Шинэ зууны монгол иргэдийн үзэл хандлага, сэтгэхүй, ёс суртахуун, хүмүүжил улам л муудаж, харанхуй бүдүүлэг үе рүүгээ халтирч эхэлснийг бид өдөр бүр харах боллоо. Хэрийн юманд ганхахааргүй үзэл бодолдоо бат зогсох хүн цөөрч, эсрэгээрээ хүчтэйхэн “үлээвэл” хийсчихээр хөнгөн хуумгай хүмүүсээр дүүрч. Олонхын сэтгэл зүй ингэтлээ доройтож, гэмтсэн хамгийн том шалтгаан бол боловсролын дампуурал гэдэгтэй маргах хүн цөөн биз ээ. Бодлого тодорхойлогч яам нь, эрдэмтэн, судлаачид нь ч, эл сэдвийг сонирхогчид гээд амтай болгон л боловсролын шинэчлэл ярьдаг. Гэсэн хэрнээ өнөөгийн хүүхэд, залууст юу заах ёстойг, XXI зууны боловсрол гэж ямар “юм” байдгийг гадарлах ч хэрхэн хөрсөнд буулгахаа мэддэггүй. Шинэчилсэн гэх сургалтын хөтөлбөрийг 50 хүүхэдтэй ангид яаж хэрэгжүүлэх вэ гэсэн асуултад тэд “бүдэрдэг”. Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно, баримт бичгүүдийг засаж, шинэчилнэ л гэнэ. Яг юуг нь өөрчлөх, дараа нь ямар үр дүнд хүрэх зэргийн талаар тодруулахаар мөн л “бултчихдаг” юм. Тиймээс “Өнөөдөр” сонин боловсролын шинэчлэлийг хэн, хэрхэн хийхийг, зорилго нь юу байхыг, ямар түвшний боловсрол бидэнд хэрэгтэйг, суралцах үйл ажиллагааг цаашид яаж зохион байгуулбал үр дүнтэй зэрэг асуудлыг тойрон хэлэлцүүлэг өрнүүлж буй билээ.
Үүний хүрээнд ярилцлага, асуудал хөндсөн нийтлэл бичихээс гадна эрдэмтэн, судлаач, бизнес эрхлэгч, жирийн иргэний байр суурийг ч тусгах тул сонирхсон бүхэнд нээлттэй. Боловсролын тогтолцоогоо шинэчилсэн, сайжруулахаар эрчимтэй ажиллаж байгаа улс орнуудын жишигтэй энэ удаа танилцъя.
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД ОЮУТНУУД ОРОЛЦДОГ
Бүгд Найрамдах Молдав Улс 4.03 сая хүн амтай. Үндсэн хуулийнхаа 35 дугаар зүйлд “Боловсрол эзэмших нь иргэн бүрийн үндсэн эрх, тэгш, үнэ төлбөргүй шашнаас ангид байна” гэж заажээ. Манайхтай хүн амын тоо нь хол зөрүүгүй тус улсын боловсролын систем нь анхнаасаа тийм ч сайн байгаагүй аж. Төрөлтийн түвшин буурснаар суралцагчдын тоо цөөрсөн. Гэсэн хэрнээ саяхныг хүртэл 3-6 насны хүүхдүүдийнхээ тал шахам хувийг цэцэрлэгт хамруулж чаддаггүй байж. Эл салбарт хэрэгжүүлэх 2014-2020 оны стратеги төлөвлөгөөг 2014 онд Засгийн газраараа батлуулж, мөрдсөнөөр дээрх байдлыг эрс өөрчилжээ. “Боловсрол 2020” баримт бичигт нь сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулахыг гол болгож. Үүний хүрээнд сүүлийн 10 жилд хуучнаа засаж, шинээр барих зэргээр 150 цэцэрлэг нэмсэн аж. Түүнчлэн ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоонд техник, мэргэжлийн чиглэлийн сургалт нэмж, их, дээд боловсролын хөтөлбөрийг шинэчилж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг нь дэмжих замаар идэвхтэй иргэн бэлтгэж эхлэв.
