Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны 61 тоот тогтоолоор Улсын аварга малчин, тариаланч, фермерүүдийг шалгаруулсан билээ. Улсын аварга фермер, Сонгинохайрхан дүүргийн XXXII хорооны иргэн Баасанжавын Мандахын сүүний чиглэлийн үхрийн фермийг зорилоо. Тэднийх ам бүл дөрвүүл, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул. Түүний гэргийг Б.Батсүрэн гэдэг. Тэд долоон туслах ажилтны хамт фермийнхээ цаг наргүй ажлыг “нугалдаг” юм байна. Хашаанд нь фермийнх нь урт байр, сүү хүргэх машин, хөргүүр, өндөр гэгч нь овоолж, хураасан өвс, трактор, монгол гэр, нэг давхар модон байшин байв. Б.Мандахынх 2004 онд нийслэлийг зорин, одоогийн хашаандаа суурьшиж, хар тарлан саалийн үнээ хоёрыг худалдаж авснаар өдгөө 150 гаруй үхэртэй болсон фермийнхээ суурийг тавьжээ.
Гадаадаас сүүний сайн үүлдрийн үхэр худалдаж авахад өртөг өндөр тул дотоодод оруулж ирсэн хүмүүсээс тугал худалдан авч, хаа сайгүй саалийн үнээ эрж, үүлдрээ сэлгэснээр удмыг нь сайжруулсан байна. Ийнхүү 16 жилийн турш тэд өглөө бүр 05.00 цагт босож, үнээгээ сааж, тэжээл өгөх нэгэн хэвийн уйтгартай хэрнээ олон түмнийг байгальд ээлтэй, цэвэр сүүгээр ундаалах нэр хүндтэй, “хөлс үнэртсэн” ажил хийж байгаагаараа бахархдаг хэмээсэн юм. Тугаллах үнээ болон бяруу, гунж, сувай үхрээ өөр газарт маллуулдаг. Төллөхөөр нь фермдээ авчирдаг байна.
Фермд хар тарлан зүсмийн 84 саалийн үнээг хоёр эгнээнд зэрэгцүүлэн уясан байв. Үнээнүүд нь дөрвөн улирлын турш тасралтгүй тугалладаг бөгөөд энэ нь фермийн үйл ажиллагааг хэвийн, ашигтай явуулах үндэс аж. Учир нь үнээ бүр жилийн 365 хоногийн турш ижил хэмжээний сүү “өгдөггүй” ба ойролцоогоор хоёр сарын хугацаанд ширгэж, эргээд тугаллах зэргээр “ээлж сольдог” гэнэ. Нэг үнээ өдөрт дунджаар 14 литр сүү өгдөг аж. Франц, Хятад үүлдрийн үхрүүд нь том биетэй, зарим тохиолдолд хоёр удаа саахад 36 литр сүү гардаг юм байна. Б.Мандахынх “Сүү” хувьцаат компанид сүүгээ нийлүүлдэг аж. Өдгөө 40 гаруй үнээ сааж, өдөрт 500 гаруй литр сүү тушааж байгаа гэнэ. Жилд 80 гаруй үнээ тугалладаг байна. Сүүний тогтсон ханш байдаггүй учир нэг литрийг нь зун 800, өвөл 1200 төгрөгөөр худалддаг аж. Цахилгаан саалтуураар өдөр бүр 06.00, 17.00 цагт үнээгээ сааж, ногоон тэжээл, дарш, өвс, хивэг, шаараар “тэжээдэг” байна. Фермийн шал нь цемент бөгөөд үхрүүдийн урд тэжээлийн сав байрлуулж, ус, шингэн тэжээлээ тусгай хоолойгоор урсгаж, түүн рүү хийж байлаа. Үнээнийхээ дэлэнг нэгбүрчлэн арчиж, дөрвөн цахилгаан төхөөрөмжөөр ээлжлэн сааж харагдав. Цахилгаан саалтуурт тусгай төмөр сав байрлуулсан бөгөөд түүнээсээ хөргүүрт аваачиж, хийдэг аж. Хөргүүр нь сүүг үргэлж хутгаж, дөрвөн градусын дулаан байлган, гашилахаас сэргийлдэг гэнэ. Б.Мандах зуны цагт нэг хоноод, өвөл бол хоёр өнжөөд сүүгээ тушаадаг байна. Үнээгээ зургадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 1 хүртэл хойд талынхаа уул руу бэлчээдэг ч ган гачигтай үед тэжээхээс өөр аргагүй болдог гэнэ. Уг нь фермийн үнээг жилд 60 хоног бэлчээвэл экологийн цэвэр сүү үйлдвэрлэсэн гэж олон улсын жишигт үздэг аж.
