Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр (2020.03.20) АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлгийг энэ сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны харьяа болгон шилжүүлсэн юм.
Салбарын сайд сургалтын эмнэлгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонсож, холбогдох шийдвэрийг танилцууллаа.
Хүний нөөц хангалттай бэлтгэгдсэн ч санхүүжилтээс болж зарим тоног төхөөрөмжөө ашиглаж чадахгүй байгаагаа эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа. Түүнчлэн эмнэлэг дээр өр үүсч, эм, урвалж бодис, эмнэлгийн хэрэгслийн дутагдалд оржээ.
Энэ талаар Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ " Эхний ээлжинд эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа урсгал зардлыг Засгийн газар, холбогдох яамд хамтран шийдвэрлэнэ. Түүнээс гадна дутагдалтай байгаа 10 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног, төхөөрөмжийг Дэлхийн банкны санхүүжилтээр шийдэхээр болж байгаа, Сангийн яам холбогдох хэлэлцээрийг хийсний дараа ажлыг нэн даруй эхлүүлнэ. Бусад төхөөрөмжид шаардлагатай 2.3 тэрбум төгрөгийн асуудлыг төсөвт суулгаж өгсөн. Эхний ээлжийн өрийг дарах 800 сая төгрөгийг Сангийн яам ирэх долоо хоногт хуваарьт өөрчлөлт оруулж шийднэ" гэлээ.