АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унаас “сайхан захидал” хүлээж авсан тухай өнгөрсөн Бямба гарагт мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр БНАСАУ энэ мэдэгдлийг няцаав. Тус улсын Гадаад хэргийн сайд Ли Сон Гвон “АНУ-ын Ерөнхийлөгч өмнөх захидлуудыг эргэн санасан эсэх нь тодорхойгүй байгаа ч манай удирдагч АНУ-ын ерөнхийлөгчид ойрын үед захидал илгээгээгүй" гэж хэлсэн байна. 2018 оны 6 дугаар сард Сингапурт АНУ, БНАСАУ-ын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт болж, уулзалтын дүнд талууд хамтарсан мэдэгдэл гаргасан билээ. Тэр үед АНУ БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд БНАСАУ-ын эрх баригчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүргийг хүлээсэн юм. Хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт 2019 ны 2 дугаар сард Ханой хотод болсон авч хоёр улсын удирдагч ч тохиролцоонд хүрч чадаагүй бөгөөд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зураагүй билээ. 2019 оны 6 дугаар сарын 30-нд Д.Трамп, Ким Жон Ун нар хоёр Солонгосын цэрэггүй бүсэд 3 дахь удаагаа уулзсан юм. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 5-нд АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид Шведэд уулзсан хэдий ч зөвлөлдөх уулзалт мөн үр дүнгүй өндөрлөсөн билээ. Уг уулзалтын талаар БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ким Мён Гиль яриа хэлэлцээ бүтэлгүйтсэн тухай мэдэгдэж, АНУ-ыг байр суурийнхаа талаар сайтар бодож үзэхийг зөвлөсөн бол түүний дүгнэлтийг Төрийн Департамент зөвшөөрөөгүй бөгөөд уулзалтыг үр дүнтэй болсон гэж үзсэн аж.