“Brexit”-ээ хойш Европын Холбоо (ЕХ), Их Британийн ирээдүйн харилцааны тухай гэрээг бэлтгэх хэлэлцээр одоогийн байдлаар мухардалд орсон хэмээн ЕХ-ны дипломатууд үзэж байна. Энэ тухай Reuters агентлаг мэдээлэв. “Бид мухардалд ороод байна... Шийдвэрт хүрэх техникийн чанартай олон жижиг сажиг зүйл байгаа боловч үндсэн гол асуудал дээр талууд өөр өөрсдийн зорилгодоо хүрэхийг хичээж байна. Эдгээр зорилго хоорондоо ялгаатай” гэж ЕХ-ны дипломатын хэлснийг тус агентлаг иш татжээ. Өнгөрсөн долоо хоногт хийсэн хэлэлцээр нь гол асуудлаар дорвитой ахиц дэвшилд хүрч чадаагүй тул дараагийн хэлэлцүүлгийг 5-р сарын 11-нд хийхээр төлөвлөжээ. Ирланд, Умард Ирландын хилээр хүмүүс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний шилжих хөдөлгөөнийг чөлөөтэй болгох, малын болон ургамлын гаралтай бараа бүтээгдэхүүний ариун цэврийн хяналтын дэглэмийг боловсруулах, мөн загас агнуурын зэрэг бизнес эрхлэхэд тэнцвэртэй орчин бүрдүүлэх асуудлаар Их Британи улс ямар ч буулт хийхгүй байгааг ЕХ-ны төлөөлөгч Мишель Барнье тэмдэглэлээ. Их Британи улс Европын Холбоотой гурван жил хэлэлцээр хийсний дараа 2020 оны 2-р сарын 1-нд тус холбооноос гарсан юм. Талууд оны эцэс хүртэл шилжилтийн үеийн тухай тохиролцсон бөгөөд энэ хугацаанд Нэгдсэн Вант улс ЕХ бүх стандарт, нормыг мөрдөх ёстой аж. Үүнээс гадна талууд ирээдүйн харилцааныхаа журмын талаарх баримт бичгийг тохиролцох ёстой юм.