УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлосныг бид цаг тухайд нь мэдээлсэн билээ. НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, улмаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тус шүүхэд хүргүүлсэн юм. АТГ-ын Мөрдөн шалган хэлтсийн мөрдөгчдийн явуулсан шалгалтын явцад тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан нь тогтоогдсон гэж прокурор үзсэн юм. Улмаар гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн тул өмгөөлөгчтэй нь хорих ял тохиролцсон байдаг. Ингэхдээ Б.Батзоригт нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, нэг жил хорих ял оноох, хохирол гаргуулахгүй, хуулийн этгээдийг хариуцагчаар татах шаардлагагүй гэж тохиролцсон аж. 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэн прокурор саналаа шүүхэд хүргүүлсэн ч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа хянан хэлэлцээд “Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзэн хурлыг энэ сарын 17-ны 10.00 цагт хийхээр товлож, шүүгдэгч Б.Батзоригт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Бэлтгэсэн: Г.Равжаа