2020 оны гуравдугаар сарын 17, Багануур дүүрэг. Аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах газар
Түүж цуглуулах, ангилан ялгах, дахин боловсруулах гээд асуудал дагуулж, шийдэл нэхдэг нь хог хаягдал. Манай улс 7.6 мянган га талбайг хамарсан 390 цэгт жилд дунджаар 3-4 сая тн хог хаядаг гэсэн судалгаа бий. Үүний 90 орчим хувийг хог хаягдлын төвлөрсөн цэгт булж, 10 гаруй хувийг нь дахин боловсруулдаг. Дээрх тоо баримт нь манай улс хог хаягдлаа дахин боловсруулж, ашиг хүртэхдээ тааруу гэдгийг илтгэнэ. Энгийнхийгээ дахин боловсруулж чадахгүй манайханд аюултай хог хаягдлаа “мөнгө болгоно” гэдэг бараг үлгэр. Хог хаягдлын тухай хуульд зааснаар тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтан, байгаль орчинд богино болон удаан хугацаанд хортой нөлөө үзүүлдэг, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдгийг аюултайд тооцохоор заасан байдаг. Ийм хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах талаар олон жил ярьсан ч өнөөг хүртэл үр дүнд хүрсэнгүй. “Сум орон нутгийн иргэд газраа өгөхгүй байна” гэж Засгийн газар гомдоллож, “Бидний газар нутгийг хордуулах гэлээ” гэж иргэд дургүйцсэнээс болж эл ажил урагшилдаггүй аж.
...Нутгийн иргэдийн хэлж буйгаар уг газар нь Хэрлэн голын ай савд, багтдаг тэгш, өвс ногоо сайн ургадаг, бохирдвол экологийн тэнцвэр алдагдах өндөр эрсдэлтэй гэнэ. Хэрэв энэ газарт аюултай хог хаягдал булшилбал хэдхэн жилийн дараа Хэрлэн гол төдийгүй газрын гүний усанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэлээ...
Уг нь аюултай хог хаягдлыг булшлах, дахин боловсруулах төвлөрсөн цэг манай улсад дутагдаж байгаа. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд жилдээ 10 мянган тонн аюултай хог хаягдал гардаг. Үүний 10 орчим хувийг нь л дахин боловсруулдаг юм билээ. Бид аюултай хогийг аккумляторын шингэн, эм, эмнэлгийн хэрэгслийн хаягдал төдийхнөөр төсөөлж болохгүй. Аюултай хог хаягдлын 500 орчим төрөл бий. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гар утас, техник хэрэгсэл, тэр ч бүү хэл гэр хорооллын айлуудаас гардаг үнс хүртэл энэ ангилалд багтдаг. “Аюултай хог хаягдлынхаа 40-50 хувийг дахин боловсруулж чадвал байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөө буурна” гэж “Монгол Улсын аюултай хог хаягдлын менежмент, цаашид авах арга хэмжээ” олон улсын бага хурлын үеэр гадаадын олон судлаач онцолсон байдаг. Гэвч бид 10 хүрэхгүй хувийг нь дахин боловсруулдаг бөгөөд үлдсэнийг нь хадгалах, булшлах цэг алга. Бидний хаясан аюултай хогийг зориулалтын дагуу хаяж, хадгалж чадахгүй, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэж, устгадаг компаниудын цуглуулсан хаягдал Нарангийн энгэр дэх хогийн цэгт ил хөглөрч байгааг манай сонин өмнө нь хөндөж байсан. Тэгэхээр дахин боловсруулах үйлдвэрүүдийн мэдэлд очдоггүй аюултай хаягдлууд ландшафт, далд устгал нэрийн доор хогийн цэг нэртэй хяналтгүй бүсэд ил, задгай хаягдаж, байгаль орчин бохирдуулж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс л аюултай хог хаягдлыг устгах цэг манайд нэн шаардлагатай байгаа юм.
