Монгол Улсын Гавьяат багш, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Л.Баасантай ярилцлаа. Тэрбээр “Отгонтэнгэр” их сургуульд багшилж, олон түмэн шавь дундаа жаргаж яваа нэгэн. Л.Баасан боловсролын болон хуулийн байгууллагад 53 дахь жилдээ ажиллаж буй. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул энэ эрхэм байн байн “Завхан нутаг сайхан, замын хүн саатмаар газар” хэмээн мишээх нь энэ нутгийн зон олонд элэгтэйгээ илтгэх мэт.
-Монголын урдаа барьдаг хөдөлмөрийн эрхзүйч багадаа ямар хүүхэд байсныг шавь нар тань сонирхох болов уу. Хүүхэд үеэ эргэн дурсахгүй юу?
-Аав, ээж, ах нартаа эрхэлсэн “эргүү цагаан” явлаа. Гэхдээ сургуульд ороод сайн сурлагатан болчихдог байна шүү. Хичээлийн II улиралд уншиж, бичээд сурчихсан гэр лүүгээ захиа дайж, ээжийгээ, халтар банхраа, идүүрийг нь санаж байна гэж бичсэнээ одоо ч мартаагүй. Тэгж эрдмийн их далайд дурласан. Гэхдээ дунд ангиа төгсөөд мал маллана гэхэд ээж зөвшөөрөөгүй.
-Яагаад?
-Ээж “Ах,эгч чинь мал маллахаар гарчихлаа. Би насаараа мал дагасан. Буян нь хаачих вэ. Гэхдээ гэрээсээ ядаж нэг нь эрдмийн мөр хөөвөл ижий нь баярлана. Хүүгийнхээ морийг хүнд унуулахгүй, хадгалж байя. Аймаг руу явж ахлах ангид суралц” хэмээн гуйх, зөвлөхийг зэрэгцүүлсэн. Ингээд би аймгийн төвийн сургуульд суралцсан юм. Тэр үед манайх нэгдлийн 600 гаруй адуу хариулдаг байв. Би адуунд их хайртай. Ах нараа даган оторт явах сонирхолтой. Байнга даага сургадаг хүүхэд байлаа. Ер нь эр бие чангарсан үе, амьдралаа аваад явж чадна гэж бодоод мал маллая гэж хэлсэн байх. Гэхдээ бидний хэн нь ч ээжийн үгнээс гардаггүй. Ах нар ч хатуу гэж жигтэйхэн. Жишээ нь, Тонхил сумын хэсгийн шүүхийн дарга Бямбажав манай сүрэгт хоёр сайн морио тавив. Тэр хоёр адуу сайхан тарга авч, унамаар санагдаад болдоггүй. Ямар сайндаа хоёр агтын аль нэгт нь мордохсон гэж хорхойсохоор ах нар хүний морийг дураараа унаж болохгүй гээд халгаадаггүй сэн. Шүүхийн даргын морийг дур мэдэн унах нь “нүгэл” байж дээ.
-Хуульч мэргэжлийг сонгосон тань тохиолдол байв уу, таны сонголт уу?
-Аймгийн прокурор Л.Хүрлээ гуай сургууль дээр үе үе ирдэг байв. Цэмцгэр сайхан хувцастай, тэр хүн их сайхан ярина. Хаа нэг гадуур тэнэдэг, тамхи татдаг хүүхдүүдэд хор уршгийг нь анхааруулж хэлдэг. Тэр хүний яриаг шимтэн сонссоор хуульч болно гэж шийдсэн. Хуулийн сургуульд элсэхийн тулд гурван хичээлийн шалгалт өглөө. МУИС-ийн багш Дашзэвэг түүхийн, Мөнхөө газар зүйн, Дашжамц химийн мэдлэгийг минь шалгав. Ингээд 1963 оны наймдугаар сард МУИС-ийн хуулийн ангид элссэн.
-Дунд сургуульдаа онц сурлагатан байж. Оюутны дөрвөн жилийг хэр үр бүтээлтэй өнгөрөөв?
