Монголчууд асар их түүхтэй ард түмэн. Эдүгээг хүртэлх түүх шастираараа бахархсаар ирсэн ч харамсалтай нь түүнийгээ ирээдүй хойчдоо гуйвшгүй үнэнээр нь уламжлан, өвлүүлж чадаж байгаа юу гэвэл үгүй. Ийн итгэл төгс хэлэх болсон нь мэдээж баримт, судалгаа, нотолгоотой. Ерөнхий боловсролын сургуульд VI ангиас түүхийн хичээлийг заадаг ч анги дэвших тусам сургалтын хөтөлбөр, сурах бичгүүдийн залгамж холбоо алдагдан, нэр томьёо нь хүртэл зөрдөг нь хүүхдүүдэд нэгдсэн ойлголт, мэдлэг өгөх бус, харин ч төөрөгдүүлэх болсныг судлаачид тогтоосон. Өөрөөр хэлбэл, бүх шатны боловсролын байгууллагын дагаж мөрддөг сургалтын хөтөлбөрүүдийг оюутан, сурагчдад түүхийн нэгдсэн ойлголт өгөх хэмжээнд боловсруулаагүй өдий хүрчээ.
Төр, засаг иргэнээ хүүхэд байхаас нь нас насанд нь тохирсон мэдлэг, боловсролыг сургалтын хөтөлбөрөөр дамжуулан дэс дараатай олгож, нийгмийн харилцаанд ороход бэлдэх үүрэгтэй. Гэвч манай улс эл үүргээ төдийлөн биелүүлж чадахгүй байгаагийн нэг илрэл нь олон нийтийн дунд эх түүхээ мэддэг, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх чадвартай хүн цөөрсөнд оршино. Үүнийг шат шатны боловсролын доройтол, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга хэт муудсантай холбоотойг түүхчид тайлбарласан. Тухайлбал, П.Дэлгэржаргал, У.Туяа, Б.Чинзориг, Д.Янжинжав нарын зохиосон VI ангийн түүхийн сурах бичиг нь таван бүлэг, 15 зүйлтэй. Номд Монголын болон дэлхийн эртний түүхийг багтаасан аж.
Агуулгаар нь авч үзвэл, найруулга, зөв бичих дүрэм зөрчсөн, үг сонголт оновчгүй, зарим хэллэг, нэр, томьёог дутуу тайлбарласан, газар нутаг, хот, суурин, түүхэн хүмүүсийн нэрийг олон янзаар бичсэн, тулгуур баримтуудыг гуйвуулсан зэрэг тоймгүй алдаатай зохиогдсоныг “Монсудар” хэвлэлийн газрын сурах бичгийн мэргэжилтэн, түүхч Б.Батбаатар хэлэв. Тэрбээр “Тус сурах бичгийн “Түүхийг хэрхэн судлах вэ” гэсэн I бүлэгт нэр томьёог олон янзаар хэрэглэснээ тайлбарлаагүй, он тооллын зөрүү их байна. Тухайлбал, “Цасан доорх нууц” хэмээх эртний хүмүүсийн тухай өгүүлэх хэсэг нь хэтэрхий уран зохиолын хэв шинжтэй, ашигласан эх сурвалжаа ч дурдаагүй. Шинэ чулуун зэвсгийн үеийн Өтци хэмээх хүний тухай дурдахдаа Хүрэл зэвсгийн үеийнхний зураг ашигласан байх жишээтэй. “Түүхийг хаанаас мэддэг вэ” гэсэн дараагийн хэсэгт Альпын нуруунаас Өтцийг олсон гэсэн мөртлөө өөр сэдвийн зурагтай сольсон. Мөн 3.5 сая жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийг 3.2 сая жилийн өмнөх Люсигийн зургаар төлөөлүүлсэн зэрэг алдаа гаргасан” гэсэн юм.
VI ангийн түүхийн сурах бичгийн алдаа үүгээр дуусахгүй. Төв аймагт буй Хүннүгийн язгууртны булшийг Архангайн “Гол мод-2”-ын зурагтай андуурсан. Түүхэн газрын зураг, зурган мэдээллүүд нь эх сурвалжгүй, дутуу тайлбарласан зөрчил бүх бүлэгт ажиглагдах аж. Сурах бичгийн “Эх сурвалж, түүхийг хэрхэн судлах вэ” гэсэн хэсэгт хүүхдэд ойлгомжтой болгох үүднээс сурвалж гэж юу болох, түүний дараа хэрхэн мэдээлэл олж авах талаар дурдаагүй. “Олдворуудыг археологичид илрүүлдэг гэснээ дараагийн мөртүүдэд нь түүхчид хайж олдог” хэмээн илт эргэлзээ төрүүлэх мэдээлэл агуулсныг судлаач Б.Батбаатар шүүмжилсэн. Мөн газрын зурагт археологийн олдворуудыг алдаатай тэмдэглэсэн нь хүүхдүүд дасгал ажил, гэрийн даалгавраа бие даан гүйцэтгэх боломжийг хязгаарлажээ. Жишээлбэл, Альпын нурууг газрын зурагт тэмдэглээгүй, хаана байдгийг нь заагаагүй хэрнээ аль улсын нутагт оршдогийг олох дасгал оруулсан байна.
Эдгээрээс гадна VI ангийн түүхийн сурах бичиг дэх ноцтой хэдэн алдааг товчхон сийрүүлбэл, эртний хүмүүсийн нэршлүүд тайлбаргүй, хүний хувьсал, хөгжил хэрхэн, ямар замаар явагдсан нь тодорхойгүй. Эртний хүмүүсийн нүүдлийн талаарх мэдээлэл байхгүй нь хүүхдүүдэд энэ талын мэдлэгийг цогц олгох боломжгүйг харуулна. Мөн иргэншлийн тухай хэсэгт зөвхөн суурин иргэншил үүсэж, хөгжсөн тухай дурдаад, нүүдэлчин монголчуудын иргэншлийг хэдий үеэс авч үзэх зэргийг оруулаагүй байна.
Эртний Грек, Ромын түүхэнд гардаг консул, магистрат, плебей зэрэг үгийг сурах бичигт тайлбарлаагүй, үүнийг нь 11, 12 настай хүүхдүүд ойлгохгүй нь мэдээж. Түүнчлэн МЭӨ 3000 жилийн үед үүссэн Шүмерийн шаантаг бичгийг уйгуржин монгол бичигтэй хамт нэг доор оруулсан нь хүүхдэд ташаа ойлголт өгөхөд хүргэжээ. Үүнтэй төстэй өөр нэг жишээ дурдахад, “Хүннү гүрний үед бурхны шашин дэлгэрч, эрийн гурван наадам болж байсан. Хүннүчүүд Цагаан сарын шинийн 1-нийг тэмдэглэдэг байв” гэх мэтээр тодорхой бус, маргаантай үйл явдлуудыг сурах бичигт тусгасан нь эргэлзээ төрүүлнэ. Түүхэнд байгаагүй Монгол-Татарын хаант улс гэх нэр томьёо ч бий аж.
Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавигдах стандартын 5.1.1-т “Сурах бичгийн агуулга нь танин мэдэхүйн хөгжлийн үе шат, нас, сэтгэхүйн онцлогт тохирсон боловсролын түвшин, анги бүлэг, сэдэв хоорондын залгамж холбоог хангасан байна” гэж заасан. Гэвч VI ангийн түүхийн энэхүү сурах бичиг нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохироогүйг судлаачид дээрх баримтуудаар баталсан. Тодруулбал, 11, 12 настай хүүхдүүдээр түүхэн он тооллыг бодуулах, газрын зурагт олдворуудыг тэмдэглэх дасгал ажиллуулж байгаа нь хэт хүндэдсэн даалгавар аж. Учир нь ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу газар зүйн хичээлийг VII ангиас заадаг тул эдгээр дасгал, даалгаврыг хийх мэдлэг хүүхдүүдэд хараахан суугаагүй гэсэн үг. Нөгөөтээгүүр, сурагчдыг түүх шастиртай анхлан танилцуулдаг эл сурах бичгийн агуулга нь хэт ерөнхий, хүнд байгаа нь хүүхдүүдийг энэ хичээлд дурлуулах, эх түүхээрээ бахархах сэдэл, үндсийг тавьж өгөхгүй байгааг түүхчид хэлсэн.
ЧИНГИС ХААНЫХАА ТӨРСӨН ОНЫГ “МЭДДЭГГҮЙ” ЗОХИОГЧИДТОЙ
VII, VIII ангийн түүхийн сурах бичгүүд ч мөн ялгаагүй. Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавигдах стандартын наад захын шаардлагуудыг хангахааргүй зохиожээ. VII ангийнхыг нь А.Алтанбагана, Х.Баярмаа, Ж.Гэрэлбадрах нар зохиосон юм байна. Долоон бүлэг, 36 зүйлтэй тус номд V-XV зууны үеийн түүх хамаарна. Судлаачдын дүгнэснээр, уг сурах бичиг эхний хуудаснаасаа өгсүүлээд үг, үсгийн алдаатай, цаашлаад түүхийн баримтуудыг гуйвуулсан, ерөнхий агуулга, заах цагийг тэгш бус хуваарилсан. Түүнээс гадна хэт их тексттэй, зураг, газрын зураг багатай, сэдвүүд нь онолын мэдлэг олгохоос хэтрэхгүй аж. Сурах бичиг дэх зарим алдааг нь түүвэрлэхэд, түүхэн болон газрын зургууд нь зохиогчийн эрхгүй, андуу ташаа байрлуулсан, ашигласан цөөн хэд нь мэдээлэл өгөхөөргүй, шаардлага хангахгүй байна. Дасгал, даалгавруудыг хүүхдийн сэдэл, хэрэгцээг судлаагүйгээр оруулсан. Тухайлбал, шавраар ваар, сав хийх, музейн үзмэрүүдийг ажиглаж, тэмдэглэл бичих зэрэг нь хэт ахадсан даваа аж.
Тэгвэл VIII ангийн түүхийн сурах бичгийг Ц.Гантулга, Л.Алтанзаяа, Б.Нацагдорж, Д.Пунцагсүрэн, М.Цогбаяр нар зохиосон бөгөөд таван бүлэг 30 зүйлтэй. I бүлгийн эхний хэсэгтээ л Чингис хааныхаа төрсөн оныг буруу бичсэн. Шинэ үеийн гэгдэх түүхийн он дарааллууд байхгүй. Түүхэн зүтгэлтнүүдийн намтар, гүйцэтгэсэн үүргийг сурах бичигт оруулаагүй. Мөн энэхүү бүлэгт шинэ үеийн тухай мэдэж болох эх сурвалжуудыг дурдаагүй зэрэг алдаа хөврөх аж. II бүлгийн “Монголын эзэнт гүрний задрал, бутралын үе” хэмээх сэдэвт Монголын эзэнт гүрэн яагаад задран унасан, шалтгаан, үр дагаврыг нь тодорхойлоогүй. “Төрөөс этгээд явдал”, самгарди зэрэг үг тайлбаргүй. “Хошуудын улс” хэмээн түүхэнд байгаагүй ойлголт оруулсан. Газар зүйн их нээлтүүдийн талаар заах сэдвүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичигт газрын зургийг тусгаагүй нь хүүхдэд мэдлэг олгоход хүндрэлтэй нь ажиглагдана.
Дээрх сурах бичгийн “Шашны шинэчлэл” хэмээх дэд сэдэвт реформ яагаад Германаас эхэлсэн тухай байхгүй. Германы нийгэм, эдийн засгийн хүнд хэцүү байдал, тариачдын эсэргүүцэл, тэмцэл, эзэн хааныхаа сул дорой байдлыг Ромын шашны сүм хийдүүд хэрхэн ашиглаж байсан зэрэг гол санааг гаргаагүй. М.Лютерийн шинэчлэлийн хэсэгт мөн л Ромын пап, V Карлтай хийсэн тэмцэл зэргийг оруулаагүй нь учир дутагдалтай болжээ. Ядаж монголчуудынхаа ахуй амьдралыг илтгэх бүлэг сэдвүүдэд жишээ нь, монгол гэрийн эд, хэрэглэлийн зургууд тайлбаргүй. XVI зууны үеийн монгол хүний зураг нь XII зууны язгууртных байх жишээтэй. Түүнчлэн Монголд бурхны шашин дэлгэрсэн шалтгааныг тайлбарлаагүй. “Тусгаар тогтнолоо алдах аюулд өртсөн үед шарын шашин дэлгэрсэн” гэсэн нь уг шашин монголчуудыг тусгаар тогтнуулсан мэтээр ойлгогдох.
Түүхчдийн хэлж буйгаар, Хүннү гүрний үед бурхны шашин дэлгэрсэн гэдэг нь тодорхойгүй аж. Гэтэл VIII ангийн түүхийн номд “Бурхны шашин гэж юу болох, бурхны шашинтай хүн гэж хэнийг хэлэх вэ” гэсэн асуултад “Хамгийн оюунлаг, хамгийн шинжлэх ухааны үндэслэлтэй шашин бол бурхных” гэх зэргээр шашин шүтлэгийг сурталчилсан санаа оруулсныг судлаачид сайшаагаагүй. Сурах бичигт энэ мэт хүүхдэд буруу ойлголт, сэтгэгдэл үлдээхүйц, ойлгоход хүнд, шашны гүн утга, агуулга бүхий сэдэв олон бий.
“Уг түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэж манайхан ярьдаг. Гэсэн хэрнээ түүхийн мэдлэг олгож буй сургалтын хөтөлбөр, сурах бичгүүд нь нэр томьёоноосоо өгсүүлээд алдаатай зохиогдсоныг бид харж байна. БСШУСЯ-ныхан ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг 2019 оны эхээр засаж, сайжруулан, түүний дагуу сурах бичгүүдэд засвар хийсэн. Хүндэдсэн агуулгуудыг хасаж, танан, алдаа мадгуудыг нь зассан гэх ч түүхийн сурах бичгүүд “түүхий” хэвээр. Түүхэн үйл явдлын учир шалтгаан, үр дагаврыг тодруулалгүй, сурагчдад зөвхөн мэдээ, баримт цээжлүүлж, хуулуулж байгаа нь эх түүхээрээ бахархах бус, харин ч эл хичээлээс уйдах, дургүй болох үндсийг салбарын яам, сургалтын хөтөлбөр боловсруулагчид, номын зохиогчид өөрсдөө тавьсаар байгааг юу гэх вэ. Хамгийн хачирхалтай нь эдгээрт хэн ч хариуцлага хүлээдэггүй. Хүүхдүүд хохироод хоцордог муу жишиг тогтож буйг судлаачид төдийгүй эцэг, эхчүүд шүүмжилж байна.