Засгийн газар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 337 дугаар тогтоолыг өнгөрсөн оны наймдугаар сарын 28-нд баталсан. Тодруулбал, “Багануур дүүргийн III хорооны нутаг дахь 10 га, Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төв цэвэрлэх байгууламж”-ийн дэргэд 22 га газрыг аюултай хог хаягдал, лаг боловсруулах, булшлах, устгах байгууламж барих зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицол, талбайн хэмжээг хавсралт ёсоор баталсугай” гэжээ. Уг тогтоолыг олон нийтэд ил зарлаагүй. Тогтоол батлахдаа иргэдээс яагаад санал аваагүй талаар БОАЖЯ-ны ажилтнуудаас тодруулахад “Манай улсад аюултай хог хаягдал булшлах цэг зайлшгүй шаардлагатай. Тохирсон газрыг нь сонгохоор иргэд дургүйцээд, бослого гаргах нь холгүй байдаг. “Манай аймаг, суманд барихгүй шүү, өөр газар барь” гэдэг. Тиймээс Засгийн газар өнгөрсөн онд нууц тогтоол гаргаж, албадан барихаар болсон. Ийм төрлийн хаягдлыг булшлах газар манай улсад нэг биш, хэд хэд байх ёстой. Бид судалгаа шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргаж байгаа. Хүмүүс манай аймаг, сумд л барихгүй бол хаана ч байсан яах вэ гэдэг. Гэхдээ адилхан л Монгол Улсын газар нутаг учир хамгийн боломжтойд нь барих болно. Мөн энэ төрлийн хог хаягдлыг булшлах, боловсруулахдаа технологийн дагуу, мэргэжлийн хүмүүс хийх учир санаа зоволтгүй. Иргэд дан ганц өөрсдийн нутаг, ус гэхгүй, нийт иргэдийн эрх ашгийг бодолцох хэрэгтэй. Бид энэ төрлийн хогоо булшлахгүй энгийнхтэйгээ нийлүүлээд ил, задгай хаяад байвал маш олон сөрөг үр дагавартай” гэлээ. 2016 онд Төв аймгийн Эрдэнэ сум болон нийслэлийн нутаг дэвсгэрт аюултай хаягдал устгах зориулалтын цэг байгуулах төсөл, төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулсан юм. Гэвч иргэд нь эсэргүүцсэн учир ажил эхлээгүй, тэгсхийгээд л өнгөрсөн билээ.
Дээрх тогтоол батлагдсанаар нийслэлийн Багануур дүүргийнхнийг багагүй сандаргаад амжжээ. Тэнд оршин суудаг 30 000 иргэний эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна гэх хардлага тэдний дунд бий. Тэд ийн хардах нь арга ч үгүй биз. Засгийн газар иргэдийн саналыг сонсолгүй нууц тогтоол гаргасан, аюултай хог хаягдлын цэг байгуулснаар эерэг болон сөрөг тал нь юу болохыг урьдчилан мэдээлээгүй тул эсэргүүцэж байгаа гэнэ. Тус дүүргийн иргэд бидэнд хандсаны дагуу аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах гэж буй газрыг зорилоо. Нутгийн иргэдийн хэлж буйгаар уг газар нь Хэрлэн голын ай савд, багтдаг тэгш, өвс ногоо сайн ургадаг, бохирдвол экологийн тэнцвэр алдагдах өндөр эрсдэлтэй гэнэ. Хэрэв энэ газарт аюултай хог хаягдал булшилбал хэдхэн жилийн дараа Хэрлэн гол төдийгүй газрын гүний усанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэлээ. Хан Хэнтийн нуруунаас эх авсан Хэрлэн гол уг дүүргийн 14 км нутаг дэвсгэрээр урсан өнгөрдөг. Аюултай хог хаягдлын цэгийг Багануур дүүрэгт барихыг эсэргүүцэж буй иргэн Н.Мөнгөншагай “Бид тогтоол батлагдсаныг өнгөрсөн оны есдүгээр сард мэдээд эсэргүүцлээ илэрхийлэн уриалга гаргасан юм. Засгийн газар бидэнд мэдэгдэлгүй тогтоол гаргаж, зүгээр ч нэг газар биш Хэрлэн голын ай савын өвс ургамал сайтай 10 га талбайг авах гэж зүтгэж байна. Гэр бүлийнхэн минь энэ нутагт гурван үеэрээ амьдарч байна. Манай улсад аюултай хог хаягдал булшлах газар зайлшгүй хэрэгтэй байх. Гэхдээ үржил шим сайтай, голын хөндийд байрладаг, бохирдвол экосистем нь муудах ийм эмзэг газрыг сонгосон нь буруу. Мэргэжлийн байгууллагуудаар нь судалгаа шинжилгээ хийлгэж байж л энэ газрыг сонгосон байх. Иргэдэд мэдээлэл өгөхгүй байгаа нь буруу. Мэдээлэл хомс учраас янз бүрийн хардлага төрж, эсэргүүцэх нь аргагүй шүү дээ” гэв.