-Усан зүйлийн хүрээнд суудаг бага нагац Тарав ламынд оюутан ахуйдаа амьдардаг байв. Нагац лам хичээл тараад ирэхэд сул суулгахгүй, зүгээр хэвтүүлэхгүй “хичээлээ давт” хэмээн таягаа “нүүлгээд” салдаггүй сэн. Тиймээс аргагүйн эрхэнд хичээлээ уншина. Маргааш өглөө нь хичээл дээр багш сэдэв асуухад хамгийн түрүүнд гар өргөнө. Ер нь манай үеийнхэн хичээлдээ нийтлэг сайн байжээ.
-Тааруухан дүн авч үзээгүй юм байна.
-Нэг удаа тааруухан дүн авах нь ч авсан. (инээв) Их сургуульд байхдаа анхны хайрдаа туслаад дунд авсан. Ангийнхаа охинтой үерхдэг байв. Би түүнд, тэр надад сэтгэлтэй. Гэтэл намайг 1964 оны зуны амралтаар Говь-Алтай яваад ирэх хойгуур тэр 10 жилийнхэнтэйгээ уулзаж, ангийнхаа залуугаас хөл хүнд болчихсон байв. Тэр надад “Би өөрөө хойт аавтай. Хүүхэд минь төрсөн аавтайгаа өсөг дээ” гэж хэллээ. Бидний зам ингэж салсан. Тэр жирэмсэн. Би төгсөх шалгалтын үеэр түүнд туслах санаатай нааш цааш цаас дамжуулж байгаад багшид баригдчихлаа. Багш “Баасан гараад ир” гэж байна. Асуух нь гэж санаад багшийн өмнө очтол асуусангүй дэвтэрт дүн бичээд “яв” гэв ээ. Ангиас гараад дүнгээ хартал дунд тавьжээ. Ингээд би ЗХУ-ын коммунист намын түүхийн хичээлд дунд дүн авч, МУИС-ийн тааруухан төгсөгч болсон доо. Хожим ажилд орсныхоо дараа ханьтайгаа учирсан. Ажлын найз минь цэцэрлэгийн багш эмэгтэйтэй танилцууллаа. Хань минь нийслэлд ирээд санхүүгийн мэргэжил эзэмшиж, нягтлан бодогч, нярав болсон. Хүү, охин төрүүлж өсгөсөн. Хүү өмгөөлөгч, охин Мод, модон үйлдвэрлэлийн политехникийн сургуулийн захирлын албатай. Зургаан ач, зээтэй.
-Ажлын гараагаа хаанаас эхлүүлэв?
-МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1967 онд төгссөн. Тэр жилийнхээ наймдугаар сард Өвөрхангай аймгийн Прокурорын газарт томилогдов. Тус аймгийн прокурор Ц.Цэдэндаржаа намайг дотноор угтан авч билээ. Өвөрхангайн Прокурорын газрын 15 ажилтан бүгд миний “дарга”. Тэдний хий гэсэн болгоныг хийнэ. 1968 оны гуравдугаар сарын 8-нд Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн багийн малчин Цэвэг өвгөнийд туслах малчнаар очлоо. Малын захад өссөн надад хонь хариулах, хашаа саравч цэвэрлэх, төл бойжуулахад төвөг учраагүй. Тээр жилийн зуд дөрөвдүгээр сар гартал үргэлжилж, Өвөрхангайнхны олон малыг авч одож билээ. Зуд турхан дуустал Цэвэг өвгөнийд амьдарсан. 78, 79 настай хоёр хөгшин надад хүүхэд шигээ ханддаг байв. Өвөрхангайд гурван жил орчим ажиллаад Говь-Алтай аймаг руу шилжсэн. Тэндээ хоёр жил болоод Улаанбаатарт ирсэн дээ.
-Хоёулаа сэдвээ жаахан өөрчилье. Та хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшсэн багш, судлаач. Яг одоо УИХ-аар хэлэлцүүлэхээр хүлээж буй Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд саналаа өгсөн байх.
