Бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтыг 2020.09.01-ийг хүртэл зогсоосонтой холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тушаал гаргаж, хичээл, сургалтын үйл ажиллагааг үлдсэн хугацаанд хэрхэн зохицуулж буй талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Дэлхийн 109 улс оронд сургууль, цэцэрлэгийг хаасан мэдээлэл байна. Хичээл сургалтын үйл ажиллагаатай холбоотой тушаал гарсан. Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийг хаасан ч сургалтыг хэвийн зохион байгуулах гэж хичээж байна. Нэлээд улс орон хичээл сургуулийг хаасан ба үүнээс үүдэж 1,7 тэрбум хүүхэд, залуус буюу нийт суралцагчдын 91,3 хувь нь хорио цээрийн дэглэмд хамрагджээ.
Манай улс бүрэн хэмжээнд зайны сургалт, теле хичээлийг хүлээн авах боломж нь бүрдсэн. Сая сайдын хоёр тушаал, ЗГ-ын нэг тогтоол гарсан.
Есдүгээр сарын 1-н хүртэл хичээл сургууль хойшилсонтой холбоотойгоор эцэг эх, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах вэ гэдэг хүлээлт үүсээд байгаа. Үүнд хариулт өгөх зорилгоор дараах мэдээллийг өгч байна.
Дөрөвдүгээр сарын 15-нд гарсан Засгийн газрын тогтоолоор хичээл, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор
12-р ангийн хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авахгүй өнжөөх шийдвэр гаргасан.
Мөн сургууль, цэцэрлэгүүдийн халаалт, гэрэл цахилгаан зэрэг хэмнэж болох хэмнэлтийг хийх тогтоол орон нутгууд руу хүргүүлсэн.
Уг тогтоолыг дагалдан дөрөвдүгээр сарын 17-нд салбарын сайдын тушаал гарсан.
Уг тушаалаар:
Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг зургадугаар сарын 1-нээр дуусгана,
ЕБС, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийг зургадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлэх,
1, 5, 10 жил ажилласан багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2020 оны 4, 5 дугаар саруудад онлайнаар зохион байгуулах. Энэ сургалтад 4,500 багш бүртгүүлсэн. Одоогоор 1,800 багш хамрагдаад байна.
Теле болон цахимаар явуулсан хичээлийг багшийн журналд тэмдэглэсэн байх,
Эцэг эхчүүд уйддаг юм уу яадаг юм теле хичээлийг шүүмжлэх хандлага гаргах боллоо. Энэ бол олон мянган хүүхдийн эрх ашгийг хамгаалж чадварлаг багш нар өндөр түвшинд зохион байгуулж байгаа ажил юм. Теле хичээлд хамрагдаж чадахгүй, шүүмжлээд байвал хүүхэд хохирно. Яам, багш нар ажлаа хийж байгаа.
Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг гүйцэтгэхэд тулгардаг асуудалтай холбоотойгоор зөвлөмж, зааврыг элсэгчдэд хүргүүлнэ.
Цэцэрлэг болон дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувийн хэрэглэлийг дөрөвдүгээр сард багтаан эцэг, эхэд хүлээлгэн өгөх,
Цэцэрлэг, сургуулийн засварыг энэ жил зогсооно. Эцэг, эхчүүдээс засварт зориулж мөнгө хураахгүй.
Сургуулийн номын сангаас авч хэрэглэж байгаа номыг хураах, хүүхэд шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна" гэсэн мэдээлэл өглөө.