Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 20-доор болсон хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэд хэдэн хүний нэрийг Элчин сайдаар томилуулахаар өргөн барьсан билээ. Тэдний дунд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цэнгэлийн нэр буй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэгт шалгуулж яллагдагчаар татагдсан түүний гадаад хэлний мэдлэгийн талаар тухайн үед олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байв.
Тэгвэл МАН-ынхан, тус намын эрх бүхий албан тушаалтнуудын нөлөөгөөр Ц.Цэнгэлд холбогдох, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргийг нь хаахаар болж, прокуророор батлуулсан талаар хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Болгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн Ц.Цэнгэлийг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-аас өнгөрсөн оны намар баталсан юм. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт үйлдэн, утаа бууруулах хөрөнгөөс хувийн компани руу удаа дараагийн гүйлгээгээр шилжүүлсэн хэрэгт яллагдагчаар тооцсон талаар бид өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ны дугаартаа “Эрүүгийн хэргийн яллагдагчийг Элчин сайдаар томилж болох уу” гарчгийн дор уншигчдадаа хүргэсэн билээ. Тийнхүү удаа дараагийн гүйлгээгээр хувийн аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлсэн мөнгөөрөө БОАЖЯ-ны шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэсэн байдаг. Тодруулбал, тус яамын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн тушаалаар Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 42 сая төгрөгийг 4-5 удаагийн гүйлгээгээр гаргаж хувийн компани руу шилжүүлж, тухайн аж ахуйн нэгжээсээ бэлнээр нь мөнгөө гаргуулан авсан нь АТГ-ынхны шалгалтаар тогтоогдсон юм. Тиймээс Ц.Цэнгэлд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаад байв.
Бэлтгэсэн: Г.Равжаа