Эдүгээ цагт хамгийн өндөр, чанартай боловсролыг аль аль улс олгож байна вэ. Тэд сургалтын хөтөлбөр, заах арга, боловсролын салбарын бодлого, хөрөнгө оруулалт, хүний хөгжлийн онцлогоо хэрхэн судалж, хэрэгжүүлснээр амжилтад хүрэв. “Өнөөдөр”-ийн хэлэлцүүлгээр энэ удаад боловсролын “хувьсгал”-ыг амжилттай өрнүүлж чадсан улс орнуудын туршлагаас тоймлон хүргэе.
...Уламжлалт арга буюу танхимын сургалт нь мэдлэг, чадвар олж авахад чиглэдэг. Харин шинэчилсэн хөтөлбөр нь тухайн хүүхдийн авьяасыг нээж, чадвартай болгон, ажлын байранд бэлтгэх зорилготой аж...
Европын орнуудын гол бодлогыг энгийнээр тайлбарлавал, иргэн бүрийн 3-22 насны хүмүүжил, хөгжил, соёл, мэдлэг, ур чадварыг бүх шатны боловсролын байгууллага нь “хариуцдаг”. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд цэцэрлэг, бага, дунд, ахлах сургууль, коллежид суралцан, бие хүн болж төлөвшин төгсөөд, ажилд орж, амжилт гаргах, хангалттай цалин авч, өөрийнхөө бие, сэтгэл зүйн онцлогийг танин мэдэж, авьяасаа хөгжүүлж, сэтгэл хангалуун амьдрах боломжийг боловсролын салбар нь бүрдүүлэх үүрэгтэй. Ийм хариуцлагатай системтэй болсон нууц нь боловсролын хувьсгалыг үе шаттайгаар хэрэгжүүлсэнд оршдогийг салбарын судлаачид дүгнэжээ.
Боловсролын хувьсгал эхлүүлэх санаачилгыг АНУ-ын эрдэмтэд гаргаж, XX зууны дунд үеэс улс даяараа хэрэгжүүлсэн аж. Ингэхдээ бүх шатны боловсролын байгууллагын тухайн үеийн нөхцөл байдлыг өөрчилж эхэлсэн байна. Үүний дараа Европын улсууд АНУ-ын хувьсгалыг өөрсдийн онцлогт тохируулан нэвтрүүлснээр өдгөө Барууныхан дэлхийн шинжлэх ухааны түүхэн нээлтийн эзэд, мэдээллийн технологи, программ хангамж, эдийн засаг, бизнесийн салбарын удирдагч болжээ. Юуны түрүүнд тус бүс нутгийнхан боловсролын салбараа бэхжүүлсэн учир хүн амын нэг үе нь дараагийнхдаа “багшилж”, судалгаа, шинжилгээнүүдийг дэлгэрүүлж, шинэ салбар, нээлт хийх боломж олгодог бөгөөд өдөр бүр ажил алба нь төвөггүй урагшилдгийг хэлье.
АНУ-ын Боловсролын яамныхан сурах үйл явцын хамгийн чухал гурван хүчин зүйл болох сургалтын хөтөлбөр, багшийн арга барил, мэдлэг эзэмших үйл явцад анхаарч, шат шатны боловсролын байгууллагыг нэгдсэн стандарт, нэг хөтөлбөр, нэг бодлогын доор удирдаж эхэлсэн аж. Боловсролын салбарт баримтлах бодлогоо шинэчилж, ном, сурах бичиг, сургалтын байгууллагуудын стандартыг мөрдүүлэн, 1990-ээд оноос цахим сан байгуулсан байна. Ингэснээр бүх мужид дээрх стандартыг мөрдүүлэх салбар институт байгуулж, ерөнхий боловсролын хувийн болон улсын сургуулиудыг хянах болжээ. Түүнчлэн сурагчдын эрхийг хамгаалах тухай хууль, бага, дунд, дээд боловсролын, боловсролын байгууллагуудын бүтцийн, оюутны тэтгэлэг олгох акт зэргийг үе шаттайгаар баталж, хэрэгжүүлсэн аж. Бага, дунд боловсролын зардлыг Засгийн газраас нь санхүүжүүлж, тухайн үед нэг хүүхдэд жилд ойролцоогоор 2000 ам.доллар зарцуулж эхэлжээ. Энэ дүн өдгөө 12 000 ам.доллар болж өссөн байна. Мөн XX зууны төгсгөл үед эрдэмтэд, багш нар, оюутнуудын судалгааны ажилд улсаас нь эрчимтэйгээр тэтгэлэг олгож, мэдлэг, чадвартайг нь дэмжих бодлого баримталжээ.