Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний хоёр сарын байдлаар гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020.02.23-27-ны өдрийг хүртэлх хугацаанд гарсан гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт хэлэхдээ “2020 оны хоёрдугаар сарын 23-27-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй 186, зөрчлийн шинжтэй 5,649 буюу нийт 5,835 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгалаа.
Баяр, амралтын өдрүүдэд гарсан гэмт хэргийн тухайд, хүнийг алах 4, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 32, хүчиндэх 5, хулгайлах 53, дээрэмдэх 2, залилах 1, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 14 гэмт хэрэг бүртгэгдэж, золгүй байдлаар улсын хэмжээнд нийт 16 хүн нас барсан байна" гэж хэлэв.
Дэлхийн олон оронд хурдацтай тархаж буй COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд буюу 2020 оны хоёрдугаар сарын сүүлийн 15 хоногт хүлээн авсан гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.4 хувиар буурсан статистик үзүүлэлт гарсан байна.