Умард Солонгос засгийн эрхийг шилжүүлэх яаралтай төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд одоогийн удирдагч Ким Жон Унын оронд түүний дүү Ким Ён Жоныг томилохоор бэлтгэж эхэлсэн тухай Японы “Yomiuri” сонин Өмнөд Солонгосын болон Америкийн эх сурвалжуудыг иш татан мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнгөрсөн оны сүүлчээр болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны чуулганаар Ким Жон Уны өөрийнх нь шаардлагаар түүнийг гэнэт хөдөлмөрийн чадамжаа алдсан тохиолдолд бүх эрх мэдлийг эмэгтэй дүү Ким Ён Жонд шилжүүлэн өгөх шийдвэрийг гаргажээ. "Иомиури" сонины эх сурвалжуудын батлан хэлж буйгаар, үүний дараа “Ким Ё Жоны нэрээр намын болон цэргийн шугамаар олон удирдамж өгсөн байна”. Үүний дараа Ким Ён Жоны нэр БНАСАУ-ын хамгийн чухал баримт бичигт харагдах болсон аж. Ким Ён Жон өмнө нь БНАСУ-ын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны суртал ухуулга, сурталчилгааны хэлтсийн орлогч даргын албан тушаалыг хашиж байгаад өнгөрсөн оны сүүлчээр гол боловсон хүчний асуудлыг хариуцдаг Төв Хорооны Зохион байгуулалтын хэлтсийн нэгдүгээр орлогч дарга болсон байна. Энэ оны 3-р сард Пхеньяны Өмнөд Солонгос ба АНУ-тай хийсэн харилцааны талаарх баримт бичиг нь Ким Ён Жоны гарын үсэг бичигдсэн бөгөөд тус сонины бичсэнээр удирдагчийн дүүгийн эрх мэдэл гадаад бодлогын хүрээнд ч нөлөөлж байгааг харуулжээ. Ким Ён Жоны эрх мэдэл өсөн нэмэгдэж буйг тус хэвлэл түүний ахын эрүүл мэндийн асуудалтай холбон үзжээ. Энэ сарын 21-нд “CNN” агентлаг тагнуулын албаны төлөөлөгчдийг эх сурвалжаараа дурдан мэдээлэхдээ Ким Жон Уныг зүрх судасны мэс заслын дараа биеийн байдал нь маш хүнд байгаа гэж мэдээлсэн. Хожим нь Өмнөд Солонгосын “Yonhup” агентлаг эл мэдээллийг няцаасан бөгөөд Хойд Солонгосын удирдагчийн сайн сайхан байдал муудсан гэсэн нотолгоог няцаажээ. Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Хөх ордны төлөөлөгч ч дээрх мэдээллийг батлагдаагүй хэмээн мэдэгдсэн. Үүний зэрэгцээ “Rueters” агентлаг БНАСАУ-ын эрх баригчид болон хэвлэл мэдээллийнхэн Ким Жон Уны эрүүл мэндийн байдалтай холбоотой мэдээлэлд маш хачин байдлаар хандаж, хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг онцолсон. Өмнө нь тэд янз бүрийн цуу яриаг тэр дор нь няцаан хариу үйлдэл үзүүлдгийг тэмдэглэжээ. Ким Жон Унын эрүүл мэндийн байдлын тухай мэдээлэл түүнийг 4-р сарын 15-нд болсон БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сены төрсөн өдрийн арга хэмжээнд оролцоогүйгээс хойш гарч эхэлсэн юм.