Фермийн үнээ төллөчихөөд тугалаа долоож, хөхүүлэхийг мэдэхгүй. Тугалыг нь өдөрт хоёр удаа угжиж, тэжээл өгдөг аж. Хашаанд нь хар тарлан 20 гаруй тугал байлаа. Үнээнийх нь ялгадсыг “Чийгийн улаан” бордооны үйлдвэрийнхэн өглөө бүр ирж авдаг гэнэ. Улсаас хуваарийн дагуу тус фермийн үхрүүдийг шүлхий, боом, цахлай гээд олон өвчний вакцинд хамруулж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг аж. Зургаан сар тутам хийдэг шүлхийн вакцинд энэ сарын 7-нд хамруулжээ.
Фермерийн аж ахуйд тулгарч буй бэрхшээл, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар Б.Мандахтай ярилцлаа.
-Сүүний үүлдрийн фермээ хөгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, фермийн аж ахуй эрхлэх нь нэг талаар сайхан. Бэлчээрийн мал аж ахуй эрсдэлтэй шүү дээ. Байгаль, цаг уурын нөхцөл байдал хувьсаж, экологи доройтож буй энэ цагт нэг өвлийн зуднаар бүх малаа алдаж ч болно. Гэхдээ ферм, тэр дундаа сүүний чиглэлийнхийг хөгжүүлэхэд багагүй бэрхшээл учирдаг. Тухайлбал, сүүний өртөг буурсаар байна. Хэдэн жилийн өмнө дэлгүүрүүдэд “Coca cola”-гийн ундаа 800 төгрөгийн үнэтэй байхад би сүүгээ нэг литрийг нь 1200 төгрөгөөр зардаг байсан. Гэтэл өнөөдөр сүүний минь үнэ хэвээр, ундааных өссөн. Ферм бол шавхагдашгүй баялаг. Энэ салбар олон мянган хүнийг тэжээж буй. Гэтэл үүнийг дэмжих ямар ч бодлого байдаггүй. Бид сүүгээ борлуулах гэж аж ахуйн нэгжүүдээс “гуйдаг”. Манайд импортоор хуурай сүү ихээр орж ирдэг учир компаниуд фермерүүдээс сүү авах сонирхолгүй, ханшийг нь бууруулдаг.
Баримтлах ёстой хэм хэмжээгээ мөрдөж, биелүүлээд байхад л сүү авдаг байгууллагууд янз бүрийн шалтаг тоочиж, буцаадаг. Би ч яах вэ, хөргүүртэй машинтай. Жижиг фермийнхэн, иргэд сүүгээ сүүдэр бараадуулж тавьчихаад хэзээ хүн авахыг хүлээж харагддаг нь харамсалтай. Импортын хуурай сүүг хязгаарлачихвал манайд сүүний фермүүд хөгжинө. Олон залуу манай салбарт хөл тавьж байна. Төр, засгаас нь фермийг бүх талаар дэмжиж, санхүүжилт олгодог болчихвол гадаадад хэдэн сар, жил хадгалсан хуурай сүүг монголчууд хэрэглэх үү. Фермээ арай ядан босгож, сүүгээ гашилгалгүй өгчих юм сан гэсэн зүтгэлтэй хүмүүсийг дэмжих дотоодын стандарт, журам хэрэгтэй. Олон улсын стандартын гэх тодотголтой, зөвхөн дулаан орнуудад л ашигладаг дээвэртэй фермийг дуурайлган Монголд барьж, алдагдал хүлээсэн тохиолдол олон байна. Монгол орон эрс тэс уур амьсгалтай учир битүү хашаатай байх шаардлагатай шүү дээ. Сүүгээ тушаасны дараа л сэтгэл амардаг юм.
-Танайх энэ жил хэдий хэмжээний тэжээл бэлтгэсэн бэ. Фермерүүдийг төрөөс огт дэмждэггүй юм уу?