-Үндсэн хууль, Иргэний болон Хөдөлмөрийн тухай хууль бидний амьдралд чухал үүрэгтэй эрх зүйн баримт бичиг. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд ихээхэн ач холбогдол өгөх нь зөв. “Хөдөлмөрийн гэрээний дагуу үүссэн харилцааг зохицуулахдаа маш өргөтгөсөн. Хөдөлмөр эрхлэгчдийн гэрээний дагуу гэж том агуулгаар оруулчихвал энэ хууль хэрэгжихгүй цацагдаад өнгөрнө” гэсэн санаагаа хуулийн төсөл боловсруулагчид хэлсэн. Мөн Монголд бямба гарагт зарим салбарынхныг сонголтоор ажиллуулах санал өглөө. Монгол Улсад хүмүүс нь ажиллаж баялаг бүтээмээр байна. Хөдөлмөрийн тухай хууль үйлдвэрлэлийн харилцааг зохицуулагч гол акт бөгөөд үүгээр хөдөлмөрийн гэрээний дагуух харилцааг зохицуулдаг. Миний бодлоор хуулийн шинэ төсөл саар агуулгатай болсон.
-Төрийн албаныхан ажил хийдэггүй хэрнээ эрт тардаг, хувийн хэвшлийнхэн өдөр, шөнөгүй ажилладаг гэсэн шүүмжлэл бий. Илүү цагаар ажиллах асуудлыг хуульд хэрхэн тусгасан байдаг бол?
-Хөдөлмөрийн ямар ч харилцаанд орсон, аль ч тохиолдолд илүү цагийн хөлс өгнө гэж Хөдөлмөрийн тухай хуульд тусгасан. Төрийн албаны хуульд ч төрийн албан хаагчдад илүү цагийн мөнгө олгоно гэсэн заалт бий. Энэ бол дэлхийн жишиг. Монголын нөхцөлд илүү цагаар ажиллах асуудлыг дотоод журамд нь тусгавал хэрэгжүүлэхэд хялбар. Ингэвэл дарга нь ажилтнаа дуртай үедээ эсвэл, амралтын өдрөөр дуудах нь хязгаарлагдана. Амрах цагаараа ажилладаг хүмүүс залуу насны ааг, урам зоригоор хөдөлмөрлөдөг байх. Хүн дөрвөн цаг ажиллаад цайны завсарлага авах учиртай. Ачааллаа арилгана гэсэн үг. Цайны цагаар чи өөрийн хэмжээгээр сайн хооллож, тамхи татдаг бол тат. 10-20 минут дуг хийж болно. Хэдхэн минут агаарт алхахад ч гэмгүй. Сайхан амарчихаад ороход үдээс хойших дөрвөн цагийн ажлаа ажрахгүй хийж дөнгөнө. 16.50 цаг ажлын оргил үе байдаг. Энэ үед хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувь болдог. Үдэд амрахгүй, олигтой хооллохгүй, цай, усаар голоо зогоовол хэн ч бай, орой их ядардаг. Улмаар харьсан хойноо бухимдлаа эхнэр, хүүхдүүддээ гаргаж ч мэднэ. Ингэхгүйн тулд өөрийгөө тордох ёстой. Ажлаа сэтгэлээсээ хийх нь чухал. Бямба, ням гарагт сайхан амар. Бямбад 24 цаг унтсан ч болохгүй зүйлгүй. Нямд гэр орныхондоо тусал. Тэгээд даваа гаргийн өглөө ажилдаа дуу аялаад ирэх сайхан биш гэж үү. Долоо хоногт 40-өөс илүү цаг ажилласан бол нэмэлт цалин нэхэх эрх чамд бий.
-Удирдлагаас нэмэлт цалин шаардахад ажлын бүтээмж чухал байх. Таваарлаг хөдөлмөр гэж юу вэ?
-Чи долоо хоногт 40 цаг ажилласан бол үүндээ тохирсон цалин авах учиртай. Илүү ажилласан бол нэмэлт цагийн мөнгийг заавал бодуулах ёстой юм. Зах зээлийн нийгэмд хөдөлмөрийн хөлс нь ажил олгогчийн төлөө зарцуулсан таваарлаг хөдөлмөрийн өртөг, үнэ цэн юм. Ажил олгогч өндөр цалин өгч байвал чи таваарлаг хөдөлмөртэй гэсэн үг. Багахан цалин авбал чи өөрийгөө таваарлаг бус этгээд гэдгээ ойлгох ёстой.
-Хүмүүс яг адилхан ажилласан байхад тэрний цалин ийм, минийх тийм гэж маргах нь бий. Хэдэн жилийн өмнө Төрийн банкны удирдлагыг зүгээр шахам суугаад 10-18 сая төгрөгийн цалин авлаа гэж шүүмжилсэн удаатай.
