шатанд уг тэмцэлд чиглэсэн ажилд тэргүүлэх ач холбогдол өгч, бүгд өөр өөрийн эрхэлсэн ажлаа л хийхийг хүсэж байна" гэж Цагаан ордны албан тушаалтан хэлжээ. Өмнө нь Конгресс ирэх долоо хоногт цар тахалтай тэмцэх тусгай ажлын хэсгийн гишүүдийн тайланг сонсохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Төлөөлөгчдийн танхимыг тэргүүлж байгаа ардчилсан намынхан Цагаан ордны засаг захиргааг цар тахлын эсрэг оройтож мөн буруу арга хэмжээ авсан хэмээн сэжиглэж байгаа аж. Конгрессын дээрх мэдэгдлийн дараа Цагаан ордон тусгай хэлтсийн гишүүн Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучийг Конгресст мэдүүлэг өгөхийг хориглосон байна.