Бүх шатны боловсролын байгууллагыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган, мэдээллийн болон холбооны технологи нэвтрүүлэх зэргээр дижиталд суурилсан боловсрол олгож байна. Үүнийг дагаад сургуулиудынх нь менежментийн үр ашиг ч сайжирсан гэнэ. Дээд боловсролын салбарт үр дүнтэй олон шийдвэр гаргаснаас сургуулиудад олон улсын түншлэлийн докторын сургалт явуулах эрх олгох болсон. Мэргэжлийн сургалтын болон дээд, насан туршийн сургалтын байгууллагууд, хөтөлбөрийг нь магадлан итгэмжлэх, үнэлэх, баталгаажуулах хөндлөнгийн баг байгуулж, оюутнуудыг хүртэл оролцуулдаг болсон нь нүдээ олжээ. Эдгээрээс гадна их, дээд боловсролын хөтөлбөртөө цахим сургалтын арга ашигласнаар анги, танхимуудаа энэ чиглэлийн тоног төхөөрөмжөөр ханган, 800 багш сургаж, 19 000 гаруй оюутан цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч, суралцжээ. Молдав улсын анагаахын, эдийн засаг, техникийн болон олон улсын их сургуулиуд нь хамгийн чансаа өндөртэй бөгөөд дээр дурдсан шинэчлэлүүдийн заримыг нь манайх нэвтрүүлсэн, хэрэгжүүлдэг ч төдийлөн үр дүнд хүрээгүй аж.
АХЛАХ СУРГУУЛЬ Л АМЬДРАЛ ШИЙДНЭ
Улс орнууд ерөнхий боловсролын тогтолцоогоо 12 жилийн сургалтад шилжүүлэхээс гадна ахлах сургуулийн бүтэц, сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг улам боловсронгуй болгоход ихээхэн анхаарах болжээ. БНСУ-д сурагчид ахлах ангид гурван жил суралцаж, төгсөх бөгөөд сургалтын хөтөлбөр нь сонгон судлахад суурилсан байна. Гол арга барил нь бүтээлч үйл ажиллагааг дэмжсэн, үүний дотор бие даан хөгжүүлэх, мэргэжлийн баримжаагаа олж авахад туслах, тэдний санаачилгад тулгуурласан янз бүрийн дугуйлан, клубт хичээллүүлж, сайн дурын ажил өрнүүлдэг байна.
БНХАУ-д ахлах сургуулиуд нь ердийн, гүнзгийрүүлсэн буюу хоёр төрлийн, гурав, дөрвөн жилийн хөтөлбөртэй юм байна. Ахлах сургуулийн гэрчилгээ авахын тулд сурагчид эхлээд заавал үзэх ёстой буюу 144 кредит цуглуулж, ерөнхий болон академик түвшин тогтоох шалгалт өгдөг. Манайхаас ялгаатай нь бүх хичээлээр шалгуулдаг. Монголд бол “Сурагчдын байгалийн ухааны мэдлэг жил ирэх тусам буурсан. Хангалттай дүн үзүүлэхгүй байгаа учир их сургуулиуд элсэлтийн шаардлагаасаа энэ талын мэдлэгийг хаслаа” гээд л асуудлыг шийдчихэж байна. Бүр тодруулбал, инженерийн мэргэжлээр элсэлт авахдаа математик, физикийн хичээлийг хамтад нь шаарддаг байсан бол өдгөө аль нэгийг нь л гэх болж. Анагаахын чиглэлээр оюутан элсүүлэхдээ хими, физикийн хичээлд тулгуурладаг байв. Гэвч их сургуулиуд физикийнхийг хассан гэхчлэн сурагчдыг олон талын мэдлэгтэй төгсгөх боломжийг нь улам хумьсаар.
Бидний “адлаад” байдаг Вьетнам улс гэхэд боловсролын салбартаа олон зоримог шинэчлэл хийсний дотор магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын шинэ механизм бүрдүүлсэн нь чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлөхөд том түлхэц болжээ. Мөн ерөнхий боловсролын төгсөлтийн шалгалтыг чангатгаснаар их, дээд сургуулиудад чанартай хүүхдүүд элсэн, хөдөлмөрийн зах зээлийн чадамж нь сайжирч байгаа аж. Түүнчлэн Индонезод сүүлийн жилүүдэд мэргэжлийн сургалттай ахлах сургуульд элсэгчдийн тоо нэмэгдсэн нь сурлагын түвшин нь өндөр байгааг харуулна. Мэргэжлийн ахлах сургуулиуд нь бизнес ба менежмент, аялал жуулчлал, мэдээлэл, харилцааны технологи, гоо сайхан, тогооч, нийгмийн ажилтан, гар урлал зэрэг сургалт явуулдаг байна.