-Би Үндсэн хуулийн цэцийн гишүүн байхдаа Герман явж туршлага судалсан юм. Тэндхийн найзаасаа “Чи хэдэн маркийн цалин авдаг вэ” гэж асуухад тэр нуулгүй хариулсан. Харин бусад герман хүний цалинг асуухад мэдэхгүй гэв. Тэрбээр “Бид өөр өөр таваарлаг хөдөлмөртэй. Захирал түүний хөдөлмөрийг хэрхэн үнэлдгийг би мэдэхгүй. Миний цалинг ч тэр мэдэх ёсгүй. Ер нь би цалингаа хэнд ч хэлэх сонирхолгүй. Тантай дотно нөхөрлөсний хувьд итгэж хэллээ” гэсэн. Тиймээс хэдэн төгрөгийн цалин авах нь хувийн нууц. Манайхны зарим нь ёс зүйгүй учраас бусадтайгаа барьцдаг. Чи бага цалин авдаг бол ажил олгогчдоо үнэлэгдэхгүй байна гэсэн үг. Ажил олгогч эрэлт, хэрэгцээгээ хангахуйц нийгэмд үр өгөөжтэй хөдөлмөртэй бол хамгийн дээд зэргийн цалин өгнө. Тэд таваарлаг хөдөлмөрийг худалдаж авдаг. Зах зээлийн энэ л зарчмаар арилжааны банкуудын захирал төдий хэмжээний цалин авч буй. Би гадаад, дотоодын олон ажил олгогчийн цалингийн хэмжээг мэднэ. Монголд банкны захирал 10 сая төгрөгийн цалин авна гэдэг харин ч чамлалттай.
-Олон улсад хөдөлмөрийн харилцаа хэрхэн өрнөдөг бол?
-Японд олонх менежер бусдаас урьтаж ажилдаа ирдэг. Тэд цаг бүртгэгч, жижүүрийн дэргэд зогсон, бусдыгаа хүлээн авах нь элбэг. Өглөө эрт ноён М сайхан инээсээр даргатайгаа мэндлээд ажилдаа орж ирлээ. Гэтэл Б нэг л унжгар, нүд нь бүлцийчихсэн, бусадтайгаа мэндэлмэр аядаж болно. Б өвчтэй хүүхдээ шөнөжин сахив уу, урьд орой нь савж савж ирэв үү гэдгийн учрыг менежер олно. Ухаалаг менежер хүнийг дуудах биш, урьж ярилцдаг.Тэр хүн Б-г тайвшруулж, ажлын өрөөний арын тасалгаанд ороод хэсэг амарчих гэх юм уу, харьж амарчихаад үдээс хойш ажлаа нөхөөд хий гэж зөвлөдөг. Онцгой нөхцөлд Б-гийн оронд өөр хүнийг ажиллуулна. Харилцаа зөв бол тухайн хүн шоронгоос суллагдсан этгээд ч бай насан туршдаа баярлаж, ажилдаа чин сэтгэлээ өгдөг. Ер нь сайхан харилцаа аливаа ажилд амжилт авчирдаг. Дарга цэргийн хооронд итгэлцэл үүсгэдэг юм. Барууны зарим оронд боолуудын хүчээр нийгэмд баялаг үүсдэг гэж үздэг. Тэндхийн баячууд боолууд өөрийг нь тэжээж буйг маш сайн ойлгож, тэдэнд талархдаг. Манай Дээд шүүхийн дарга агсан Б.Чимид ухаалаг менежер байсныг ташрамд дурдъя.
-Та Б.Чимид багштайгаа тас зөрж, Улсын дээд шүүхийн орлогч даргын албанаас зугтсан түүхээ яривал сонин байх болов уу.
