Хилчид “Мөнхийн дархан хил” хөшөөндөө хүндэтгэл үзүүлээд манаандаа гардаг
УСАН ХИЛИЙН ХАМГААЛАЛТ
Монгол Улсын хилийн урт 8252.658 км. Үүний 901.058 км нь усан хил. Хамгийн урт усан хил буюу Буйр нуураар БНХАУ-тай 30.8 км хиллэдэг. Дорнын сувд гэж нэрлэж болохоор Буйр нуур үзэсгэлэнт байгальтай билээ. Далайн түвшнээс 583 метр өндөрт оршдог эл нуур олон улсын ус, намгархаг газрын жагсаалтад бүртгэлтэй. Манай улсын тав дахь том нуур юм. Хоёр улсын хилийн хэлэлцээрээр нуурын хойд талын багахан хэсэг нь Хятадын талд шилжсэн. Олон зүйлийн загасны агнуурын нөөцтэй энэ нуураар хилийн зөрчил цөөнгүй гардаг байсан нь саяхан. Хүчтэй, хурдан завьтай хил зөрчигчдийг манай хилчид тэр бүр саатуулж чадалгүй алддаг байж. Монгол Улсын хилийг зөрчилгүй байлгах нь хилчдийн ариун үүрэг. Тиймээс ХХЕГ-ын дарга сүүлийн гурван жилд усан хилийн хамгаалалтад биечлэн анхаарч, дорвитой арга хэмжээ авснаар энд хилийн зөрчил бараг гарахаа больсон хэмээн хилчид ярьж байна. Өндөр хөгжилтэй орнуудын усан хилийн хамгаалалтад ашигладаг орчин үеийн, хурдан, хүчтэй хөнгөн хөлөг, газар, уснаа явагчаар хангаснаар хилчид хил зөрчигдийг тухай бүр нь саатуулах болжээ. Өвөлдөө цасны мотоцикл, нохой чаргаар мөсөн дээгүүр явж хилээ хамгаалдаг. Хурандаа Э.Болдбаатар захирагчтай Мэнэнгийн хилийн отрядынхан Буйрын усан хилийг хамгаалж байна. Эдний хилчид хилээ хамгаалахаас гадна эл нууранд амарч, зугаалахаар ирсэн иргэдийн аюулгүй байдлыг хангадаг. Усан хилд үүрэг гүйцэтгэдэг тул бие бүрэлдэхүүнээ аврах ажиллагаанд байнга хамруулж, өндөр чадвартай усчин хилчидтэй болжээ. Хил хамгаалалтад нохой чарга ашигладаг нь ганц эднийх. Хаски үүлдрийн нохдоо өөрсдөө сургаж, чаргыг нь ХХЕГ-ын харьяа инженерийн ангийнхан хийж өгсөн аж. Чарганы нохдоо эхний үед аялал жуулчлалын компанийнхнаас авдаг байсан бол одоо өөрсдөө үржүүлж, сургадаг болжээ. Энэ ангийнхан мөн л тусгай томилгоот бүлэгтэй. Тэр бүлэг нь газар, уснаа явагчаас эхлээд туулах чадвар сайтай хүчирхэг машинтай. Эзэмшиж буй зэвсэг техник нь тусгай ангийнхнаас дутах юм алга.
Газар, уснаа явагчтай хилчид
ДОМОГТ ХАЛХЫН ГОЛЫН ОТРЯДААР
Дорнын их талыг туулж баралгүй хээр хоносон саран, ургах улаан нартай айлсан, биесээ харан байх өглөөг үгээр хэлэхийн аргагүй. Энэ сайхан нутагт өнгөлзсөн дайснууд тэртээ он жилүүдэд довтолж, Монгол, Зөвлөлтийн дайчдад хиар цохиулсан билээ. Халхын голын байлдаанд манай хилчид оролцож, гарамгай гавьяа байгуулсан тухай сонсоогүй хүн бараг үгүй биз ээ. Энэ байлдаанд оролцсон хилчдээс зургаан хүн Монгол Улсын баатар болж, олон арван хилчин төрийн дээд одон, медалиар шагнуулсан байдаг. Хурандаа Ж.Эрдэнэчулуун захирагчтай домогт отрядаар орлоо. ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн нэртэй командлагч, дэслэгч генерал Ш.Арвай, хошууч генерал П.Сүндэв нар энэ ангийг удирдаж байсан түүхтэй. Ангийн ажил үйлс өөдрөг сайхан байна аа. Түүхт энэ отряд Халхын голын байлдаанд оролцож, эгнээнээсээ баатар хилчид, эрэлхэг дайчин олныг төрүүлсэн юм. Тиймээс түүхт ойн жилээр Сүхбаатарын одонгоор шагнаж, төрийн гурван одонт хоёр дахь анги болжээ. Халхын голын байлдааны 80 жилийн ойд зориулан Хамар даваанд босгосон нэг хөшөө бидний анхаарлыг ихэд татав. Орос цэргүүдийн заншлаар хөшөөний дэргэд шилэн аяган дээр зүсэм хар талх тавьжээ. Шилэн аяган дотор мэдээж зуун грамм (архи) нь байсан биз. Энэ хөшөөн дээр Зөвлөлтийн Хиагтын хилийн отрядын штабын дарга асан, хошууч А.Е.Булыгагаар удирдуулан Халхын голд тулалдсан 502 хилчний нэрийг сийлжээ. Халхын голд Зөвлөлтийн хилчид тулалдсан гэдгийг саяхныг болтол мэддэггүй байсан. Яагаад тэгж нууцалдаг байсан юм бол бүү мэд. Энэ тухай “Өнөөдөр” сонины анхдагчдын нэг, сэтгүүлч, хилчин хурандаа Д.Баасанжаргал орос нөхдөөсөө сонсож, тэдний өгсөн түүхийн баримтыг олонд ил болгосон юм. Тэрбээр энэ тухай “Өнөөдөр” сонинд дэлгэрэнгүй нийтлэл бичсэн билээ.
