Манай улсад боловсролын үйлчилгээ эрхэлдэг хувийн бага, дунд, ахлах сургуулийн тоо 2019-2020 оны хичээлийн жилд 185-д хүрсэн байна. Энэ нь боловсролын салбар дахь ерөнхий боловсролын сургуулиудын 20 шахам хувийг эзлэх болжээ. Мөн дээд боловсролын сургалтын байгууллагын тоо 95 байгаагаас 71 нь хувийн хэвшлийн их, дээд сургууль аж. Хувийн сургуулиуд, тэр дундаа бага, дунд боловсрол олгодгууд нь төлбөр өндөртэй. 2019-2020 оны хичээлийн жилд хувийн сургуулиуд 2-70 хүртэлх сая төгрөгийн төлбөр тогтоосон аж. Тэдгээр сургууль гадаадын, олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг, гүнзгийрүүлсэн сургалттай, лаборатори, мөн суралцах орчин, нөхцөлийг хангасан, гадаад багш заадаг, эсэхээс шалтгаалж сургалтын төлбөрөө тогтоосон гэж тайлбарладаг. Мөн хувийн их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэг улирлынх 0.9-4 сая төгрөг байна. Тэд магадлан итгэмжлэгдсэн, эсэх, сургалтын орчин, багш, сурагч солилцооны хөтөлбөр, тэтгэлэг олгодгоос хамаарч, сургалтын төлбөр авдаг гэх юм билээ.
Дэлхий нийтээр тархсан цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх сарын 30 хүртэл түр зогсоосон. Үүнтэй холбогдуулан улсын сургуулиуд сургалтаа цахимаар явуулж, ерөнхий боловсролын сурагчид теле хичээл судалж байна. Харин хувийн бага, дунд, ахлах болон их, дээд сургуулиуд хичээл, сургалтаа хэрхэн зохицуулж байна вэ. Бага, дунд, ахлах сургуулийнх нь сургалтын хөтөлбөр улсынхтай адилгүй учир тусгай арга хэмжээ авч байгаа дуулдсан. Түүнчлэн уг арга хэмжээ буюу сургалт үр дүнгүй байгаа учир эцэг, эхчүүд сургалтын төлбөрийн тодорхой хувийг буцаан олгох, дараагийн улиралд шилжүүлэх хүсэлт гаргасан удаа ч бий. Тухайлбал, “Күнз” бага сургууль 4.5 сая төгрөгийн төлбөртэй бөгөөд энэ он гарахаас өмнө эцэг, эхчүүдээс авчээ. Төлбөрөө авсан хэрнээ хичээлээ үр дүнтэй заахгүй байгаад эцэг, эхчүүд нь гомдоллож, төлбөрийн тодорхой хувийг дараагийн улиралд шилжүүлэх хүсэлт гаргасан ч тус сургуулийн удирдлага зөвшөөрөөгүй аж. Хувийн сургуулиудын хичээл, сургалтын нөхцөл байдал, төлбөр буцаахтай холбоотой асуудлыг БСШУСЯ-ныхнаас тодруулахад “Энэ талаарх гомдол, санал манайд ирсэн. Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй, холбогдох байгууллагууд судалж, асуудлыг зохицуулахаар ажиллаж байна” гэв.
“БАГШ НАР ЕРДИЙНХӨӨС ХОЁР ДАХИН ИХ АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА”
Хувийн бага, дунд, ахлах сургуулиуд хөл хорионы үед сургалтын үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулж, тэдгээрт суралцаж буй 40 000 гаруй хүүхдийн эрх ашгийг хангаж байгаа, эсэхийг тодруулав. Хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны тэргүүн Б.Одхой “Хувийн сургуулиуд нэгт, төрийн ачааллыг үүрэлцдэг. Хоёрт, эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулахдаа сонголт хийх боломж олгодог. Тиймдээ ч төрөөс стандартад нийцсэн сургууль, цэцэрлэг байгуулж буй иргэдээ 1995 оноос дэмжиж, зөвшөөрөл олгож ирсэн. Гуравдугаар улирлын хичээлийн эхний долоо хоног дуусахтай зэрэгцэн, төр, засгаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн. Хувийн сургуулиудын хувьд цөм хөтөлбөрийг өөр өөрсдийн онцлогт тохируулан агуулга, арга зүйг баяжуулж заахаас гадна нэмэлт олон хөтөлбөртэй. Англи хэлийг бага ангиас нь заахаас гадна бүгд япон, хятад, орос, герман, солонгос хэлний нэмэлт хичээл үздэг. Мөн математик, байгалийн ухаан, STEM, роботикийн гүнзгийрүүлсэн хичээлүүд бий. Ахлах ангийн сургалтын төлөвлөгөөнд ЭЕШ болон олон улсын их, дээд сургуулиудын шалгалтад бэлдэх цагуудыг түлхүү оруулдаг.