-Би Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд зургаан жил шүүгчээр ажилласан. Богино хугацаанд үр бүтээлтэй ажилласан гэж боддог. Говь-Алтайгаас нийслэлд ирээд МУИС-д хэдэн жил багшиллаа. Тэр хугацаанд багшийн мэргэжилд татагдсан. Тиймээс шүүгчээр ажиллах бус, багшлах хүсэлтэйгээ Б.Чимид даргад хэллээ. Б.Чимид багш “Үгүй, чамайг Улсын дээд шүүхийн орлогч даргаар томилохоор болсон” гэв. Гэвч би зүтгэсэндээ гүрийж, “Багш болно, хөдөлмөрийн эрх зүйгээр эрдмийн ажил хийнэ” гэлээ. Багш над руу том харснаа ямар ажил гэж лавлав. Би эрдмийн зэрэг хамгаалахаар бэлдсэн материалаа авчирч харуулсанд багш эргүүлж тойруулж нэлээд үзсэнээ инээвхийлж, “Чи эрдмийн зэргээ заавал хамгаалаарай” гэж билээ. Харамсалтай нь, МУИС-д багшлах орон тоо байсангүй. Тиймээс татан буулгасан Намын дээд сургуулийн суурин дээр Ж.Бямбадорж, С.Нарангэрэл, Г.Совд, Ж.Амарсанаа, С.Баяр нарын хамт Удирдлагын академийн Төрийн байгуулалтын тэнхимыг байгуулахад гар, бие оролцсон. Дараа нь 1992-1998 оны долдугаар сар хүртэл Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан даа.
-Багш болохоор тэгтлээ тэмүүлсний учир юу юм бол?
-1998 оноос “Отгонтэнгэр” их сургуульд очсон. Өнөөг хүртэл багшилж байна. Залуус, хүүхэд гэдэг ариун, гэгээн ертөнц. Тэр ертөнцөд татагдсан хэрэг. Тэдэнд нэг шинэ санаа хэлэхэд эергээр хүлээн авч, өөртөө сайнаар төлөвшүүлж чаддаг. Хүүхдүүд их зан гаргаж мэддэггүй. Багшлах гэхээсээ илүү тэдэнтэй найз болчихсон тууж явах нь их. Хичээл заахаас гадна дотнын зөвлөгч нь байхдаа үргэлж дуртай байдаг,би.
-Хэзээ нь эрдмийн зэргээ хамгаалав?
-Үндсэн хуулийн цэцэд байхдаа докторын дипломын ажил бичихээр нэлээд судалгаа хийв. 1995 оны зургадугаар сарын 28-нд судалгаагаа диплом болголоо. “Хөдөлмөрийн маргааны зохицуулалтын асуудал” сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан. Хэд, хэдэн бүтээлтэй, судалгааны ажил чамгүй хийчихсэн, бэлтгэл сайтай байв. Доктор хамгаалуулах зөвлөлийн гишүүд нь Г.Совд, Б.Чимид, Ж.Авхиа гээд чанга хүмүүс. Би их ч айсан. Гэхдээ 100 хувийн саналаар эрдмийн цол нэмэв. Тэр үед Б.Чимид багш “Бэлээхэн сайн судалгаа, хэд хэдэн бүтээл нь байна. Энийг яриулж цаг алдах хэрэг байна уу, шууд санал хураачихвал яасан юм бэ” гэж хэллээ. Маш их баярласан. Түүний хэлсэн ганц үг миний сэтгэлд гэгээ татуулан, нуруун дээрх ачааг хөнгөлж, дараагийн бүтээлээ хийх урам өгөв. Дөрвөн жилийн дараа зургадугаар сарын 28-нд шинжлэх ухааны докторын зэргээ “Хөдөлмөрийн гэрээний онол практикийн асуудал” сэдвээр хамгаалсан.
-Шүүхүүдийн шийдвэрлэх хөдөлмөрийн маргаан ихэсжээ. Энэ ямар шалтгаантай вэ?
-Хөдөлмөрийн маргаан ихээхэн хүнд. Дарга, цэрэг буюу хүчтэй, хүчгүйн дунд тулаан өрнөдөг. Цалин өгөхгүй байх эрхтэй, хаалгаар оруулах, оруулахгүйг тушаадаг дарга ажиллах хүчнээс эрх мэдлээр мэдээж давуу. Ажилчин, дарга гэсэн тэгш бус субъектийн хоорондын маргаан их хэцүү. Сүүлийн үед ийм төрлийн маргаан ихэссэн. Гэвч хуулиа мэддэг бол гайгүй ээ.
-Та хөдөлмөрийн эрх зүйгээр Монголдоо тэргүүлэх өмгөөлөгч. Гэвч маргаанд төдийлөн оролцдоггүй гэх. Хэчнээн хүнийг эрхийг хамгаалж шүүх хуралд оролцож байв?
