Зэрлэг амьтны тархац нутаг багассанаас үүдэн нийслэлийн суурьшлын бүсийн айлуудын хашаанд өмхий хүрнэ, буга, могой, дорго зэрэг амьтан орж ирэх нь сүүлийн жилүүдэд ихэсжээ. Он гарснаас хойш суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн дөрвөн дуудлага бүртгэгдсэн тухай нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлсэн юм. Стандартын дагуу бариагүй хашааны төмөр торонд амьтад тээглэж, гэмтэх нь их байдаг аж.
Гэмтсэн амьтдын 80 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж бэртдэг гэнэ. Өнгөрсөн сарын 21-нд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг, “Найрамдал” төвийн орчим 3-4 орчим настай халиун буга хашаан дээгүүр харайх гэж байгаад төмөрт зоогдож үхжээ. Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “1-3 дугаар сард цас их орсноос үүдэн халиун буга, бор гөрөөс өвс, тэжээлгүй болж ядарч туйлддаг. Гудамжны нохдод хөөгдөж, хүнээс айж үргэхдээ өндөр хашлага дээгүүр харайж зугтдаг. Даанч иргэд ан амьтанд ээлтэй, стандартын дагуу хашаа бариагүйгээс болж бэртэж гэмтэж байна. Тиймээс иргэдийг хашаагаа стандартын дугуу барихыг уриалъя” гэв.
Нийслэлийн Байгаль орчны газар “Зэрлэг амьтан асрах төв”-ийг 2017 онд байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 83 дуудлага хүлээн авч, 43 амьтныг эмчилж, байгальд нь буцаан тавьсан байна. Ташрамд дурдахад, Улаанбаатар хот орчимд шувууны 227, хөхтөн амьтны 51 зүйл нутагладаг ба энэ нь 2016 оныхтой харьцуулахад 19.5 хувиар өссөн үзүүлэлт аж.