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэх, ёс зүйг эрхэмлэхэд чиглэсэн сургалттай бол бага сургууль нь уран зохиол, бичиг үсгийн боловсрол, дунд сургууль нь математик, байгаль, нийгмийн шинжлэх ухааны мэдлэг олгох зорилготой. Харин ахлах сургуулийн хүүхдүүд авьяас, сонирхлоо таньж мэдсэн байдаг учир ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ хичээлүүдийг сонгон судалж, төгсөлтийн шалгалтаа өгч, коллеж, эсвэл их сургуульд элсдэг. Үүнийгээ К-12 буюу цэцэрлэгээс ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар анги хүртэлх боловсрол олгох систем гэж нэрлэдэг. 1983 оноос математик, хими, биологийн гэх мэтчилэн хичээл бүрийн ахлах багш нар нэгдэн, шалгалтын жишиг загвар боловсруулж, мөрдөх болов. Түүнчлэн Америкийн боловсролын хамгийн чухал ойлголт болох академик сургалтын арга хэлбэрийг мөрдсөн байна. 1996 он гэхэд тус улсын бүх сургууль академик сургалтад шилжсэн байв. Энэ хэлбэрээр тухайн хүүхдийн сэтгэхүй, бие физиологи, танин мэдэхүй, нийгмийн ойлголтыг цэцэрлэгт байхаас нь хөгжүүлснээр шинжлэх ухаанч хандлагатай болж, шүүмжлэлт сэтгэлгээ өргөжих, улмаар өөртөө итгэлтэй болох давуу талтай аж. Түүнчлэн танхимын сургалтыг аль болох бага байлгаж, дадлага, туршилт, уралдаан гэх зэрэг сонирхолтой байдлаар хичээлээ заадаг болжээ. Уламжлалт арга буюу танхимын сургалт нь мэдлэг, чадвар олж авахад чиглэдэг. Харин шинэчилсэн хөтөлбөр нь тухайн хүүхдийн авьяасыг нээж, чадвартай болгон, ажлын байранд бэлтгэх зорилготой аж. Мөн үргэлж техник, технологийн шинэ ололтыг ашиглаж, аливааг хүүхдэд харуулж, сонсгож, мэдрүүлж, туршилт хийлгэх зэргээр аль болох бүх мэдрэхүйг нь хөгжүүлдэг байна. Боловсролын хувьсгалын нэг шийдэл нь сурагч төвтэй сургалт. Уг шийдэл нь хүүхдийг урамшуулах хэлбэрээр сургаж, авьяас, чадварыг нь нээж, зоригжуулж, бусадтай бус, өөрийнх нь ахицаар харьцуулан дүгнэх юм. Тус улсын боловсролын хувьсгал XX зууны төгсгөл үе гэхэд өрнөж дууссан бөгөөд их төрөлтийн үеийн хүүхдүүд шинэ хөтөлбөрөөр суралцаж, ур чадвартай ажиллах хүчин болжээ.
Боловсрол бол эдийн засгийн хөгжил, техник, технологийн ололт амжилт, шинжлэх ухааны дэвшил, нийгмийн тэгш, улс төрийн тогтвортой байдал, ажил эрхлэлтийн түлхүүр гэдэгт тус улс анхаарч эхэлсэн нь энэ. Мөн багшийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг тогтмол дэмжин, цахим санд байршуулсан нэгдсэн төлөвлөгөө, агуулга, арга хэлбэрээр хичээлээ зааж эхэлснээр тэдний ачаалал багасаж, үр бүтээмжтэй ажиллах боломж бүрджээ. Түүнчлэн өндөр оноотой төгсөгчдийг багшийн мэргэжлээр үнэ төлбөргүй сургаж, эгнээндээ элсүүлэв. Хувийн компаниуд ч ахлах болон их, дээд сургуулийн шалгалт, уралдаан тэмцээнд өндөр үзүүлэлт гаргасан хүүхдүүдийг дэмжиж, их сургуульд сургах зардлыг нь гарган, төгссөнийх нь дараа ажилд авах болжээ. Их сургуулиуд нь чөлөөт сонголтын буюу либерал арт системээр хөгжиж, тухайн оюутан эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, амжилттай ажиллахад чиглэдэг аж.