-Нэг зүйлийг ний нуугүй хэлэхэд зарим шүүгч үнэхээр боловсрол муутай байна. Зарим үед улстөрийн нөлөөнд ордог юм болов уу. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, хотын захиргааны ажилтан, Гавьяат нисгэгч, төмөр замын удирдах газрын ажилтан гээд 200 гаруй том маргаанд даргын бус, ажилтны эрхийг хамгаалж оролцсон. Одоогоор ялагдсан хэрэг алга. Захаас нь дурдвал Төмөр замын газрын орлогч дарга ажлаасаа халагдсан хэрэгт өмгөөлөгчөөр оролцоход “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхэн тэр чигээрээ, Орос дахь толгой байгууллагатайгаа хамтран миний эсрэг тал болж байлаа. М.Энхболд дарга ажилтнаа улс төрийн шийдвэрээр чөлөөлсөн хэрэгт мөн өмгөөлөгчөөр ажилласан. Хууль сайхан л даа. Хуульд заасан л бол аргагүй ялалт байгуулдаг юм. Хэчнээн улстөржсөн тэнэг шийдвэр гаргасан, хэдий бардам, баяндаа бахадсан хүн байлаа ч аргагүй хуультай юм гээд биелүүлдэг.
-Та шүүгч нар мэдлэггүй байна гэж шүүмжиллээ. Үүнийгээ тодотгож болох уу?
-Би нэг зарчимтай. Энэ нь залуусыг дэмжих ёстой гэсэн үзэл санаа. Залуусаа хүндэлж байж, тэд биднийг дээдэлнэ. Гэхдээ залуусын мэдлэг их нимгэн байна. Гёте “Уншихгүй бол сэтгэхгүй” гэж хэлсэн. Тэд илүү их уншиж, судлах хэрэгтэй. Шүүх хурлын үеэр залуу өмгөөлөгч нар хэлэлцэж буй асуудлаа ойлгохгүй будилж, хөдөөний ухаантайхан шиг эмээгээс доор тулга тойрсон юм яриад суудаг. Уг нь шүүгч хүний эрхийг, өмгөөлөгч үйлчлүүлэгчээ хамгаалах ёстой. Гэтэл тэд тэгж чаддаггүй. Тиймээс хуулиа сайн судалж, хөнгөмсөг биш, буурь сууртай ажилламаар. Эцэст нь, улстөрөөс хол яв гэж хэлмээр байна. Амбицтай хүүхдүүд буруутаад байгаа харагддаг. Мөрдөн байцаалтын нууц задалсан гэх зэрэг хэрэгт ороод байх шиг. Зарим өмгөөлөгч бусдад мөнгө дамжуулсан хэмээн авлигын хэрэгт шалгуулж, шүүхэд очсон гэх чимээ сонсогдлоо. Ингэж хүндээ хөнгөнөөс, хөхүүрээ борвиноос өгөх хэрэггүй юм. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ц.Балхаажав “Сайн хууль олныг баталжээ. Болж байна. Гагцхүү ёс суртахууны хэм хэмжээг сайн баримтлах хэрэгтэй” гэж хэлсэн. Би энэ үгийг их шүтдэг. Нөгөө талаас залуус англи хэлтэй, компьютерт сайн, цахим орчинд мэдээлэл цуглуулж сурсан. Энэ давуу талаа ашиглаад хөгжөөсэй гэж хүсдэг. Гэтэл тэд хөнгөдөөд байх юм. Аливаа асуудалд ул суурьтай хандахын тулд биднээс асуу л даа. Гудамжинд яваа өвгөн, эмгэнд ч хандаж болно шүү дээ. Ахмадууд мэддэгээ дуртайяа хэлж, зөвлөх болов уу. Залуустаа хандаж ээж, аав, дарга, удирдлагаа хүндэтгэ. Ажил мэргэжлээ хайрлаарай гэж хүсье.
