ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга хурандаа О.Зоригт, ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс энэ оны эхний хоёр сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар өчигдөр мэдээлэл хийв. Энэ хугацаанд 1734 хүн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаагаас 4.4 хувь буюу 76 нь хүүхэд гэнэ. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 44.9 хувийг 18-29 насныхан эзэлсэн бөгөөд тэдний 53.3 хувь нь ажилгүй гэнэ. Энэ оны эхний хоёр сарын байдлаар хулгайлах гэмт хэрэг 3.8, дээрэмдэх гэмт хэрэг 16.3 хувиар буурсан дүн гарчээ. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1.4 хувиар буурсан гэнэ. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар 383 226 зөрчил гарч, 38 391- ийг нь цагдаагийн байгууллага шалгаж, шийдвэрлэжээ. Нийт зөрчлийн 93.2 хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн тохиолдол аж. Цагаан сарын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Энэ үеэр 5869 дуудлага хүлээж авсны 168 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн дуудлага өнгөрсөн оны баярын өдрүүдтэй харьцуулахад 7.2 хувиар буурсан аж. Харин гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 35.3, зам, тээврийн ослынх 54.3 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна. Хулгайн хэрэг 53, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 32 гэмт хэргийг илрүүлсэн бол архидан согтуурч байгаад нэгнийгээ хутгалж, аминд нь хүрсэн гурван тохиолдол бүртгэгджээ.
Бэлтгэсэн: О.Алуунгуа