Гарал үүслийн гэрчилгээнд заагдсан хэмжээнээс хэтрүүлэн мод бэлтгэсэн, аюулгүй тээвэрлэх журам зөрчсөн хүмүүсийг Экологийн цагдаагийн албаныхан илрүүлжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутагт өнгөрсөн пүрэв гарагт хийсэн шалгалтаар мод ачсан гурван тээврийн хэрэгсэл зөвшөөрсөн хэмжээнээс илүү бэлтгэсэн зөрчилтэй байв. Мод ачсан машинуудыг тус дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтэст саатуулан үргэлжлүүлэн шалгаж байна. Уг машинуудыг Сэлэнгэ аймгийн харьяат О, Ч, Улаанбаатар хотын иргэн С нар жолоодон явж байжээ. Зөвшөөрөлгүйгээр мод огтолсон, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан зөрчил гаргасан тохиолдолд 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноодог.
Мөн Сүхбаатар дүүргийн XI хороо, “Хангай” хотхоны хажууд энэ сарын 5-нд цөмийн пуужингийн хурдасгуур хийхэд ашигладаг цацраг идэвхт бодисын өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдахаар тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.
Иргэн П, Б, Д, Н, А нарын бодис тээвэрлэж явсан автомашинд үзлэг хийж, гадуураа төмөр хайрцагтай, шилэн савлагаатай, химийн бодисыг эд мөрийн баримтаар хураан авч ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын газарт хүлээлгэн өгсөн гэнэ.
Бэлтгэсэн: Ж.Туул