-Залуус хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэхгүй байх шиг. Хуримтлал үүсгэхэд тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Одоогийн хүмүүс жаахан л мөнгөтэй болвол байдгаараа туйлж, баярхах маягтай. Айлд очоод хүүхдүүдэд нь 20 мянган төгрөг тарааж өгөх жишээтэй. Болно л доо, хүний алга дээшээ харуулах сайхан. Гэхдээ маргаашаас нь цалингаа буух хүртэл зээлийн системд ордог нь утгагүй. Сонин сэтгэхүйтэй. Хүүхдүүдэд 20 мянгатын дэвсгэрт өгөхийн оронд 5000 мянгатын дэвсгэрт тараахгүй юү. Олон хүүхэд хүртэнэ. Энэ бол зөв тооцоо, ухаалаг сагсны хэрэглээ. Цалин багатай бол өөртөө таарсан хэрэглээний сагсаа бүрдүүлэх хэрэгтэй юм. Мөнгөтэй хүн дуурайж өдөрт 10, 20 мянган төгрөгөөр хоол идэх шаардлагагүй. Чи цалиндаа тааруулж л хоолло. Мөн манайхан ажлаас гараад л такси барих сонирхолтой. Чи 800 мянган төгрөгийн цалин авдаг бол яарсан үедээ л такси бариарай. Найман сая төгрөгийн цалинтай бол такси барьж болно. Үгүй бол хэтэвчин дэх мөнгөө хямгад. Зарим хүн “Хөгшинд чинь гадаадаас 50 ам.доллар гуйвуулсан” хэмээн баярхаж, наргихыг чухалчилдаг. Уг нь 800 мянган төгрөгийн цалин авдаг хүний хувьд тэр 50 ам.доллар хоолой хэрччих шахсан чухал үед хэрэглэх хуримтлалын мөнгө. Би нэг жишээ хэлье. Өмнө нь манайх олон хүүхэдтэй хөрштэй байв. УБТЗ-д галч хийдэг Цагаан өглөө ажилдаа явах замдаа хонины дөрвөн толгой, шийртэй авдаг. Ажил дээрээ түүнийгээ хуйхалж, цэвэрлээд хоёрыг нь ажлынхантайгаа хуваан, үлдсэнийг гэртээ аваачиж, олон хүүхэдтэйгээ хүртэнэ. Толгой, шийр сайхан зоог. Хөрш минь толгойг маш амттай чанана. Тэр өөртөө таарсан ухаалаг сагстай учраас бусдаас мөнгө зээлдэггүй. Хүүхдүүдээ гачигдалд оруулахгүй сайхан амьдардаг байсан. Манай гудамжны зарим хүн Цагаанаас мөнгө зээлдэг байв. Эрсдэл ихтэй өнөө үед манай хөрш шиг ухаалаг сагсны хэрэглээтэй байх нь чухал санагддаг. Үүгээр би иргэн баян бол улс баян гэдгийг илэрхийлэх гэсэн юм. Монголд капитал хуримтлал үүсгэх боломжтой.
-Бид нээрээ үрэлгэн улс л даа.
-Ер нь Монголын сэхээтэн, ахмад, залуусын алинд нь ч үрэлгэн зан бий. Хөгшчүүд Цагаан сараа элбэг дэлбэг сайхан тэмдэглэх нь зөв. Хүүхдүүдээ баярлуулах сайхан. Гэхдээ Цагаан сар өнгөрөнгүүт капитал хуримтлал үүсгэх нь чухал. Капитал хуримтлалгүй учраас хүүхдүүдээ “торгодог”. Би тэгдэггүй. Олонх ахмад “Хүү ууц, шүүсээ даа, охин идээ боов гарга, том нь бэлэг сэлт цуглуул” гэдэг. Энэ буруу, хүүхдүүд өөрсдөө бэлдэж өгсөн бол ав. Албадах хэрэггүй. Нөгөө талдаа хүүхдүүд ч аав, ээжийнхээ тэтгэвэр лүү гар дүрэх нь тоогүй хэрэг. Санаачилгаараа ээж, ааваа халамжлах ёстой. Бид санхүүгийн сахилгагүй, мөнгөтэй харьцаж сураагүй байна. Хүүхнүүд гуталд нь жаахан сэртэн гарахад засаж, янзлуулахын оронд тайлаад шидчихдэг. Шидэж болно оо. Гэхдээ буяны үйлст өгчихвөл новш овоорохгүй. Хямдралтай үнээр борлуулж ч болно. Монголчуудад энэ мэт зөв менежмент алга. Хятад, казахууд маш их хуримтлалтай байдаг юм билээ.