УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар батлав. Үүнд 17 хууль, бусад шийдвэрийн төсөл багтаж буй юм. Ингэхдээ хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн энэ тогтоолын нэгт зааснаас бусад хууль, УИХ-ын шийдвэрийн төслийг 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх, эсэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Харин Монгол Улсын хууль, тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулах болов.
Дараа нь Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрмийн түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай наймдугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэв. Монгол Улс уг дүрэмд 2000 оны арванхоёрдугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны дөрөвдүгээр сарын 5-нд соёрхон баталсан байдаг. Энэ гэрээнд нэгдэн орсноор өөрийн оронд түрэмгийллийн болон дайны шинжтэй аливаа гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн аж. Нөгөөтээгүүр, манай оронд гэмт хэрэг хийгээд зугтсан иргэнийг үүнд заасны дагуу мөрдөн, шалгаж, хэрэг үүсгэх эрх зүйн орчин бүрдэх учраас ОУЭШ-ийн Ромын дүрмийн түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай наймдугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлтийг болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
СЗХ-НЫ ОРОН ТООНЫ ГИШҮҮНЭЭР Т.ЦЭРЭНБАДРАЛ, Н.ХҮДЭРЧУЛУУН НАРЫГ ТОМИЛЛОО
СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1,15.2-т заасныг үндэслэн тус хорооны орон тооны гишүүнд Т.Цэрэнбадрал, Н. Хүдэрчулуун нэр дэвшүүлжээ.
Т.Цэрэнбадрал нь 1978 онд Дундговь аймагт төрсөн, 2000 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, 2002 онд СЭЗДС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2010 онд
“Либерти” дээд сургуулийг төрийн удирдлагын магистр, 2014 онд Австралийн үндэсний их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан аж. 2001-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, 2004-2007 онд Монгол Улсаас Япон Улсад суух Элчин сайдын яаманд атташе, 2008-2014 онд СЗХ-ны Үнэт цаасны газарт хянан шалгагч, 2014-2016 онд тус хороонд орон тооны бус зөвлөх, 2014-2016 онд Монгол Улсаас Япон Улсад суух Элчин сайдын яаманд олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, 2017-2019 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга, орлогч дарга, 2019 оны есдүгээр сараас “Таван толгой төмөр зам” ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллажээ.
Н.Хүдэрчулуун нь 1981 онд Говь-Алтай аймагт төрсөн. 2000-2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжлээр төгсөж, 2005-2007 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Мөн 2009-2012 онд тус сургуульд анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ. 2004-2016 онд сургуульдаа багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгчээр, 2016 онд СЗХ-ны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга, 2017 оноос Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Б.Бат-Эрдэнэ гишүүн “Нөлөө бүхий хүмүүс танайхаас зөвшөөрөл авч, ББСБ, хадгаламж, зээлийн хоршоо байгуулан, шударга бус үйл ажиллагаа явуулдаг гэх юм. Хэн гэдэг төрийн албан хаагч танайхаас зөвшөөрөл авч, санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгааг зарлах хэрэгтэй” гэсэн санал дэвшүүлсэн юм.
Харин Б.Баттөмөр, Б.Дэлгэрсайхан нар санхүүгийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд ахиц дэвшил гаргахад анхаарах, банк бус санхүүгийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгохоос эхлээд үйл ажиллагаанд нь хяналт тавих, зээлийн өндөр хүүг бууруулах, ломбардын үйл ажиллагааг цэгцлэх чиглэлд шударгаар ажиллахыг захилаа. Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг томилохыг дэмжив.
4138.58 ГА ГАЗРЫГ КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН САНД НЭГТГЭНЭ
Сүүлийн жилүүдэд төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглах эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болсон. Улмаар зэргэлдээх сумд газар олгож, маргаан үүсэх болжээ. Энэ нь аймгийн төвүүдийн хөгжил, цаашлаад газрын нэгдмэл сангийн тооллого, ашиглалтын бүртгэл мэдээллийг үнэн бодитой бүртгэх, хөтлөх ажилд хүндрэл учруулах болсон байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд гэхэд нутаг дэвсгэр хүрэлцээгүй болсон учраас зэргэлдээх Тарагт сумын нутгаас газар олгох болжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт Бугат сумын төв байгуулсан нь хүндрэлтэй асуудал дагуулах болжээ. Үүнийг 1977 оноос ярьж эхэлсэн ч одоо хүртэл шийдэж чадаагүй байна. Тиймээс тухайн аймгийн ИТХ хуралдаж, зохих саналуудаа ирүүлсний дагуу тогтоолын төслийг боловсруулжээ. Үүнд Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сумын газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар дурдсан байна. Ингэснээр хүн амын суурьшил тэлж, инженерийн болон нийгмийн дэд бүтэц сайжрахад чухал нөлөөтэй аж. Мөн Баян-Өлгий аймгийн Бугат, Өлгий сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулснаар 4138.58 га газрыг кадастрын мэдээллийн санд нэгтгэх боломж бүрдэж, иргэд ч газар өмчлөх эрхтэй болно гэж төсөл санаачлагчид үзжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан А.Сүхбат гишүүн “Ийм зөрчилтэй аймаг олон байгаа учраас хилийн цэс тогтоох асуудлыг сард нэг удаа хэлэлцэж байх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол бусад гишүүн уг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ямар зарчим баримталж байгааг тодрууллаа. Мөн яагаад зөвхөн тус хоёр аймгийн асуудлыг хэлэлцэхээр болсныг лавлав.
Ажлын хэсгийн зүгээс бүх аймаг, сумд хилийн цэс, газрын маргаантай байгааг тодотгоод “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч нар нь ойлголцож, зөвшилцөн асуудлаа шийдвэрлэсэн тул хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсныг онцоллоо. Түүнчлэн 1971 онд баталсан тогтоолоор хилийн цэстэй холбоотой маргааныг шийдвэрлэж байгааг тодотгов. Мөн хилийн цэстэй холбоотой зарлиг, тогтоолын алдаанаас үүдэлтэйгээс бусад газрын маргааныг холбогдох байгууллагууд нь шат дараатай шийдэн, арга хэмжээ авч байна гэв. Ингээд уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Бэлтгэсэн: Г.Цэцэг