Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 10 хувийг эзэлж, аюултай түвшинд хүрсэнтэй холбоотойгоор Засгийн газар энэ сарын 6-нд ерөнхий боловсролын сурагчдын II улирлын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргасан. Уг “хориг” дуусаж, сурагчид дөнгөж хичээллэж байтал өнгөрсөн долоо хоногийн ням гарагт улсын хэмжээнд хөл хорио тогтоон, ирэх гуравдугаар сарын 2 хүртэл сургуулиудыг дахиад л хаалаа. Ийнхүү сурагчдын хичээл 20 хоногоор тасрахаас өөр аргагүй болсон юм. Уг асуудлыг богино хугацаанд шийдэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ)-ныхан ажиллаж буй бөгөөд сурагчдад цахим хичээл заах санал гарган, Засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцуулан, батлууллаа. Ингэснээр ирэх сарын 3-наас хүүхдүүд зурагтаар хичээл “заалгах” болов.
170 БАГШ ОРОЛЦОНО
Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг хөл хорионд сурагчдыг байх хугацаанд телевизээр заах болжээ. Үүнд манай улсын урдаа барьдаг, шилдэг, тэргүүлэх зэрэгтэй 170 багш оролцох нь. Өдөрт 2-4 хичээл (тус бүр 10-20 минутын хугацаатай) заах хуваарийг БСШУСЯ-наас гаргажээ. Хичээлийн хуваарийг нийслэл, орон нутгийн сургуулийн удирдлага бүрт хүргэсэн бөгөөд багш нар сурагчдын эцэг, эхэд мэдээлэх үүрэгтэй. Өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр хичээл заана. Ингэхдээ нэгдүгээр ангийн хичээлийг “MN-25 дугаар суваг”, хоёрдугаар ангийнхыг “C1”-ээр гэх маягаар нэг телевизэд нэг ангийг оноожээ. Өөрөөр хэлбэл, 12 ангийн хичээлийг 12 өөр телевиз дамжуулах бөгөөд үлдсэн зургаан суваг нь тэдгээрийг давтан үзүүлэх юм байна. Үүнээс гадна цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан хичээлүүдийг NTV телевизээр нэвтрүүлнэ. Мөн хичээлүүдийг ухрааж үзэх боломжтой. Орон нутгийн бусад телевиз ч теле хичээлийг хуулбарлан, “цацах” боломж нээлттэйг салбарын яамнаас мэдээлсэн. Харин хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй түгээхийг хоригложээ. Хүүхдүүд сошиал хаяг нээж, цахим орчинд донтох, цаашлаад халдлагад өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ийм арга хэмжээ авсан гэнэ. “Энэ бол сурагчдын амралт биш, хөл хорио. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал тавьж, хамгаалах шаардлагатай. Гадуур дагуулж явахгүй, гэртээ хичээлээ хийхэд нь анхаарах учиртай” гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хэлсэн.
ЗУНЫ АМРАЛТЫГ ТОВЛОСОН ХУГАЦААНД ЭХЛҮҮЛЭХ НЬ
Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын хичээллэх хугацаа дээр дурдсанаар 20 хоногоор тасарсан нь зуны амралтын хуваарьт өөрчлөлт оруулах, эсэхийг БСШУСЯ-ныхнаас тодрууллаа. “Зуны амралт эхлэх хугацааг өөрчлөхгүй. Сайдын баталсан хуваарийн дагуу I-V ангийн сурагчид ирэх зургадугаар сарын 1, VI-XII ангийнхан мөн сарын 8-наас амарна. Харин сурагчдын III улирлын амралтыг нэг долоо хоног болгон багасгах юм” гэлээ. Үүний тулд сурагчдыг ирэх гуравдугаар сараас эхлэн таван долоо хоногийн турш зургаан өдөр буюу бямба гарагт ч хичээллүүлэх аж. Харин цэцэрлэгүүд бямба гарагт ажиллахгүй.
