2019 онд 22.4 сая толгой төл бойжуулан, 2019 оны эцсийн мал тооллогын дүнгээр малын сүргийн тоо 70.9 сая толгойд хүрч өслөө. Өнөөгийн байдлаар нийт нутгийн 60 хувь нь цастай байгаагаас улсын хэмжээнд 8 аймгийн 32 сум цагаан зудын, 15 аймгийн 41 сум цагаанаар зудархуу байдалтай байна.
Тодруулбал 3 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Ховдын баруун өмнөд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1.0-39.0 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Завханы Тосонцэнгэлд 39.0см, Завханы Их Уулд 38.0 см, Увсын Малчин, Завханы Цагаан-хайрхан, Улиастай, Баянтэс, Архангайн Өлзийтөд 32-33 см, Завханы Яруу, Түдэвтэй, Тэс, Увсын Түргэн, Хяргас, Хөвсгөлийн Жаргалан, Галтад 24-29 см, Увсын Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Завханы Баянхайрхан, Алдархаан, Идэр, Түдэвтэй, Тэлмэн, Сэлэнгийн Бугат 20-22 см, Хөвсгөлийн Чандагат, Булганы Баян-Агт, Хэнтийн Дадалд 15-17.0 см зузаан цастай байна.
Зудын байдалд үнэлгээ хийхэд 2 дугаар сарын 20-ны байдлаар Увсын Малчин, Улаангом, Тэс, Түргэн, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Завханы Нөмрөг, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй, Эрдэнэхайрхан, Баянхонгорын Галуут, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Өвөрхангайн Хархорин, Булганы Тэшиг, Хэнтийн Баян-Овоо, Өлзийт, Хэрлэн, Сүхбаатарын Асгат, Сүхбаатар, Түвшинширээд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг Архангай, Булган, Орхон, Завхан, Хөвсгөл, Увс аймгуудад ажиллаж улсын нөөцийн 2303 тн өвсийг үнэгүй, 2025 тн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох, Завхан, Архангай, Өвөрхангай, Увс аймгийн Онцгой байдлын газар, Орхон, Завхан, Хөвсгөлийн 3 сум тус бүрт 1 буюу нийт 7 автомашин олгох шийдвэр гаргасан байна. Онцгой байдлын улсын комисс орон нутагт ажиллаж улсын нөөцөөс өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувь хямдруулан олгох ажлыг зохион байгуулсан нь хаваржилт хүндрэх төлөвтэй аймгуудад мал аж ахуйн хаваржилтын байдлыг тогтворжуулах арга хэмжээ болж байна.
Өнөөгийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 5862 тн өвс, 4134 тн тэжээл байна. Аюулгүй нөөцийг Баян-Өлгий аймгаас бусад аймгууд малчдад борлуулах ажлыг зохион байгуулж байна. Аюулгүй нөөцийн өвсийг дунджаар 5500 төгрөг, тэжээлийг 11800 төгрөгөөр малчдад хүргэж байна.
Аймгуудын зах зээл дээр өнөөгийн байдлаар 2379 тн өвс, 1544.5 тн тэжээл худалдаалж байна. Өвсний үнэ 4000-13,000 төгрөг, тэжээлийн үнэ 11,500-26,000 төгрөгийн хооронд аймгаас хамаарч харилцан адилгүй байна.
Энэ оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар гурилын үйлдвэрүүдээс авсан судалгаагаар 6100 тн хивэг агуулахад байна. Үүнээс “Улаанбаатар гурил” ХХК 3000 тн, “Алтан тариа” ХК 1500 тн, “Милл хаус” ХХК 1000 тн, “Од групп” ХХК 600тн хивэгний нөөцтэй байна.
Аймаг, орон нутгаас авсан мэдээгээр хаваржилтад 5500 тн өвс, 3000 тн тэжээл шаардлагатай байна. Одоогийн байдлаар улсын болон орон нутаг, үйлдвэрт байгаа тэжээлийн нөөцийг харахад өвс, тэжээлийн хангамж хүрэлцээтэй байхаар байна.