АН-ын дэд даргаар ажиллаж байгаад Төрийн ордонд цаг бусаар нас барсан Г.Батхүү агсны хүү, охин болон тэдний өмгөөлөгчид эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай зарим мэдээллийн хэрэгслээр цацах болов. Талийгаачийн хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд олон нийтэд хандан хэвлэлийн бага хурал хийж, “Энэ хэргийг гаднын нөлөөтэй гэж үзэж байна. Аавын минь баруун нүд маш том хөхөрч хавдсан байсан. Гэтэл аав маань газарт зүүн талаараа унасан. Хүзүүнд нь үүссэн улайлт заамдалтын улмаас тогтсон” хэмээн мэдэгдсэн билээ. Харин цахим мэдээллийн хэрэгслүүд “Хэвлэлийн хурлын үеэрээ хуурамч мэдээлэл тараасан, мөрдөн байцаалтын нууц задалсан гэж цагдаагийн байгууллага үзэн, тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ” гэсэн мэдээлэл цацсан юм. Энэ талаар цагдаа болон прокурорын байгууллагын эх сурвалжуудаас тодруулахад “Хэргийг шалгаж буй МБА-ны холбогдох хэлтсийн мөрдөгч нь нэр бүхий хүмүүст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, улмаар яллагдагчаар татах санал гаргасныг прокурор хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Зарим мэдээллийн хэрэгсэлд бичсэн эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг нь ташаа” гэсэн юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа