“Эко алтан Заамар” ХХК-ийн уурхайн “Уул-II” талбайд өнгөрсөн оны хоёрдугаар сарын 28-нд ноцтой осол гарч, дөрвөн хүний амь үрэгдсэн. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг, Баянголын аманд тус компанийнхан алт олборлож байхад уурхайн амны хана нурж, ажилчид дарагдан, гурван хүн эрүүл мэндээрээ хохирсон юм. Тухайн үед МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, ШШҮХ-гийн ажилтнуудаас бүрдсэн 130-аад хүн ослын газарт ажиллаж, цогцсыг гарган авсан. Төв аймгийн Заамар сум дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхан эл хэргийг мөрдөн шалгаж, Прокурорын газар хэргийг хянан, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна. Осол гарахаас өмнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 21-нд “Эко алтан Заамар” ХХК-ийн уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан эрсдэлийн үнэлгээ хийж, ил уурхайн амны хана нурах эрсдэлтэй тул үйл ажиллагааг зогсоож, аюулгүй байдлыг хангах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ. Гэвч тайлантай танилцсан “Уул-II” талбайн дарга Г аюулыг арилгах ямар нэг арга хэмжээ аваагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчин, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Төв аймгийн Прокурорын газраас тус компанийн уурхайн даргаар ажиллаж байсан Г-д Эрүүгийн хуулийн 10.6-2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний гэм буруутай, эсэхийг удахгүй хэлэлцэх нь.