МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогтын санаачилгаар “МоАХ-ны бүсгүйчүүд” нэртэй ном гаргажээ. Тус номыг Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн аж. Ингэснээр тухайн үеийн үйл явдлыг залуу үеийнхэнд таниулах, тэмдэглэн үлдээх ач холбогдолтой гэнэ.
МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэцэцэг “1989 оны сүүлчээс өдий хүртэл итгэл үнэмшилдээ тууштай зүтгэсэн эмэгтэйчүүдийг сонгож, энэ номд оруулсан” гэдгийг онцоллоо. Тэр дундаа Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг угтаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зохион байгуулсан уралдаанд тэргүүн байр эзэлсэн манай сонины Гэрэл зургийн албаны дарга Э.Харцагын ээжийнхээ тухай өгүүлсэн “Ардчиллын бичээч” нийтлэлийг уг номд багтаасан байна. Түүний ээж Ц.Ганчимэг ардчиллын анхдагч лидерүүдийн хэлэлцэж, шийдвэрлэсэн бүх ухуулга, сурталчилгааны материал, төлөвлөгөө, бодлого чиглэлийн эхийг бичгийн машин ашиглан бичиж, боловсруулдаг байжээ.
Бэлтгэсэн: Г.Жавхлан