БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалттай холбоотой цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд ирэх намар хүртэл танхимын сургалт явуулахгүй бөгөөд ерөнхий болон их, дээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар дараах шийдвэрүүдийг гаргав. Теле хичээлийг зургадугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлнэ. Ингэхдээ багш нар сурагчдын оролцоо, суралцаж буй байдлыг нь тогтмол тэмдэглэх аж. Мөн 1-5, 10 жил ажилласан багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг 4-5 дугаар сард цахимаар зохион байгуулж, элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг гүйцэтгэхтэй холбоотой зөвлөмж, зааврыг төгсөгчдөд хүргүүлэх болжээ. Цэцэрлэгийн болон дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувийн хэрэглэл, эд зүйлийг энэ сард эцэг, эхэд нь хүлээлгэн өгөх гэнэ. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн урсгал засварыг энэ жил зогсоож, үүнд зориулж эцэг, эхчүүдээс мөнгө хураахгүй. Төгсөх ангийн 10 мянга гаруй сурагчийн эцэг, эх элсэлтийн шалгалттай холбоотойгоор хүүхдэдээ багшаас биечлэн давтлага авах хүсэлт тавьжээ. Холбогдох албаныхан энэ талаар судалж буй бөгөөд коронавирусийн нөхцөл байдлыг харгалзан ирэх сард шийдэх гэнэ. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд эмч, сувилагчийн харьцаа 1:1 буюу дэлхийн дунджаас гурав дахин цөөн байгааг бодлогоор зохицуулах үүднээс энэ жилээс сувилагч мэргэжлээр суралцах оюутны төлбөрийг улсаас санхүүжүүлэх болсныг Ё.Баатарбилэг сайд мэдэгдэв.