Сурагчдынхаа академик чадварыг хөгжүүлэхээс гадна хувь хүний болон бие бялдрын хөгжлийг онцгойлон анхаардаг. Тэгэхээр хувийн сургуулиудын хувьд теле хичээл үзье гэсэн ч төлөвлөгөөтэй уялдахгүй байна. Тиймээс бүх сургууль дотоод цахим систем болон олон улсад өргөн хэрэглэдэг мэдээллийн технологи ашиглан зааж байна. Жишээ нь, “Логарифм” сургуулийн хамт олон зөвхөн хоёрдугаар сард 13 төрлийн программ, аппликэйшн, технологи ашиглаж 326 хичээл, 562 даалгавар боловсруулсан. Багш нар 700 сурагчийн 5114 даалгаврыг шалгаж, сурагчидтайгаа 292 495 удаа цахим хаяг, зурвасаар холбогдсон байна. Мөн хүүхдүүдтэйгээ цахим хурал хийж, эцэг, эх, сурагчидтай утсаар холбогдож буй. Багш нарт цахим хичээл бэлтгэхэд дэвшил гарч, хүүхдүүд бие даан суралцах чадвар эзэмшиж, хичээл, номоо аппликэйшнээр үзэн, даалгавраа илгээж, уулзалт хийж байна” гэв. Тэрбээр цахим хичээл бэлтгэх, заах, хүүхдүүдэд үр дүнтэй хүргэх нь багшийн ачааллыг ердийнхөөс хоёр дахин нэмэгдүүлж, амралтын өдөр ч ажиллах болсныг онцоллоо. Мөн дэлхийн 130 орны олон сая хүүхэд цахимаар хичээллэж байгаа энэ үед сөрөг хандлага гаргахаас илүүтэй шинэ зүйлд хүүхдээ сургахыг эцэг, эхчүүдээс хүсэв.
Тус холбоонд гишүүнээр элссэн 86 сургууль бий гэсэн. Тэдгээрийн сургалтын төлбөр дунджаар 2.7 сая төгрөг бөгөөд уг холбоонд олон улсын өндөр төлбөртэй таван сургууль хамааралгүй гэнэ. Нөгөөтээгүүр, хувийн сургуулиудын хувьд үүссэн нэг асуудал нь төлбөрөө уян нөхцөлөөр авдаг учир бүрэн төлөөгүй, төлөхгүй байгаагаас үүдэн, урсгал зардлаа нөхөж, ажилтнуудынхаа цалинг олгож чадахгүйд хүрснийг учирлав. Хувийн сургуулиуд барилгынхаа дулааныг зогсоож, цахилгаанаа салгах боломжгүй, мөн багш, ажилчдаа цомхотгохгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой учир бизнесийн байгууллага шиг хөнгөлөлт үзүүлэх боломжгүйг тус холбооныхон илэрхийллээ.
ОЮУТАН НЬ БАГШАА, СУРГУУЛЬ НЬ ОЮУТНАА ШҮҮМЖЛЭВ
Коронавирусийн халдвартай холбоотой үүссэн нөхцөл байдал нь их, дээд сургуулиудын нөөц боломж, чансааг шалгаж буй гэхэд хилсдэхгүй. Учир нь цахим сургалтын дэвшилтэт системтэй,
багш нь хичээлээ ойлгомжтой хүргэж, оюутнууд нь бие даан суралцах чадвартай сургуулийнханд одоогийн нөхцөл байдал хүнд тусахгүй. Тэгвэл хувийн сургуулиуд дэлхий нийтийн жишиг болсон цахим сургалтын систем ашиглаж, сургалтаа хэвийн явуулж байгаа юу. Энэ талаар Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооны ерөнхийлөгч, доктор Б.Эрдэнэсүрэнгээс тодруулахад “Манай холбоонд 19 их, 26 дээд сургууль хамаардаг. Хувийн их, дээд сургуульд суралцагсдын 65 хувийг манайхан бэлтгэдэг гэсэн үг. Холбооны гишүүн бүх сургууль цахим сургалт явуулж эхэлсэн. Манай сургуулиуд өмнө нь зайны сургалтыг өдрийнхтэй хослон явуулдаг байсан. Бүх сургалтыг цахимаар явуулах шаардлагатай уялдан шинэ программ нэвтрүүлж, зайны сургалт хариуцсан нэгж ажиллуулан, техник, хэрэгслийн нөөцөө нэмэгдүүлсэн. Сургууль бүр өөрт тохирсон программ, тухайлбал, “Xcloud”, “Zoom”, “Moodle”, “Googleclass”-ыг ашиглаж байна. Бүх сургууль цахим номын сантай. Даалгавар, лекцтэй танилцсан байдал, оюутан хариу ирүүлсэн, эсэхийг шалгаж, суралцагч бүртэй ажиллаж байна.
