Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд өндөр өндөр орон сууц, янз янзын нэртэй хороолол, хотхонууд сүндэрлэсээр байгаа нь сайхан. Гэвч тэдгээр хороолол, хотхонтой холбоотой нэг асуудал сэтгэлийг минь ихэд чилээх боллоо. Учир нь юу вэ гэвэл сүүлийн үед барилгын компаниуд олон мянган хүнтэй орон сууц, хорооллыг төлөвлөхдөө ашгаа бодохоос биш, сургууль, цэцэрлэгийн барилгыг орхигдуулсаар ирсэн.
...Залуусыг эх орондоо ажиллаж хөдөлмөрлөхөөс татгалзахад хүргэдэг нэгэн далд нөлөө нь сургуулийн хомсдол гэж боддог. Гадаад оронд өндөр боловсрол эзэмшсэн, ажил мэргэжлийн ур чадвартай болсон зарим нэг залуу нутагтаа (ялангуяа Улаанбаатарт) ирж ажиллахдаа сургууль, цэцэрлэгийн байдлыг ихээхэн харгалздаг юм билээ...
Уршгаар нь нийслэлд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хомсдол нүүрлэлээ. Энэ талаар би хурал, зөвлөгөөний үеэр олонтоо хэлж байснаас гадна одоогоос 11 жилийн өмнө буюу 2009 онд “Ерөнхий боловсролын сургуулийн бодит байдлаас ирээдүй харагдана” гэсэн өгүүлэл бичиж, нийтлүүлж байлаа. Түүнээс хойш сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнд дорвитой өөрчлөлт гарсангүй. Өдгөө Улаанбаатар хотын төрийн өмчийн төдийгүй хувийн сургуулиудын цөөнх нь л хоёр ээлжээр хичээллэж буй. Сургууль хүрэлцээгүйгээс нэг ангид дунджаар 50-70 хүүхэд суралцаж байна. Нийслэл хот нягтарч, бас өргөжин тэлсээр байгаа хэдий ч сургуульд эрлээр, цэцэрлэгт сугалаагаар үр хүүхдээ элсүүлдэг болсон.
Ард иргэд үр хүүхдээ эхлээд аль ойр байгаа сургууль (цэцэрлэг)-д, дараа нь болж өгвөл гайгүй сургалттай руу нь, эсвэл хаана ч хамаагүй олдох газарт нь, эцэст нь хувийн өмчийн янз бүрийн төлбөртэй сургуулиуд руу хандахаас аргагүйд хүрсэн айл, гэр бүл нийслэлд олон байна. Энэ нь олны нүдэнд ил байгаа асуудал бөгөөд ч цаад шалтгаан (сургуульгүй хотхон, хорооллууд), хохирол, үр дагавар (сургалтын хоцрогдол гэх мэт), шийдлийг нь яагаад онцлон дурдаж ярихгүй байна вэ.
Нийслэл хотын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хомсдол нь боловсролын хөгжил, дэвшлийн олон асуудалд шууд ба дам сөрөг нөлөө үзүүлсээр байгааг ерөнхийлөн дурдъя. Шууд сөрөг нөлөө гэвэл, наад зах нь физик, хими, биологийн хичээлийн энгийн лабораторийн туршилтыг бүрэн хийх боломжгүй байгаа. Ерөнхий боловсролын сургалтын чанараар тэргүүлж буй Сингапур, Хонконг, Япон, БНСУ, Канад, Британи зэрэг орны хэмжээнд хүрдэггүй юм гэхэд өнөө цагт бусад улс оронд хэрэгжүүлээд удаж буй дижитал болон STEM, STEAM, STREAM гээд орчин цагийн сургалтын технологийг хэрэгжүүлэх боломж маш хязгаарлагдмал юм. Мөн анги танхим, биеийн тамирын заал, задгай талбай, хоолны газар, гаднах орчин зэрэг нь стандарт шаардлага хангахгүй, багтаамжгүй, тохижилт дутуугаас болж бага насны хүүхдийн бие бялдрын зөв өсөлт хөгжилт, эрүүл мэндийн болон сэтгэл санааны олон сөрөг үр дагавар үүсгэх нэг үндэс болж байдаг.
