Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банк хамтран өнгөрсөн онд “Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгааны тайлан”-г боловсруулсан юм. Уг тайланд боловсролын салбарт 2009-2018 онд хийсэн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг тусгаж, дүн шинжилгээ хийжээ. Тайлангийн дүгнэлтэд “Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 4.3-6.5 хувийг боловсролын салбарт зарцуулж байгаа нь дэлхийн улс орнуудын дундаж жишигт хүрсэн” гэж дурдсан байв. Мөн “Салбарын төсвийн тоон үзүүлэлтүүд дэлхийн жишигт хүрсэн гэдгээр боловсролын салбарын эцсийн үр дүнг хэмжих, үнэлэх нь учир дутагдалтай” гэсэн байлаа. Монгол Улс боловсролын салбартаа зарцуулж буй мөнгө хүрэлцээтэй аж. Тэгвэл чанар нь яагаад муу гэж гоочлуулсаар байна вэ.
...Манай улсад өнгөрсөн онд 272 сургууль, цэцэрлэг, дотуур байр шинээр болон шинэчлэн барьжээ. Энэ онд 300 сургууль, цэцэрлэг, дотуур байр шинээр болон шинэчлэн барьж, их засвар хийж дуусгах гэнэ. Улаанбаатар хотод энэ жил ерөнхий боловсролын 15 том сургууль ашиглалтад оруулах аж...
Манай сонины “Боловсролын “хувьсгал”- ыг эхлүүлье” хэлэлцүүлэг энэ удаа уг салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын мэдээллийг хүргэхийг зорилоо. Тиймээс чанарын талаарх асуудлыг хойш тавья. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хөндөхдөө төсвөөс зарцуулж буй мөнгийг энэ удаад онцлов. Монголын боловсролын салбарт гадаадын улс орон, хөгжлийн түншлэгч байгууллагуудын оруулсан хөрөнгө, хандив, тусламжийн талаар хожим нийтлэл бэлтгэх болно.
Төсвөөс боловсролын салбарт хуваарилах мөнгөн дүнгийн хэмжээ байнга өссөөр иржээ. Манай Засгийн газар боловсролын салбартаа 2010 онд 522 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байв. Тэгвэл өнгөрсөн онд 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Эл салбарын хөрөнгө оруулалт сүүлийн 10 жилд 3.4 дахин өссөн байгаа биз. Гэхдээ мөнгөн дүнгийн өсөлт гол үзүүлэлт биш. Харин боловсролын салбарт зарцуулж буй санхүүжилт, хөрөнгө оруулалт төсвийн зарлагын хэдэн хувийг эзэлж байна вэ гэдэг бол чухал үзүүлэлт. Улсын төсвийн зарлагын 12.8-16.9 хувийг боловсролын салбарт сүүлийн 10 жилд зарцуулсан байв. Уг салбарт 2010 онд манай улс төсвийнхөө 16.9 хувийг зарцуулж байжээ. Тэгвэл 2016 онд төсвийнхөө 12.8 хувийг зарцуулсан нь сүүлийн 10 жилийн хамгийн бага дүн болжээ. Боловсролын салбарт оруулж буй хөрөнгийн төсвийн зарлагад эзлэх хувь ерөнхийдөө тогтвортой байсан гэж болно.
Өндөр хөгжилтэй орнууд нийт төсвийнхөө 20 орчим хувийг боловсролын салбартаа зарцуулдаг аж. Тиймээс Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг хөгжлийн түншлэгч байгууллагууд боловсролын салбарын санхүүжилтээ төсвийнхөө 20 хувьд хүргэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг БСШУСЯ-ныханд хүргүүлдэг юм билээ. Энэ салбарт зарцуулж буй санхүүжилтийг урсгал зардал, хөрөнгө оруулалт гэж хоёр ангилдаг. Урсгалд зардалд багш нарын цалин, сургалтын үйл ажиллагааны санхүүжилт орно. Хөрөнгө оруулалтын зардалд нь сургууль, цэцэрлэгийн барилга барих, их засвар хийх мөнгө багтдаг юм.
Эл салбарт зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг багасгасан тохиолдолд нийт санхүүжилтийнх нь төсөвт эзлэх хувь буурдаг зүй тогтол өнгөрсөн жилүүдийн түүхээс ажиглагдав. Дэлхийн зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ унаж, улс орны эдийн засгийн өсөлт саарсан үед УИХ-аас боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалтыг танаж иржээ. Тэгвэл боловсролын салбарын урсгал зардлын хэмжээг жил бүр өсгөсөөр ирсэн байна. Энэ бол зөвхөн ерөнхий боловсролын суурь, цэцэрлэгүүдэд зарцуулж буй санхүүжилт, хөрөнгө оруулалтын дүнгийн талаарх мэдээлэл гэдгийг онцлох нь зүйтэй. Төрийн өмчит их, дээд сургуулиуд төсвөөс хамааралгүйгээр, сургалтын төлбөрөөрөө санхүүжилт, хөрөнгө оруулалтаа шийдээд явах журамтай. Тиймээс их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг нь нэмье гэвэл сургалтын төлбөрийг нь өсгөхөөс өөр аргагүй.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хийж буй санхүүжилт, хөрөнгө оруулалтын дийлэнхийг урсгал зардал нь эзэлдэг. Сүүлийн арван жилийн статистик мэдээг харахад уг салбарын санхүүжилтийн 78-92 хувийг урсгал зардал эзэлсэн байлаа. Тэгэхээр үлдсэн нь сургууль, цэцэрлэгийн байшин барих, сургалтад шаардлагатай тоног төхөөрөмж авах, барилгуудад засвар хийх хөрөнгө байх нь. Тодруулбал, 2008-2018 онд боловсролын салбарын нийт санхүүжилтийн дунджаар 15.8 хувь нь л хөрөнгө оруулалт байжээ. 2015 онд нийт санхүүжилтийн долоон хувь нь хөрөнгө оруулалт байсан нь дээрх хугацаан дахь хамгийн бага дүн аж. Харин өмнөх онд нь боловсролын салбарын нийт санхүүжилтийн 21.9 хувийг хөрөнгө оруулалтад зарцуулсан нь хамгийн их дүн болжээ. Тэгвэл өнгөрсөн оноос санхүүжилтийг нь нэмэгдүүлснээр энэ салбарт зарцуулж буй гурван төгрөг тутмын нэгийг хөрөнгө оруулалтад зарцуулдаг болсон байна. Тодруулбал, 2018 онд боловсролын салбарт 1.38 их наяд төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн. Үүний 371 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалт байсан юм. Төсвөөс уг салбарт өнгөрсөн онд 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Үүний 616 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулжээ.
Сүүлийн хоёр жилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулж, сургууль, цэцэрлэгийн барилга олныг барьснаар Улаанбаатар хотын зарим дунд сургууль гурван ээлжээр хичээллэж байсныг болиулж, хоёрт шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ сайжирсан гэсэн үг. Манай улс энэ онд боловсролын салбартаа 319 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүний 301 тэрбумаар сургууль, цэцэрлэгийн байшин барих юм. БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан “Энэ оны есдүгээр сарын 1 гэхэд сургууль, цэцэрлэгийн дутагдал бүрэн арилна. Үүнийг би баталгаатай хэлж чадна” гэсэн юм. Хөрөнгө оруулалтыг нь нэмсний ачаар Улаанбаатарын сурагчид гурван ээлжээр хичээллэхгүй, нялх багачууд цэцэрлэгт орохын тулд сугалаа сугалж, азаа үзэхээ болих нь.
Боловсролын салбарт өнгөрсөн жилүүдэд оруулсан хөрөнгийн 80 хувийг байшин, барилга барихад зарцуулсан байна. Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан “Хөрөнгө оруулалтын дийлэнхийг байшин барилга барихад зарцуулж буй нь учиртай. Орон нутгийн сургуулийн барилгууд хуучирч муудсан. Тиймээс шинээр барихаас өөр аргагүй. Төв суурин газруудад сургууль, цэцэрлэг шинээр барихаас өөр замгүй. Энэ нь төвлөрөл гэхээс илүү хүн амын өсөлтөөс шалтгаалж байна. Жилд 80 мянган хүүхэд шинээр мэндэлж буй нь сургууль, цэцэрлэгийг хүрэлцээгүй болгосон” гэв.
Манай улсад өнгөрсөн онд 272 сургууль, цэцэрлэг, дотуур байр шинээр болон шинэчлэн барьжээ. Энэ онд 300 сургууль, цэцэрлэг, дотуур байр шинээр болон шинэчлэн барьж, их засвар хийж дуусгах гэнэ. Улаанбаатар хотод энэ жил ерөнхий боловсролын 15 том сургууль ашиглалтад оруулах аж. Ч.Энх-Амгалан “Боловсролын салбарт сүүлийн хоёр жилд түүхэндээ байгаагүй хөрөнгө оруулалт хийсэн” гэж тодотгосон. Хийсэн хөрөнгө оруулалт нь боловсролын чанарыг дээшлүүлэхэд нөлөөлж байна уу гэдэг нь хамгийн чухал билээ.
“Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгааны тайлан”-д санхүүжилт, хөрөнгө оруулалтын хөгжлийн төлөвийн сул талыг “Хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага, санхүүгийн болон нийгмийн үр өгөөжийг бодитойгоор тооцоолсон санхүүгийн удирдлага, шийдвэр гаргах ажил үгүйлэгдэж байна”, “Салбарын санхүүгийн хүрэх үр дүн, түвшнийг хэмжих гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд тодорхой бус”, “Барилга, байгууламж зэрэг хөрөнгийн ашиглалт, үр өгөөж доогуур байна” гэх зэргээр дүгнэсэн байв. Товчхондоо, боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт чанарыг нь сайжруулах нөлөөлөхгүй байна гэж үзжээ.