IV ангийн теле хичээлд хэрэг болгон “суулаа”. Иргэний ёс зүйн боловсрол хичээлээр монголчуудын уламжлалт хүнс болох цагаан идээний талаар заав. Багшийн ширээн дээр сүү, ус, ааруул, шар тос зэргийг эгнүүлэн өржээ. Багш “Энэ бол бидний эрт дээр үеэс хэрэглэж ирсэн цагаан идээ. Сүү, усыг холиод цийдэм гэгч ундаа болно” гэхчлэн туршиж, тайлбарлав. Танхимын сургалтад багш ааруул, шар тос авчирч, хүүхдүүдэд харуулдаггүй тул теле хичээл энэ талаараа давуу талтай санагдсан. Сурагчид ч иймэрхүү хичээлийг сонирхож, анхаарлаа төвлөрүүлдэг юм билээ. Гэхдээ эл сэдвийг таван минут орчим заагаад л дуусгасан байх. Дахиад гарах юм болов уу гэж хүлээтэл дараагийн хичээл эхлэв. Энэ удаагийн хүн ба нийгмийн хичээлийн сэдэв эртний “зэрлэг” хүмүүс хэрхэн омог, отгоороо амьдардаг тухай байлаа. Хүн төрөлхтөн сүрэглэн амьдардаг байхдаа ч айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэдэгчлэн биенээ гэх сэтгэлтэй байсан тухай өгүүлнэ. Энэ хэлцэд тохирох утга бүхий эх зохиох даалгавар өгөөд, хичээл 10 минут ч хүрээгүй дуусав. Математик харин яг хугацаагаараа буюу 20 минут “орлоо”. Хэсгийн бодлого гээд шинэ хичээл заав. Ихэнх сургууль энэ сэдвийг эрт үзчихсэн юм байна. Багш 3-4 бодлогыг самбарт бичээд, олон аргаар бодож болохыг үзүүлэв. Гэрийн даалгаварт энэ төрлийн өгүүлбэртэй бодлого хоёрыг зохиож, арга тус бүрийг ашигла хэмээгээд хичээл “тарлаа”.
Нэг өдрийн теле хичээлийг анги бүрийн хуваариас шалтгаалж, харилцан адилгүй хугацаагаар заадаг юм байна. Жишээ нь, I-V ангийнхан долоо хоног бүр өөр өөр, хамгийн ихдээ өдөрт гурав, заримдаа нэг л хичээлийг 20 минут үздэг. Туслах хичээлүүдийг бол 10 орчим минут л заалгадаг аж. Өөрөөр хэлбэл, танхимын таван цагийн хичээл зурагтаар гарахдаа 20 минут болтлоо хумигджээ. Эцэг, эхчүүд, хүүхдүүдэд теле хичээл нэг талаараа таалагдаж буй гэнэ. Гэрийн даалгавар багатай, ялангуяа бага ангийнхан олон цаг ширээний ард сууж, ядрахгүй. Зарим хичээлийг техникийн дэвшил ашиглан зураг, бичлэг, бодитоор харуулах хэлбэрээр явуулж байгааг сайшаасан. Гэвч хөл хорио цуцалмагц хүүхдүүд сургуульдаа явна. Тэр цагт хичээлийн хоцрогдол, зөрүү маш их гарна гэдгийг багш нар хэлж байлаа.
Нийслэлийн 56 дугаар сургуулийн бага ангийн багш З.Баянжаргал “Теле хичээл нэгдүгээрт, багш, хүүхдүүдтэй амьд харилцаа үүсгэж чадахгүй. Нэг ангид өөр өөр түвшний мэдлэг, чадвартай хүүхэд сурдаг. Тиймээс тухайн хичээлийг үзээд, хэд нь ойлгож байгаа бол. Багш нар ч гэсэн хичээлүүдээ давхар үздэг. Нэг хичээлийг хамгийн ихдээ 20 минутад багтаан зааж байна. Эл хугацаанд зөвхөн мэдлэг өгөөд л дуусдаг. Хүүхдүүдийг чадваржуулах, шинэ хичээлийг бататгах хугацаа алга. Дасгал, даалгавар нэмж оруулмаар санагдсан. Зарим хичээлээр үзсэн сэдвүүдийг олон давтаж байна. Сургалтын программаасаа хоцорсон, түрүүлсэн сургууль ч олон байх шиг. Хамгийн гол нь хичээлүүдийг хэт хөнгөн, “илэх” төдий зааж болохгүй. Учир нь ирэх дөрөвдүгээр сард нийслэлийн хэмжээнд чанарын үнэлгээний шалгалтын тов зарласан. IV ангийнхнаас монгол хэл, математик, хүн ба байгаль, эрүүл мэндээр, IX ангид үүн дээр нэмээд англи хэл, хими, XI ангид эдгээрээс гадна физик, түүхийн хичээлээр шалгалт авна. Түүгээр хүүхдүүдийн сурлагын амжилт, чанарыг тодорхойлдог тул мэдээлэл боловсруулах, асуудлыг шийдвэрлэх, задлан шинжлэх талын даалгаврууд түлхүү оруулдаг. Гэтэл чанарын шалгалтад бэлдэх хэмжээний хичээл телевизээр заахгүй байна. Хөл хориог хэзээ цуцлах нь тодорхойгүй тул бидэнд давтах хугацаа үлдэх, эсэхийг хэлж мэдэхгүй. Теле хичээлийг иймэрхүү байдлаар цааш нь үргэлжлүүлбэл чанарын шалгалтыг хүүхдүүд хангалттай хэмжээнд өгч чадахгүй” хэмээн ярилаа.
Теле хичээлийн хугацаа богино, үр дүнгүй заахаас гадна зарим ангийн хичээл хуваарийн дагуу “ордоггүй”, нэг сэдвийг олон удаа давтаж буй зэрэг алдаа гарсаар байгаа аж. Ц.Хулан эхээс тавуулаа, IX ангид сурдаг, айлын том нь. Аав, ээж нь ажилтай тул сургуулийн насны гурван дүүгийнхээ хичээлийг давтуулдаг. Тэрбээр “Бидний хичээл өөр өөр сувгаар “гардаг” учраас ээлжлэн, ухрааж үздэг. Ангидаа ойлгоогүй зарим хичээлээ багшаас асуулгүй, хоцрох үе байдаг. Харин теле хичээлийг дахин дахин үзэж, ухрааж, нөхөж болдгоороо давуу талтай санагдсан. Даалгавар бага өгдөг. Гэхдээ ихэнх хичээл 20 минутдаа хүрдэггүй. Туслах хичээлүүдийг 10-15, монгол хэл, математикийг 17, 18 минут л зааж байна. Бас эхний долоо хоногт үзсэн сэдвүүдийг заасан. IX ангийн дуу хөгжим, эрүүл мэндийн хичээлийг эхний хоёр долоо хоногт давтсан. II ангийн эрүүл мэндийн хичээлээр шинэ сэдэв заагаагүй, IV ангийн дуу хөгжим, биеийн тамирын хуваарь солигдсон. Гол хичээлүүдээр л даалгавар өгдөг” гэсэн юм.
Түүнчлэн VI ангийн эрүүл мэнд, иргэний ёс зүйн боловсрол, уран зохиол, дүрслэх технологийн хичээлийг үзэх ёстой цагтаа 2-4 удаа давтсан, шинэ сэдэв заагаагүй аж. Эдгээрийг хэн, хэрхэн хянаж байгааг З.Баянжаргал багшаас тодруулахад “Багш нарт хүүхэд болгонд теле хичээлийн дагуу нэмэлт даалгавар өг гэж үүрэгдсэн. Манай анги гэхэд фэйсбүүк группээрээ дамжуулан сурагчдыг хянадаг. Эцэг, эхчүүд хүүхдээ теле хичээл хийж буй, эсэхийг хянаж, гэрийн даалгаврын хамт зургийг нь дарж, багшид тэмдэглүүлнэ. Тэгэх бүрт асуудал мундахгүй ээ. Интернэтгүй айл ч бий. Аав, ээж нь ажилтай, хүүхэд харах хүнгүй хөдөө явуулсан, айлд байлгаж буй нь ч цөөнгүй. Ийм шалтгаантай нь даалгавраа багшдаа “үзүүлж” чадахгүй. Тиймээс ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдож, хүүхэд болгонтой ярина. Өдөр бүр 40-50 хүүхэд рүү залгаж, хичээлээ ойлгосон, үгүйг нь асуух санхүүгийн талаасаа ч хүндрэлтэй. Ингэхдээ зүгээр ч нэг ярихгүй. Хичээлээ хэрхэн ойлгосныг асууж, яриулна. Ойлгоогүйд нь нэмж, тайлбарлана. Сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлийг 20 минутад багтаана гэдэг яагаад ч амжихгүй. Хөдөө явсан, интернэтээр харах боломжгүй хүүхдүүдээ яах билээ. Теле хичээлийг нь л чадлынхаа хэрээр давтуулж байна” гэв.
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 640 мянга гаруй сурагч теле хичээлээ 18 сувгаар дамжуулан үзэж буй. Тухайн үед нь хичээлдээ “сууж” амжаагүй, ухраан үзэж чадахгүй тохиолдолд econtent.edu.mn цахим хуудсаар нөхөх боломжтой. Гэсэн ч уг сайтад зарим ангийн хичээлийг одоогоор бүрэн байршуулаагүй. Телевизээр хичээл зааж буй багш нарын тухайд камертай харилцаж сураагүй л байх. Гэхдээ өөр тийшээ хараад, хичээл заахаар нэг л үр өгөөжгүй. Хүүхдүүдээ анхаарлыг нь хандуулах тал дээр сул санагдав. Дээр дурдсанчлан тухайн сэдвийн дагуу сургалтын хэрэглэгдэхүүн бэлдэж, зааж буй нь саашаалтай ч түүнийг дэлгэрэнгүй тайлбарлах, мэдлэг олгох талын чадвар хангалтгүй нь ажиглагдлаа.
Эрх баригчид шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгийн түрүүнд сургууль, цэцэрлэгүүдийг түр хугацаагаар хаасан. БСШУСЯ-ныхан сурагчдыг хичээлээс нь хоцроохгүй гэсэндээ тухайн үед нь дээрх арга хэмжээг шуурхай зохион байгуулсан нь сайн хэрэг. Гэхдээ энэ нь теле хичээлийг үр дүнгүй заах, үзсэн сэдвүүдийг давтах, хүүхдүүдийг нэг өдөр 20-хон минут зурагт харуулаад, ямар ч даалгаваргүй өнжүүл гэсэн үг биш байлтай. Коронавирусийн тархалтын тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч, хорио цээрийг сунгах, эсэхийг шийднэ. Теле хичээлийг энэ чигээр нь үргэлжлүүлбэл хүүхдүүд чанарын үнэлгээний битгий хэл, хаврын шалгалтаа ч өгч чадах, эсэх нь эргэлзээтэй болох нь.