Хувийн сургуулиуд төлбөрөө хагас жил, улирал, сараар авдаг. Гэтэл оюутнууд сургуулийн үйл ажиллагаа зогссоноос хойш төлбөр төлөхгүй байгаа учир бид санхүүгийн хүнд байдалд орсон. Тухайн сургууль сургалтдаа анхаарахгүй, оюутанд хэрэгтэй мэдлэгийг олгохгүй байгаа бол суралцагчид нь шаардлага тавих ёстой. XXI зуунд цахим сургалт давамгайлдаг болсон. Багш лекц тайлбарлаж, түүнийг нь хэрхэн судалсныг шалган, үнэлдэг хэлбэр нэгэнт хоцрогдсон” гэв. Түүнчлэн оюутнууд идэвх санаачилгатай оролцохгүй, танхимд хичээллэх арга барилаа өөрчилж, бие дааж сурах хэрэгтэйг шүүмжиллээ. Тус холбооны гишүүн “Этүгэн” их сургуулийн II түвшний оюутан Б.Бурмаа “Манайх сайтынхаа тусламжтайгаар хичээлээ явуулж байна. Багш лекцээ дүрс бичлэгээр тайлбарлан ирүүлж, бид даалгавраа гүйцэтгэснээр оноогоо дүгнүүлдэг, шалгалт аваагүй байгаа. Удахгүй авна гэсэн. Гэхдээ яаж, хэрхэн, ямар хэрэгслээр шалгахыг мэдэхгүй. Манай систем нь цахимаар шалгалт зохион байгуулдаг, эсэхийг мэдэхгүй.
Мэргэжлийн хичээлүүд, дадлага хосолсон сургалттай дээд курсийнхэн хичээлээ ойлгоход хүндрэлтэй байгаа. Бид харьцангуй гайгүй” гэв. Тэрбээр 2019-2020 оны хичээлийн жилд сургалтын төлбөрт 3.2 сая төгрөг төлжээ. Мөн “Их засаг” их сургуулийн оюутнууд сургуулийн сайт, фэйсбүүк хуудас болон “Google”-ийн платформуудаар хичээл явуулж байна. Ингэж заах нь танхимын сургалтаас үр дүн муутай. Математик, нягтлан бодох бүртгэл болон банк, санхүүгийн ангийн оюутнуудад хүндрэл их учирч буй. Системээ хөгжүүлж, нэг платформаар сургалтаа явуулах ёстой. Цахим сургалтаар өмнө нь хичээллэж байгаагүй учир ойлгох, бие даан суралцахад төвөгтэй байгааг хэлсэн. Ийнхүү сургуулийн зүгээс оюутнуудаа бие даан суралцах ёстой, харин суралцагчид багш нарын бэлтгэснийг ойлгохгүй, системээ хөгжүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Мөн оюутнууд сургуулийн дотуур байранд амьдраагүй хугацааны төлбөрийг буцаан олгох санал гаргасан аж. Харин хувийн их, дээд сургуулийн холбооны зүгээс хичээл хэдийд эхлэх нь тодорхойгүй учир дотуур байраа өөр зориулалтаар ашиглахгүй, урсгал зардлаа төлж байгааг хэлэв.
