Манай улсын иргэн А.Адъяа болон Д.Амарсанаа нарыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан хэрэгт буруутган анхан шатны шүүхээс хорих ял оноосон талаар бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний дугаартаа мэдээлсэн. Тэднийг харийн тагнуулынханд дамжуулах зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл цуглуулж байсан үйлдлийг Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд илрүүлсэн байдаг. Улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар тэднийг гадаадын нууц албаныхантай хамтран ажиллаж буйг нотлох баримтаар тогтоосон аж. А.Адъяа, Д.Амарсанаа нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 5-нд хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэм буруутайд тооцон нээлттэй хорих ангид найман жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, А.Буяндэлгэр, Л.Батжаргал нар шүүхийн шийтгэх тогтоолыг эсэргүүцэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг өчигдөр хэлэлцлээ. Улмаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа