- Сурах бичгүүдийн зөрчилдсөн агуулга сурагчдыг төөрөлдүүлж байна –
Монголчууд баялаг түүхээ ирээдүй хойчдоо гуйвшгүй үнэнээр нь уламжлан, өвлүүлж чадахгүй байгааг бид өмнөх нийтлэлээрээ шүүмжилсэн билээ. Түүхийн мэдлэг олгох үүрэгтэй сургалтын хөтөлбөр, сурах бичгүүд нь эл үүргээ гүйцэтгэхээ больж, нэр томьёоноосоо өгсүүлээд баримтын алдаатай зохиогдсон нь дээрх шүүмжлэлд хүргэсэн хэрэг. МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, түүхийн ухааны доктор, профессор Ц.Гантулга “Ерөнхий боловсролын түүхийн хичээлийн зорилго нь сурагчдад өөрийн болон бусад улс үндэстний түүхийг ойлгож, хүндэтгэх, эх орныхоо өв соёлыг эрхэмлэн дээдлэх, хамгаалах, бахархах, сурвалж баримтыг судлан шинжлэх, хэрэглэх ерөнхий чадвартай болгож төлөвшүүлэх. БСШУСЯ болон Боловсролын хүрээлэнгийнхэн 2014 оноос бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн, хэрэгжилтийг хянах үүднээс өнгөрсөн хугацаанд олон судалгаа хийсэн ч үр дүнг нь практикт нэвтрүүлэх, ажил хэрэг болгох талд төдийлөн амжилт гаргахгүй байгааг анхаарах шаардлагатай” гэсэн юм.
Сүүлийн 30 жилд боловсролын салбар шинжлэх ухааны ололт, амжилт, техник, технологийн хөгжлөөс ангид, хоцрогдсоор ирснийг нийтээрээ мэднэ. Тиймдээ ч эдүгээ бүх шатны боловсролын байгууллагын чанар муудаж, оюутан, сурагчдын сурлагын амжилт буурсаар буй. Судлаач, эрдэмтэд эл салбарт он удаан жил бугшсан “идээ бээр”-ийг өргөс авахтай адил амархан “шахах” боломжгүй гэдэг. Гэхдээ ийм шалтгаанаар хэдий болтол ам таглан, аргацаах билээ. Холбогдох албаныхан 2014 оноос хойш сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурах бичгүүдийг засаж, сайжруулсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй, алдаа мадаг нь арилаагүйн наад захын жишээ бол дунд, ахлах ангийн түүхийн номууд юм.
СУДЛААЧИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ХЭВШЭЭГҮЙ ХЭЛЛЭГ НЭВТЭРСЭЭР
Сурах бичгийн агуулгыг энгийнээр тайлбарлавал, танин мэдэхүйн хөгжлийн үе шат, боловсролын түвшин, нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, анги, бүлэг, сэдэв хоорондын залгамж холбоог хангасан байна. Харин арга зүй нь тухайн агуулгыг эзэмших суралцагчийн танин мэдэхүйн чадвар, дадалд нийцсэн байх учиртай. Бас нэг чухал шалгуур нь сурах бичгийг сургалтын хөтөлбөртэй цогц, уялдаа холбоотойгоор зохиохыг стандарт “шаарддаг”. МУБИС-ийн багш, түүхийн ухааны доктор, профессор Ц.Гантулга “Манайхан түүхийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийг боловсруулахдаа Монголын түүхийг гол болгож, дэлхийн түүхийн бүх агуулгыг бус, түлхүүр үйл явдал, тулгуур асуудлуудыг судлах зарчим барьж, баримт, мэдээллийг судлан шинжлэх, эрэл хайгуул хийх аргаар сурагчдыг бие даан хөгжүүлэхийг удирдлага болгосон байдаг. Гэхдээ Боловсролын хүрээлэнгийнхний судалгаагаар, тус хичээл суралцахуйн зорилт олонтой, агуулгын багтаамж ихтэй, цагтаа багтдаггүй хэвээр байна.
Анги хооронд мэдлэг эзэмшүүлэх үйл явц дутмаг, агуулга нь хэт гүнзгий, шинэ ухагдахуун, нэр томьёо ихтэй, сэдэв хоорондын залгамж холбоо муу, агуулгууд давхацсан зэрэг дутагдал байсаар. Өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд явуулсан хэлэлцүүлгийн дүнгээс үзэхэд, түүхийн сургалтын хөтөлбөр, сурах бичигт Монголын болон дэлхийн түүхийн агуулгыг үечлэн, нэгтгэн оруулсныг шүүмжилсэн. Ингэхдээ дэлхийн түүхийн зарим хүнд агуулгатай сэдвийг хасах санал гаргасныг салбарын удирдлага анхааралдаа авах хэрэгтэй. Түүнчлэн сурах бичигт хувь судлаачийн үзэл баримтлалыг тусгах, нийтээр хүлээн зөвшөөрөөгүй буюу хэрэглэж хэвшээгүй нэр томьёог оруулах болсон нь багш, сурагч, эцэг, эхчүүдийг төөрөгдүүлж байна. Үүнийг мөн анхаарлын гадна орхиж болохгүй. Ерөнхий боловсролын түүхийн сургалт нь мэргэжилтэн, судлаач бэлдэх зорилготой бус, эх түүх, өв соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэх үзэл сэтгэлгээтэй, эх оронч, зөв монгол иргэн төлөвшүүлэхэд чиглэх учиртай” хэмээсэн.
“БУДДЫН ШАШИН ЭНЭТХЭГТ ДЭЛГЭРСЭН, ДЭЛГЭРЭЭГҮЙ”
Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал нь “Бүгдийг бус, чухлыг нь” гэдэг ч бүх хичээлийн сурах бичгийн агуулгын багтаамж их, сурагчдад итгэл, үнэмшил, үнэт зүйл төлөвшүүлэх, мэдлэг, чадвар, чадамж суулгах боломж хомс хэвээр. Тэр тусмаа түүхийн хичээлийн агуулгууд уйтгартай, хэт тоочсон, он дараалсан, иргэний болон соёл иргэншлийн тухай ойлголт дутмаг байгааг судлаачид шүүмжилсэн. Тиймээс хүүхдүүдийг зөв монгол хүн болгон төлөвшүүлье гэвэл цаашид түүхийн хичээлийн хувь нэмрийг улам өргөх шаардлагатай аж.
Түүхийн сургалтын хөтөлбөр, сурах бичгүүд улсаас мөрддөг холбогдох дүрэм, журам, стандартыг хангаж байгаа, эсэхийг бид өмнөх нийтлэлдээ дурдахдаа VI-VIII ангийн номд хийсэн мэргэжлийн хүмүүсийн судалгаа, шүүмжээс эшилсэн билээ. Харин энэ удаад IX, X ангийн түүхийн сурах бичигт судлаачид хэрхэн анализ хийснийг товчхон сийрүүлье. У.Туяа, С.Амарсанаа, О.Батсайхан, З.Лонжид, Д.Нансалмаа, О.Оюунтунгалаг, Б.Пунсалдулам нарын хамтран зохиосон IX ангийн түүхийн ном дөрвөн бүлэг, 32 дэд сэдэвтэй бөгөөд 1911-1990 оны Монголын түүхийг хамрах аж. Түүхч Б.Батбаатарын судалснаар тус сурах бичиг эхний бүлгээсээ эхлээд алдаатай. Жишээлбэл, “Октябрын хувьсгал” хэмээн алдаршсан Оросын хувьсгалын тухай тайлбар, мэдээлэл хомс, яагаад ийн нэрийдсэнийг нь ч оруулаагүй байна. Тэрбээр “Түүхийн сурах бичгүүдэд нэг утгатай нэр томьёог олон янзаар бичсэн алдаа нийтлэг байна. Тухайлбал, Богд хаан-Богд хутагт, эрдэмтэн Хуук-Хук, Богд Жэвзүндамба-Жэвзүндамба хаан, Күнз-Конфуци гэх мэт. Мөн VI ангийн сурах бичигт “Буддын шашин Энэтхэгт ихэд дэлгэрсэн, нөлөөтэй байсан” гэсэн бол X ангийн номд “Энэтхэгт буддын шашнаас илүү хиндү дэлгэрсэн” хэмээсэн зөрүүтэй баримттай. Өөрөөр хэлбэл, анги дэвших тусам сурах бичгүүдийн агуулга зөрчилдөж буй нь хүүхдүүдийн мэдлэг олж авах боломжийг хязгаарлаж, харин ч “толгойг нь эргүүлж” байна гэсэн үг. Дан ганц сурах бичигт ч бус, түүхийн судалгаанд зарим нэршлийг одоо болтол нэг мөр болгож чадаагүй. Жишээ нь, 1911-1924 оны Монголын түүхийг Богд хаант Монгол Улс, Олноо өргөгдсөн Монгол Улс, Автономит Монгол Улс гэх мэтээр зөрүүтэй нэрлэсээр ирсэн” гэсэн юм.
IX ангийн түүхийн сурах бичиг рүүгээ эргэн “оръё”. Дэлхийн II дайны тухай бүлэг сэдэвт дайны үүсэл, үйл явдал 1929-1932 оны дэлхийн санхүүгийн хямралын тухай дутуу дулимаг мэдээлэлтэй. Гарз, хохирлыг “12.5 тэрбум” гэж тооцсон хэрнээ доллар, рубль, төгрөгийн аль нь болохыг бичээгүй нь алдаа болж. Халхын голын дайны тухай хэсэгт япончууд ямар зорилгоор Монгол руу дайрсан, дайны гол гол тулалдаан хаана, хэдийд болсон, уг дайнаас ямар баатрууд төрсөн, хоёр улс хэр хэмжээний хохирол амссан нь тодорхойгүй. Дайны үр дагавар, ач холбогдол юунд оршиж байсан зэрэг чухал баримтыг ч тус сурах бичигт оруулаагүйг Б.Батбаатар түүхч шүүмжилсэн. Эдгээр зөрчил, дутагдал нь Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих стандартын зарим заалтыг зөрчсөн. Анги бүлэг, сэдэв хоорондын залгамж холбоо байхгүй нь нэг үгийг хэдэн янзаар бичсэн, нэг үйл явдлыг олон талаас нь тайлбарласан зэргээс харж болно. Зарим сэдвийн агуулга хүнд, хэт ерөнхий, сурагчдыг уйдаах “зорилго” агуулжээ.
“500 МЯНГАН ХҮННҮ СЯНЬБИЖСАН”
З.Баасанжав, Ж.Болдбаатар, Ц.Гантулга, П.Дэлгэржаргал, Д.Наранцэцэг, Л.Алтанзаяа, Т.Алтанцэцэг, Ц.Дэлгэрсайхан нарын зохиосон X ангийн түүхийн сурах бичиг хоёр хэсэгтэй аж. Нэгдүгээр хэсэг болох Монголын түүх нь зургаан бүлэг, 23 зүйлтэй. Хоёрдугаар хэсэг буюу дэлхийн түүх мөн тооны бүлэг, 19 зүйлтэй юм байна. Ялгаатай нь, X ангийнхнаас түүхийн хичээл сонгосон хүүхдүүд л энэхүү сурах бичгийг ашиглах юм. Эл номын I бүлгийн “Монголчуудын угсаа гарвал” сэдэвт “500 мянган хүннү Сяньбижсан” гэх маш хачирхалтай тайлбар байх. Үүнийг “Сяньби улсын харьяанд орсон, бүрэлдэхүүнд багтсан” гэвэл үг сонголтын хувьд оновчтой, ойлгоход дөхөм болох байсныг судлаачид онцолсон. Мөн “Монголын хурд өнөөгийн интернэттэй адил байж” гэх ойлгомжгүй өгүүлбэр ч бий. Өмнөх ангиудын сурах бичигт Хятадын гүн ухаанчийг Күнз хэмээсэн бол энэхүү номд Конфуци гэнэ. Түүнчлэн X ангийн түүхийн сурах бичигт ашигласан зураг, газрын зургийн олонх нь зохиогчийн эрхгүй, андуу ташаа хэрэглэсэн, мэдээлэл өгч чадахааргүй, чанарын шаардлага хангахгүй байгаа аж.
Энэ мэт олон шалтгаанаас үүдэн эдүгээ нийгэм, олон нийтийн дунд эх түүхээ бүрэн дүүрнээр нь мэддэг, бахархан ярьдаг, эрхэмлэн дээдлэх хүн ховордож. Тиймээс нийтээрээ түүхийн нэгдсэн ойлголттой болохын тулд эхлээд сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулах, түүнд тохирсон маш сайн сурах бичиг зохиох гэдэгт судлаачид санал нэгдсэн. Учир нь одоог хүртэл боловсролын салбарынхан бүх хичээлийн хөтөлбөрийг тусдаа боловсруулдаг нь агуулга давхцах, холбоо хамаарал нь алдагдах үндсэн шалтгаан болсоор буй юм.
Түүнчлэн сурах бичгийн хэл, найруулга, баримт, мэдээлэл, агуулга сайжрахгүй, бүхэлдээ зохих стандарт хангахгүй өдий хүрсэн нь салбар бүрээр мэргэшсэн зохиогч цөөнтэй холбоотой. Өнгөрсөн хугацаанд “самрагсдын бүлэг” ном шинэчлэх нэрээр хуучин сурах бичгүүдийг тэр чигт нь хуулах, эсвэл хэдэн сэдвийг нь “сэлбэсэн” болоод сурагчдад нийлүүлж ирсэн нь уг тогтолцоог хэдийн өөрчлөх болсныг илтгэх биз ээ.