ТАНХИМЫН СУРГАЛТЫГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Хувийн их сургуулиудаас Санхүү, эдийн засгийн их сургууль нэлээд өндөр төлбөртэйд тооцогддог. Тус сургуулийн танхимын сургалтын нэг багц цагийн төлбөр 153 000 төгрөг. Харин ухаалаг цахим
сургалтынх нь 114 000 төгрөг гэдгийг тус сургуулийн IV түвшний оюутан хэллээ. Тэрбээр энэ хавар 18 багц цагийн хичээл судлахаар 2 754 000 төгрөг төлсөн аж. Гэвч хичээлээ ойлгохгүй, шалгалт өгч байхад систем нь гацах, зарим даалгавраа хийж амжихгүй, багш нар бүрэн тайлбарласан лекц байршуулдаггүй, хэлэлцүүлэг өрнүүлэхэд дүү нар саад болдог зэрэг хүндрэл гардгийг учирлав. Түүнчлэн ажлынхаа хажуугаар суралцдаг цахим сургалтын хөтөлбөрийг бид нарт тулгаж буйг шүүмжиллээ. Энэ талаар тодруулахаар СЭЗИС-ийн сургалт, оюутан хариуцсан проректор Д.Анхтуяатай уулзсан юм.
Тэднийх “Google for education”, “Moodle” платформыг ашиглан сургалт явуулж байгаа аж. 2015 оноос цахим сургалтын систем нэвтрүүлсэн бөгөөд энэ жил бакалавр, магистрын түвшний 340 орчим оюутан зайнаас суралцаж буй гэнэ. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан системээ хоёрдугаар сараас улам хөгжүүлж, 6000 оюутандаа үйлчлэх “чадалтай” болгожээ. Ингэснээр танхимд юу зааж, хэрхэн хэлэлцүүлэг өрнүүлж, шалгалт аван, дүгнэдэг тэр хэлбэрээ цахимд шилжүүлж ажиллах боломж бүрдсэн аж. Тиймээс өдгөө олонх оюутан нь үр дүнтэй суралцаж байгаа гэнэ. Тодруулбал, тус системээр багш, оюутнууд төрөл бүрээр холбогдож, хичээл, даалгавраа байршуулж, түүнтэй удирдлагууд нь танилцаж байв. Мөн сургуулийн удирдлагууд, тэнхимийн эрхлэгчид, багш нар тусгайлан хуралдаж, санал солилцож, систем дэх код, цахим хаягаар холбогдож, багшийн ур чадварт сэтгэгдэл үлдээж, оюутны хандалт, IP хаяг, тэдэнд ямар асуудал үүссэнийг хүртэл мэдэх боломжтой юм байна. Харин системээ ингэж сайжруулахын өмнө гацах, нэвтрэхгүй байх зэрэг асуудал тулгарсан гэнэ.
Энэ талаар сургалт, оюутан хариуцсан проректор Д.Анхтуяа “Зайлшгүй шалтгааны улмаас цахим сургалт явуулах болсон. Тиймээс оюутнууд бэлтгэлгүй, багш нар ч эхэндээ учир дутагдалтай байсан үе бий. Харин одоо бүх үйлдэл системд хадгалагдаж буй учир гомдол, санал ирвэл хянаж, “эзэн холбогдогч”-ийг нь тогтоож болно. Багш нарын ачаалал өмнөхөөс 2-3 дахин ихсэж, суралцагч бүртэйгээ холбогдож байна. Оюутнуудын хувьд ч гэрээсээ суралцаж буй учир хэлэлцүүлэгт оролцох, интернэт ашиглах зэрэгт хүндрэл гардаг. Энэ бүгдийг багштайгаа ярилцаж, уян хатан дүгнэх боломж олгосон. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн оюутны хандалтыг шүүж, дахин шалгалт авах, даалгавар хийх боломж олгодог” гэв. Тус сургуулийнхан нэг, хоёрдугаар давхрын танхимууддаа нэмэлт төхөөрөмж суурилуулж, багш хичээлээ ангиасаа зааж, оюутнууд руу илгээж байлаа. Мөн номын санчид нь хичээл бүрт шаардлагатай материалыг хэвлэн багш нарт өгч буй аж.
Оюутнуудын сургалтын төлбөрийг систем хөгжүүлэлтдээ зарцуулж, тэднийхээ суралцах нөхцөлийг хангасан сургууль энэ мэт байна. Харин систем нь гацдаг, хэлэлцүүлэг өрнүүлж, шалгалт өгөх боломжгүй сургуулиуд бийг оюутнууд хэлсэн.