ДЭМБ-аас коронавирусийг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд тохиолдсон хамгийн том хямрал хэмээн тодорхойлсон. Өнөөдрийн байдлаар тус өвчнөөр 3.2 сая орчим хүн өвчилж, 228 мянган хүн нас баржээ. Дэлхийн ихэнх улс орон онцгой горимд шилжиж, өмнө нь нэг ч удаа хойшилж байгаагүй хүн төрөлхтний Oлимпийн их наадам, ОХУ-ын Ялалтын баярын парад гээд томоохон арга хэмжээнүүд бүгд хойшилжээ.
Дэлхий нийтэд ийм байхад манайд эсрэгээрээ улс төрийн сонгууль хийхээр бужигнаж байна.
Намуудын мөрийн хөтөлбөр гэж яагаад ч хөрсөнд бууж, амьдрал дээр биелэх боломжгүй, хэтэрхий хөөсөрсөн, мөрөөдлийн хөтөлбөр байсныг хэрсүү ухаан суусан иргэд мэднэ. Бүтэн дөрвөн жил хөнжилдөө хөлөө жийлцсэн улс төрийн намууд хаана хаанаа парламент бүрдүүлэх хэмжээний бэлтгэл хангаагүй нь үүгээр нотлогдсон.
Хэдийгээр нарийвчилсан тооцоо үгүй ч энэ удаагийн сонгуульд ойролцоогоор 470 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар буй. Энэ бол цар тахлын эсрэг төр, засгийн зүгээс зарцуулаад буй төсвөөс хэдэн арав дахин их тоо. Цар тахлын эсрэг арга хэмжээнд ердөө 4.6 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Тиймээс "Сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах" гэсэн Ерөнхийлөгчийн уриалга их зөв байж.
Монгол Улсын Үндсэн хуульд ч ээлжит сонгуулийг хойшлуулахтай холбоотой зохицуулалт бий.
Тодруулбал, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.4-т “Онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэсэн заалт бий. Харин Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлээр онц байдал зарлаж болох хоёр тохиолдлуудыг зохицуулсан байдаг.
Тухайлбал, 25.2.1-т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон”, 25.2.2-т “Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон” гэж зохицуулжээ.
Тэгэхээр хуулийн хүрээнд сонгуулийг хойшлуулах боломжтой нь харагдаж байна.