Дээрх цэгийг байгуулах газрыг хэрхэн сонгосон талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга С.Аригуунаас тодрууллаа. Тэрбээр “Уг газрыг яагаад сонгосныг мэдэхгүй. Ер нь бол аюултай хог хаягдлын цэг байгуулахтай холбоотой мэдээлэл манайд байхгүй. Уг төсөл манай Захирагчийн ажлын албанд хамааралгүй болоод удаж байгаа. Барилга, хот байгуулалт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан мэдэх байх” гэсэн юм.
Аюултай хог хаягдлыг булшлахын тулд БОАЖЯ-ныхны хэлсэнчлэн аюулгүй, найдвартай байгууламж, дэвшилтэт технологи шаардлагатай. Харин ийм байгууламж барих, иргэдийг хаягдлын хор нөлөөнөөс хамгаалах ёстой газрыг БХБЯ-ныхан сонгоно. Энэ талаар тус яамны хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтан Р.Улам-Оргихоос тодруулахад “Зураг төсөл нь батлагдсан. Гэхдээ мэдээлэл өгөх хүн одоохондоо алга” гэв. Иргэдийн эсэргүүцэлтэй дахин нүүр тулахгүйн тулд эрх бүхий байгууллагынхан ямар шалгуурын дагуу уг газруудыг сонгосноо тайлбарласан бол тустай сан. Харамсалтай нь, бие бие рүүгээ асуудлаа “шидэцгээсэн” тэдний дунд аюултай хог хаягдал булшлах цэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүн нэгээхэн ч байсангүй. Хэрэв дээрх дүүргийн иргэдийн хэлсэнчлэн Засгийн газар Хэрлэн голын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргасан бол хариуцлагыг нь хүлээх үү.
Манай улс удаан задардаг, органик бохирдуулагчийн тухай Стохолмын, Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих Базелийн конвенцод нэгдсэн. Мөн 2002 онд Өмнөд Африкийн Иохннесбург хотод хуралдсан дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтаас 2020 он гэхэд химийн бодисын тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтаас үүдэлтэй эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг бодисын үлдэгдлийг бууруулах талаар хамтран ажиллах хэлэлцээ байгуулсан байдаг. Дээрх гэрээ, хэлэлцээр, конвенцуудад манай улс нэгдэн орж, аюултай хог хаягдлын асуудалд анхаарч эхлээд даруй 10 гаруй жил өнгөрсөн боловч өдийг хүртэл дорвитой хийсэн ажил байхгүй байгаа нь харамсалтай. Төр, иргэдтэйгээ газраа булаалцаж байх хооронд аюултай хог хаягдал бидний амьдарч буй орчин, ирээдүй болсон үр хүүхдүүдийн амь насанд сөргөөр нөлөөлсөн хэвээр. Тиймээс шийдвэр гаргагч байгууллагынхан аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах газраа оновчтой сонгох хэрэгтэй байх.