Тэгвэл Малайзын ахлах сургуулиуд техник, мэргэжлийн болон шашны сургалттай гэнэ. Хүүхдүүд дунд ангийн сурлагын түвшин, шалгалтын дүндээ үндэслэн, сонирхолдоо мөн тулгуурлан ахлах сургуулиа сонгодог. Аль ч сургуульд элсэхэд төрөлх хэл, математик, англи хэл, ёс зүйн боловсрол, түүх зэрэг заавал үзэх хичээлүүдийн мэдлэгийг харгалздаг байна. Техник, мэргэжлийн сургуульд гэхэд л механик болон цахилгааны инженер, машин, механизм, хөдөө аж ахуй, худалдаа, хүнс, загварын чиглэлээр элсүүлдэг. Харин ахлах ангиа төгсөхдөө эх хэлнийхээ шалгалтад хэрхэн амжилт үзүүлснээс их сургуулийн босго давах, эсэх нь шийдэгддэг гэнэ. Тайвань, Тайланд, Филиппин зэрэг улсын хувьд ч ялгаагүй, ахлах сургуулиуд нь гурван жилийн сургалттай, ердийн болон мэргэжлийн ангиллаар элсэлт авдаг. Ердийн сургалттай нь хэл, байгалийн, нийгмийн болон амьдрах ухааны суурь хичээлийг заавал үздэг бол мэргэжлийнх нь сурагчдын хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн ур чадвар түлхүү эзэмшүүлдэг аж.
ВЕНЕСУЭЛИЙН “ХУВЬСГАЛ”
Манай улс ч гэсэн ерөнхий боловсролын системээ 12 жилийн сургалтад шилжүүлэхдээ X-XII ангид хүүхдүүдийг мэргэжлийн тал руу нь илүү хөгжүүлж, бараг л их, дээд сургуульд сургахааргүй мэдлэгтэй төгсгөнө гэж байв. Харамсалтай нь, эл мөрөөдөл эдүгээ биелэх нь байтугай их, дээд сургуулиудад зөв бичих дүрэм ч мэдэхгүй хүүхдүүд элсэж байгааг нийтээрээ шүүмжилдэг. Венесуэл улсын ерөнхий боловсролын салбар нь сүүлийн жилүүдэд уналтад орж, сурагчдынх нь сурлагын чанар муудан, үүний улмаас төгсөгчид нь ч нийгмийн янз бүрийн орчин, нөхцөлд дасан зохицох, багаар ажиллах чадваргүй болсон аж. Гэсэн ч тус улсын Ерөнхийлөгч зарлиг гарган “Үндэсний төлөвлөгөө 2019-2025” хэмээх бодлогын баримт бичиг баталсан нь боловсрол, эрүүл мэндийн салбарт “хувьсгал” эхлүүлэх том алхам болсныг судлаачид онцолж байна. Үүнд хувь хүний хөгжилд онцгой анхаарах замаар суралцагчдыг амьдралд бэлтгэх, хамтран ажиллах чадвартай төгсгөх, салбарын зорилго, зорилтуудыг богино хугацаанд чанартай хэрэгжүүлэх хүрээнд боловсролын байгууллагуудын сүлжээ бий болгох, сургуулиудын үндсэн мэдээллийг нэгтгэх аргыг халж, судалгааны байгууллага болгоход анхаарах, төвлөрлийг сааруулах, багш нарыг чадваржуулах, эрэлт, хэрэгцээг тэнцүүлэх гээд “будаа идэх” санаанууд багтжээ.
Аль ч цаг үед хүнд өнөөдөр, маргааш хэрэгтэй байгаа мэдлэг, ур чадвар, чадамжийг олгодог боловсролын систем л хамгийн супер нь аж. Өөрөөр хэлбэл, мэдэхийн тулд, хийхийн тулд, хүн болохын тулд, хамт амьдрахын тулд суралцах, эзэмшсэн мэдлэг, ур чадвар нь эдгээр хэрэгцээг хангадаг байхад л боловсрол үүргээ “гүйцэтгэлээ” гэж үздэг байна. Мэдлэг олгоно гэдэг унших, бичих, тоо бодох ойлголтоос гадна шударга ёс, хүний эрх, нэр төрийг эрхэмлэх, нийгмийн тэгш байдлыг хангах, байгаль, эх дэлхийгээ хайрлах, эв нэгдэлтэй байх зэрэг өргөн хүрээг хамрах ёстойг ЮНЕСКО-гоос зөвлөснийг энд дурдахад илүүдэхгүй биз ээ.