Дам сөрөг нөлөө бүр ч олон байна. Тухайлбал, үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэх, авах гэсэн өчнөөн аав, ээж, гэрээт жолоочийн машин гудамжаар хөлхөж, ач, зээгээ хөтөлсөн олон өвөө, эмээ өглөө, өдөр, оройд том, жижиг оврын автобусаар шахцалдан явж байгаа билээ. Хотын авто замын түгжрэл, нийтийн тээврийн автобусны ачааллыг нэлээд хэмжээгээр нэмж буй хүчин зүйлийн нэг нь яах аргагүй энэ мөн. Цаашлаад хамгийн үнэт зүйлийн нэг гэгддэг цаг хугацааг хүүхэд, хөгшидгүй замын түгжрэлд өнгөрөөх нь хувь хүнд төдийгүй улс орны хөгжилд ч ямар нэг байдлаар нөлөөлж буй.
Сургууль хүрэлцээгүйн улмаас гэрээсээ хол газар унаатай, унаагүй, гэрэлтэй, гэрэлгүй зам, гарцаар явж буй хүүхэд хэчнээн олон бол. Тэд янз бүрийн эрсдэлд өртөх нөхцөл, магадлал өндөрсөх нь мэдээж. Сургуулиудын хэт ачаалал, сургуулийн захирал, менежер, багш сурган хүмүүжүүлэгчдийн ажлыг тэр хэмжээгээр нэмэгдүүлж, хүндрэл бэрхшээл учруулж, улмаар нэр хүндэд муугаар нөлөөлөх болсон.
Сургуулийн хомсдолоос болж сайн сургууль руу хошуурсан их урсгал бий болдог. Энэхүү урсгал дотор өглөг, хахууль өгөх хүн, дундаас нь завших гэсэн зуучлагч нар олноор “хөвж”, тэдэнд зарим нэг нь өртсөнөөр шударга үнэнчээр ажилладаг удирдах ажилтан, багш нарын нэр хүнд давхар унаж байна. Улмаар тухайн сургууль, цэцэрлэгийн олон жил уламжлагдсан амжилтыг сааруулах нэгэн хүчтэй хүчин болжээ. Улсын урдаа барьдаг томоохон сургуулиуд энэ урсгалд илүү өртсөөр байна. Цаашдаа шинэлэг маягийн сургуулиудад ч нөлөөлж болзошгүй.
Залуусыг эх орондоо ажиллаж хөдөлмөрлөхөөс татгалзахад хүргэдэг нэгэн далд нөлөө нь сургуулийн хомсдол гэж боддог. Гадаад оронд өндөр боловсрол эзэмшсэн, ажил мэргэжлийн ур чадвартай болсон зарим нэг залуу нутагтаа (ялангуяа Улаанбаатарт) ирж ажиллахдаа сургууль, цэцэрлэгийн байдлыг ихээхэн харгалздаг юм билээ.
Түүнчлэн олон залуу гэр бүл, айл өрхийн амьдралын зардал өсөхөд нөлөөлж байна. Адаглаад л өдөр бүрийн бензин, түлшний үнэ. Улсын сургууль олдохгүй болохоор хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийг төлөхөөр авсан өр зээл гээд захаас аван их юм бий. Улсын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс болж стандарт хангаагүй, ашгийн төлөө зүтгэсэн хувийн сургууль, цэцэрлэг олширсон зэрэг зөвхөн сургуулийн хүрэлцээнээс үүдсэн өчнөөн сөрөг нөлөөллийг дурдаж болно.
Утааг сайжруулсан түлшээр, түгжрэлийг дүүжин зам гэх мэтээр засаж болох бол шахалдсан хотынхоо сургууль, цэцэрлэгийг яаж барих вэ? Боловсролын реформын олон асуудлын нэг болох энэ асуудлыг юуны урьд шийдчихээд улмаар дэлхийн жишигт хүрэх арга замаа ярих хэрэгтэй болов уу. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг сэн.
Гавьяат багш Ц.ГҮРРАГЧАА