Ардчилсан намаас коронавирусийн гамшиг болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай ДОЛООН шаардлагыг Засгийн газар болон УИХ-д хүргүүлж байна. Шаардлагыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцууллаа.
Тэрбээр "Экспортын бүтээгдэхүүний борлуулалт огцом тасарч, төсвийн орлого бүрдүүлэх нөхцөл өдөр ирэх бүр хүндэрч байна. Ялангуяа нүүрсний борлуулалт өнөөг хүртэл жигдэрч чадаагүй бөгөөд хилээр гарч байгаа тээвэрлэгч машины тоо хэмжээ нэмэгдэх хандлагагүй байна. Мөн улсын төсөв 300 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Шивээхүрэнгийн боомтоор өдөрт ердөө 160 машин, Гашуунсухайтын боомтоор 107 машин гарсан. Энэ бол өдөр бүр гардаг 1000 машины дэргэд өчүүхэн бага тоо юм. Нүүрс тээвэрлэлт жигд явагдах ёстой. Эрдэс Тавантолгойгоос гадна жижиг Тавантолгойн үйл ажиллагаа өнөөдрөөс зогсоход хүрлээ. Үүгээр зогсохгүй аж ахуй нэгжүүд шар махтайгаа хатаж байна. Энэ мэт бодит хүндрэл байгааг Засгийн газар зайлшгүй анхаарах ёстой.
Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Хүнсний бодлогыг Засгийн газар багц асуудалдаа зайлшгүй оруулж ирэхгүй бол энэ жилийн импортын нөхцөл байдлаас болж ард түмэн хүнсний дутагдалд орох эрсдэлтэй байна. Мөн газар тариаланг дэмжих 150 тэрбум төгрөгийн асуудлыг нэн яаралтай шийдэхгүй бол тариалалт эхлэх үед аж ахуйн нэгжүүд огт санхүүгийн эх үүсвэргүй болоход хүрнэ.
Түүнчлэн гадаадад ажиллаж, сурч байгаа иргэддээ дэмжлэг үзүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. 13 оюутан нэг дор халдвар авч орж ирсэн нь манай иргэд тэнд ямар хүнд нөхцөлд байгааг харуулсан тод жишээ болсон. Тийм учраас нэн тэргүүнд гадаадад суралцаж байгаа оюутнуудынхаа эрүүл мэнд, амьд явах эрх, амьжиргааны баталгааг шийдэх санхүүгийн эх үүсвэрийг бий болгох хэрэгтэй гэдгийг онцолж хэлмээр байна.
COVID-19-ийн эсрэг багц хууль боловсруулж байгаа сурагтай байна. Үүн дээр УИХ-ын дарга төсвийн эрхийг Засгийн газарт шилжүүлэх тухай ярьсан. Үндсэн хуулиар УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарагддаг зүйлийг УИХ-ын дарга дур мэдэн хэн нэгэнд шилжүүлэх эрхгүй.
Бидний тавьсан шаардлагыг хүлээн аваагүйгээс үүсэх нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаварыг эрх баригчид хариуцна" гэлээ.
Ардчилсан намаас УИХ, Засгийн газарт хүргүүлж буй шаардлага:
1. Эрүүл мэндийн зардлын төсвийг тусгайлан баталж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж. Мөн яаралтай уушги, амьсгалын замын эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх. Эмч мэргэжилтнүүдийг бэлтгэн сургах, тэдэнд амьдралын дэмжлэг үзүүлэх багц санхүүжилтийг хэлэлцэн шийдэх ёстой.
2. Гадаадад сурч, амьдарч байгаа иргэдэд яаралтай дэмжлэг үзүүлэх, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх.
3. Цар тахлын улмаас ажлын байраа алдсан иргэдэд сар бүр амьжиргааны түвшингээс багагүй хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
4. Үйл ажиллагаа нь хүндрэлт орсон бүх аж ахуй нэгжид мөнгөний бодлогоор гурван хувийн бага хүүтэй зээл олгож, санхүүгийн эх үүсвэрийг шийдэх.
5. Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтад төрийн дэмжлэг үзүүлж, түүнд хяналт тавих.
6. Илүү үр ашиггүй урсгал зардлууд болон хөрөнгө оруулалтыг танаж, гамшгаас хамгаалах эрсдлийн санд төвлөрүүлэн яаралтай зарцуулах эрхийг нээх.
7. УИХ дахь АН-ын зөвлөлөөс УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн таван багц, 38 арга хэмжээ бүхий коронавирусийн гамшиг болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газар яаралтай санал дүгнэлтээ өгч УИХ-аар хэлэлцүүлэх.