-Аль болох хямд буюу ногоон тэжээл, дарш, шаар, хивэг зэрэг тэжээлийг сонгож, намар худалдаж авдаг. Заримдаа өөрийн эзэмшлийн 18 га болон найз нөхдийн талбайн тодорхой хэсэгт ногоон тэжээл тариалдаг. Хур элбэгтэй, ургац сайтай жилд хадлангийнхаа 50-60 хувийг өөрөө хадаж, 40 хувийг худалдаж авдаг. Ногоон тэжээлийн үрийг ОХУ-аас оруулж ирдэг. Энэ жил үрийн үнэ нэлээд өсөхийг саяхан болсон Монголын фермерүүдийн холбооны хурлаар хөндсөн. Бүрэн найрлагатай буюу малд шаардлагатай бүхий л аминдэм, эрдэс бодис агуулсан тэжээлийн үнэ дийлдэхгүй юм. Манайд ч үүнийг хийдэггүй, хааяа хятадууд хийж, зарж байгаа харагддаг. Нэг саалийн үнээнд жилд гурван тонн өвс ногдохоор бодож тэжээлээ бэлтгэдэг. Намар банкнаас зээл авч, хямд байхад нь авахгүй бол өвөл, хавар үнэ нь хэд дахин өсчихдөг. Хааяа холбогдох яам, Тамгын газрынхан олон улсын фермерүүдийн хамт манайхыг зорьж, бидний үйл ажиллагаатай танилцдаг. Тэд “Миний аавын фермер 60 жилийн өмнө таныхтай адил байсан” гэдэг шүү. Үхрийнхээ тэжээлийг нэмэгдүүлж, фермийнхээ барилгыг өөрчилбөл ашиг олох боломж их байна гэж зөвлөдөг. Даанч тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, ферм барих төсвийг бодлогоор дэмждэггүй учир яаж ч чадахгүй юм. Гадаадынхны фермүүдэд улсаас нь төсөв өгч, дэмжиж, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ард иргэдээ хангаж байна.
-Хүмүүс фермд ажиллах хүсэл сонирхолтой байдаг уу. Танай туслахууд хэр удаан ажилласан бэ?
-Ганц хатуу үг хэлэхэд “Болилоо” гээд явчихдаг хүн олон. Тогтвортой ажиллах хүн олдохгүй юм. Нэг гэр бүлийн хоёрыг хоол хүнс, түлшээр хангаж, сард 1 400 000 төгрөгийн цалин олгодог. Удаан ажилласан бол цалинг нь сард 100 000 төгрөгөөр нэмээд өгдөг. Ажлын найман цагийг нь баримтлуулах гэж хичээдэг. Гэсэн ч хүмүүс ажиллах дургүй. Зурагтаар гадаадын фермүүдийн ажилчид сард 16 сая төгрөгийн цалинтай ажилладаг тухай гарахаар тэд минь гутрах юм. Бэлчээрийн мал аж ахуй шиг эрсдэлтэй биш учир манай салбарыг дэмжвэл хангалттай цалинтай ажлын байр бий болгож, олон хүнийг тэтгэх боломжтой. Цахилгаан тасарчихвал үнээгээ гараараа саах, шингэн тэжээлээ нэгбүрчлэн хийж өгөх гээд их ажил ундардаг.
Өнгөрсөн жил нэг литр сүү тутамд урамшуулал олгоно гэж сүүний фермерүүдийг горьдоосон ч таг чиг болсон, мөн жилд дөрвөн тонн хуурай сүү импортлохыг зөвшөөрдөг байсан бол энэ жилээс зургаа болгож ихэсгэснийг Б.Мандах шүүмжлэв. Хоёр тонныг импортлосноор 16 сая литр сүүг дотоодын фермүүдээс авахгүй аж. Түүнчлэн дээрх урамшууллын сургаар компаниуд сүү худалдан авах үнээ ч бууруулжээ.
Тус фермд дээрхээс гадна бэрхшээл мундахгүй. Тодруулбал, анх 2004 онд хотын захад газар авч, фермээ өргөжүүлсэн ч өдгөө айлуудын дунд байрлаж, мал байлгахгүй гэх эсэргүүцэлтэй тулгарах болжээ. Тиймээс буурь сэлгэе гэсэн ч дахин ферм босгох хөрөнгөгүй учир яаж ч чадаагүй гэв. Зуны цагт үхрээ бэлчээх үед хулгайд алдчих вий гэж тархиа гашилгадаг байна. Бүр фермээсээ нэг үнээгээ хулгайлуулж, хэрэг нь илрээгүй тохиолдол ч бий аж.
Б.Мандахын фермд олон асуудал тулгардаг ч эрхэлсэн ажилдаа эзэн болж, улам өргөжүүлж, хүүдээ өвлүүлэх хүсэлтэй явдгаа тэрбээр онцолсон юм. “Үнээгээ гадаад, дотоодын олон үүлдрийнхтэй эрлийзжүүлж, сүүний гарцыг нь сайжруулж, салбараа хөгжүүлэх хүсэл тээн өдөр бүр хөдөлмөрлөж явна. Монгол хүн морь сонирхдог шиг үхэрт “дурлаж”, үржүүлж, ахиухан сүү сааж, машиндаа ачин хөдлөх шиг сайхан юм үгүй” гэв.