Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өчигдөр өндөрлөж, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 44 дэх түрүүгээ хүртлээ. Энэ сард 35 нас хүрсэн их аварга 44 дэх удаагаа Японы Эзэн хааны цомыг гардан авч өөрийн түүхэн амжилтаа ахиулсаар байна.
Осака хотноо болсон хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал их аварга Какүрюү М.Анандыг давж 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлжээ.
Их аварга Какүрюү М.Ананд 12 давж, гурван унаатайгаар энэ удаагийн башёг өндөрлүүллээ. Тэмцээн Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 75 жилийн хугацаанд анх удаа коронавирусийн улмаас үзэгчгүй явагдсан юм.