Хүчтэй, хурдтай цасны мотоциклтой болсноор хилийн зөрчил эрс багасжээ
Халхын голын байлдаанд Зөвлөлтийн хилчдийг оролцуулах шийдвэрийг маршал Г.К.Жуков гаргажээ. Илүү сонор сэрэмжтэйн дээр шөнө шар шувуу шиг хардаг, тулалдах чадвартай хүмүүс бол хилчид гэдгийг тэрбээр мэддэг байж. Тиймээс Зөвлөлтийн Хиагт, Мангут, Даурын хилийн отрядаас 502 хилчин дайчилж, хошууч А.Е.Булыгагаар удирдуулсан байна. Халхын голд ирсэн орос хилчид Г.К.Жуковын командын байрыг хамгаалах, гармын аюулгүй байдлыг хангах, дайсны гэнэтийн довтолгоог няцаах үүрэгтэй байж. Мэдээж тэд энэ үүргээ сайн биелүүлсэн төдийгүй тулалдаанд оролцжээ. Домогт Хайлааст манхан дунд байх багахан толгойг Ремизовын өндөрлөг гэж нэрлэдэг. Үзсэн хүнд бол толгой ч гэж дээ, овоолсон элс гэмээр. Гэсэн ч энэ багахан толгойн төлөө ширүүн тулалдаан болсон гэдгийг Халхын голын дайны түүхийг уншсан хэн ч мэднэ. Эргэн тойрныхоо манхнуудаас үл ялиг өндөр энэ толгойг эзлэх нь тулалдагч талуудад стратегийн ач холбогдолтой байсан болоод тэр. Ремизовын гэж нэрлэдэг энэ өндөрлөгийг өдөр нь Зөвлөлтийн цэргүүд эзлээд шөнөдөө дайсанд алдчихаад байж. Тиймээс маршал Г.К.Жуков шөнийн тулаанд гарамгайгаар нь хилчдийг байлдаанд оролцуулжээ. Эцэст нь өндөрлөгийг эзлэн авсан юм. Энэ өндөрлөгийн төлөөх тулалдаанд Зөвлөлтийн 100 хилчин оролцож, 30 нь амь үрэгджээ. Амь үрэгдсэн хилчдийн олонх нь толгойдоо буудуулсан байсан юм гэдэг. Учир нь тэд тулаанд орохдоо “Бид явган цэрэг биш, хилчид. Хилчид дуулга өмсдөггүй юм” гээд хилчин малгайгаа өмсөөд тулалдсан юм гэсэн. Зөвлөлтийн хилчдэд зориулсан гэрэлт хөшөөг Халхын голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан босгосон нь хоёр улсын хилчид, ард түмний дайчин нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болжээ.
Буйрын хилчид нохой чаргатай явж хилээ хамгаалдаг
Хайлааст манханд, нэгэн сайхан дэнж дээр босгосон, сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй бас нэгэн гэрэлт хөшөөг “Мөнхийн дархан хил” хэмээхүй. Харуул зангиас эхлээд Ардын хувьсгал, социализмын үеийн болон орчин цагийн хилчид гар гараасаа барин эх нутгийнхаа дөрвөн зүг, найман зовхист харуулдан зогсох хөшөөний санаа, дээр нь сийлсэн үгийг тухайн үеийн хилийн цэргийн командлагч өөрөө бичиж өгсөн аж. Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд, жирийн алба хаагчаас эхлээд удирдах бүрэлдэхүүн нь хил хамгаалалтад гарсан өөрчлөлт, хилчдийн ахуй хангамж эрс сайжирсаныг ХХЕГ-ын даргаар хоёронтоо томилогдон ажилласан хошууч генерал Ц.Сэргэлэнгийн санаачилсан, хэрэгжүүлсэн ажлын үр дүн хэмээн бахдан ярьж байлаа. Газар нутаг бол тусгаар улсын хамгийн том баталгаа. Тусгаар улс минь оршин байгаа цагт хил байх нь гарцаагүй. Хил байгаа цагт түүнийг хамгаалах хилчид байх нь маргаангүй билээ.