АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр /2020.04.29/ Rueters агентлагт өгсөн ярилцлагадаа Хятадын эрх баригчид өөрийг нь ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулахын тулд бүхнийг хийж байна гэж хэлжээ. Трампын үзэж буйгаар Бээжин АНУ-ын дараагийн ерөнхийлөгчөөр Ардчилсан намын нэр дэвшигч Жозеф Байден болохыг сонирхож байгаа. Тэд Жо Байденыг худалдаа болон бусад асуудлаар АНУ-ын зүгээс үзүүлэх дарамтыг хөнгөвчлөнө хэмээн найдаж байгаа. Мөн тэрбээр Хятадын эрх баригчид коронавирусийн халдварын тархалтад өөрсдийгөө буруугүй гэж харуулахын тулд PR технологийг байнга ашиглаж байна хэмээн нэмж хэлжээ. Коронавирусын халдварын тархалтын талаар хожимдож мэдэгдсэн Бээжингийн эсрэг Вашингтон ямар арга хэмжээ авч болох талаар асуухад АНУ-ын ерөнхийлөгч “Миний хийж чадах олон зүйл байна. Тэгээд юу болохыг харъя”хэмээн хариулсан байна. 4-р сарын 27-ны өдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр Трамп шинэ коронавирус тархсантай холбогдуулан АНУ-ын засаг захиргаа БНХАУ-д санхүүгийн нэхэмжлэл гаргах боломжийг судалж байна гэж мэдэгдсэн юм. Эл мэдэгдлийн талаар зарим ажиглагчид коронавирусийн цар тахалд бэлтгэлгүй байсныхаа бурууг өөр улсад тохож байна гэж дүгнэжжээ.