Боловсролын чанар, үзүүлэлтээрээ дэлхийд үнэлэгддэг өөр нэг улс бол ХБНГУ. Өдгөө тус улс 83 сая гаруй хүн амтай, хувийн болон улсын 340 орчим их, дээд сургуультай. Их, дээд сургуулиудын ихэнх нь сургалтын төлбөргүй. Ахлах сургуулиа төгсөөд заавал коллежид суралцах ёстой бөгөөд ингэснээр мэргэжлээрээ хангалттай цалинтай ажиллах боломж олддог. Өөрөөр хэлбэл, дахин их сургуульд гүнзгийрүүлэн суралцаж цаг алдалгүй, мэргэжлээрээ ажиллах боломжтой. Энэ нь Германы боловсролын салбар тухайн иргэнд заавал нэг чаддаг зүйл байгааг илрүүлж, чадваржуулдаг онцлогтой холбоотой. Тус улс боловсролын хувьсгалыг 1980 оноос эрчимжүүлсэн бөгөөд салбарын стандартуудыг баталж, нэгдсэн төв сургалтын системтэй болжээ. Бага, дунд сургуульд 20 гаруй хичээл ордог бөгөөд хүүхдийг үндэсний ухамсартай болгох, хариуцлагатай, шинжлэх ухаанч хандлагатай байхад чиглүүлэн хөгжүүлсэн байна. Хувийн болон улсын ерөнхий боловсролын, коллеж, их сургуулиудыг салбарын холбоод, мужийн холбогдох институцууд бүрэн хянасан бөгөөд магадлан итгэмжлэгдэхэд ч хатуу шаардлага тавьжээ.
Бага, дунд, ахлах сургууль төгсөх, их, дээд сургуульд элсэх шалгалтыг “чангаруулж”, өндөр оноотой суралцагчийг тэтгэлгээр дэмжих, хангалтгүй үзүүлэлттэйд нь давтах цаг олгодог болсон байна. 1990 оноос тус улсын мэргэжлийн холбоод коллежуудтай хамтран салбарын ажиллах хүчний “үйлдвэрлэл”-д анхаарч эхэлжээ. Сурагчид дунд сургуулиа төгсөөд академик бус, зуучлалын, академик, судалгаа гэсэн дөрвөн чиглэлээр сургалтын системээ сонгон, мэргэжлийн чиг баримжаагаа олж авдаг. Өөрөөр хэлбэл, судлаач, хөдөө аж ахуйн ажилчин, эмч болох, эсэхээ академик, академик бус, компани, байгууллагад ажиллах бол зуучлалын гэсэн гол чиглэлээ сонгодог болсон аж. Дунд сургууль нь 08.00-14.00 цагт хичээллэдэг бөгөөд танхимын тохижилт, үдийн цайны хөтөлбөр, хүүхдийн хөгжих боломж, номын сан зэрэгт улсаас нь санхүүжилт сайтар олгодог болж. Боловсролын яам нь нэгдсэн үнэлгээний систем нэвтрүүлж, хүүхдүүдийн сурлагын байдлыг ажиглах болсон ч үнэлгээнээс илүүтэй сурагчдын ур чадварыг дадлага, сургуулилалтаар шалгаж эхэлжээ. Тус улс нь боловсролын салбартаа өнгөрсөн жил 13 тэрбум евро төсөвлөж, төрийн өмчийн 3000 гаруй улсын сургуульд зарцуулсан аж.
Манай улс цэцэрлэг, МСҮТ, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль гэсэн боловсролын системтэй. Гэхдээ жил ирэх бүр сурагчдын дүн, элсэлтийн шалгалт өгөгчдийн онооны үзүүлэлт буурч, мэдлэг чадваргүй болж байгааг нийтээр шүүмжилдэг. Түүнчлэн сургалтын төлөвлөгөө, хэрэгжүүлж буй бодлогын баримт бичгүүд нь учир дутагдалтай байсаар ирснийг бид өмнөх дугаартаа олонтоо тайлбарласан. Иргэнээ чанартай боловсролоор хангаж, чадварлаг бие хүн болгон төлөвшүүлснээр улс орнууд ийнхүү хөгжиж байна. Ядаж ерөнхий боловсролын сургуулийн сургалтын системд өөрчлөлт оруулж, сурагчдад мэргэжлийн чиглэлээ зөв сонгон суралцах боломж бүрдүүлье.