БАГШ НАР АЖЛЫН ЦАГАА БҮРТГҮҮЛЭХ ЁСТОЙ
Хөл хорио тогтоосон хугацаанд багш нарын цалинг олгоно гэж БСШУСЯ-наас урьд нь мэдээлсэн. Засгийн газраас өчигдөр багш нарын үндсэн цалинг бүтэн, нэмэгдэл, урамшууллыг нь мөн бүрэн олгоно, харин илүү цагийн хөлс өгөхгүй гэсэн шийдвэр гаргав. Гэхдээ багш нар заавал сургууль дээр очих шаардлагагүй бөгөөд байгаа газраасаа сурагчидтай холбогдон, хичээлтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг тогтмол өгч, түүгээрээ ажлын цагаа тооцуулж, бүртгүүлэх ёстой. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийг түр хаасан боловч хувьсах зардлыг олгохоор болжээ. Харин хоолны мөнгийг өгөхгүй юм байна.
Бэлтгэсэн: М.Оч
Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангасан уу
Засгийн газрын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2 хүртэл зогсоож, хүүхдүүд гэртээ хичээлээ үзэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас эцэг, эхчүүдэд зориулан, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах талаар дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг өглөө.
- Индүүгээ хэрэглэсний дараа салгасан, эсэхээ сайтар шалгаарай. Хүүхдээс хол, гар хүрэхгүй газарт тавь.
- Буцалсан ус, тос, халуун хоолыг хүүхэд хүрэхээргүй газарт байрлуул. Ялангуяа цахилгаан тогооноос хол байлга.
- Хутга, хайч, сахлын хутга, шөвөг, зүү, алх, сүх зэрэг хурц үзүүртэй, иртэй зүйлээс хүүхдээ хамгаал. Хадаастай мод, хагархай шил ч хүүхдийг гэмтээнэ.
- Цууны хүчил (Уксус), будаг шингэлэгч, цайруулагч зэрэг хорт бодисын зарим нь устай адил, нэг хэсэг нь анхаарал татахуйц хурц, тод өнгө, үнэртэй байдаг. Хүүхэд эдгээрийг ус, ундаатай андууран ууснаас хүнд хордох аюултайг анхаарч, цоожтой газарт хадгалаарай.
- Цахилгаан хэрэгслүүдээ уснаас хол байлгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал.
Орон нутгийн оюутнууд цахимаар хичээл үзэхэд хүндрэлтэй гэлээ
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас их, дээд сургуулиудад хичээл, сургалтын үйл ажиллагааг цахимаар явуулахаар зохицуулж дадлага хийхийг цуцлах шийдвэр гаргалаа. Мөн өвлийн амралтаараа гэртээ харьсан, орон нутгийн болон гадаадын оюутнуудыг хорио дуусах хүртэл дотуур байрандаа ирэхгүй байхыг зөвлөв. Их, дээд сургуулиудын удирдлага вэб программ болон цахим сүлжээний тусламжтайгаар багш, оюутнуудыг холбож, сургалтын үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргажээ. Тухайлбал, МУИС-ийн багш нар “Sisi” системээр даалгавар явуулж, оюутны биелүүлсэн, эсэхийг харгалзан ирц, идэвхийн оноог нь дүгнэх гэнэ. Мөн ШУТИС-ийнхан вэб программынхаа тусламжтайгаар даалгавраа хүлээн авч, цаг тухайд нь гүйцэтгэх юм байна. ХААИС-ийн хувьд “Google classroom” аппликэйшнд багш, оюутны тусгай нэгдэл үүсгэн, хичээл, даалгавраа солилцох аж.
2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын эхний дөрвөн долоо хоногийн хичээлийг ийнхүү цахимаар явуулах нь. Гэвч орон нутгийн оюутнууд цахим хичээлийг эсэргүүцэв. Тухайлбал, хурдтай интернэт, бие даалтын ажлаа хийх комьпютер зэрэг нь хомс учраас цахим хичээлд хамрагдаж чадахгүй, ирц, идэвхийнхээ оноог алдмааргүй байгаа аж. Түүнчлэн сургуулиудын цахим систем ачаалалтай үед гацаж, хүндрэл үүсгэдэг гэнэ. Үүнээс гадна шаардлагатай, ном, сургалт, судалгааны материалаа хэрхэн авахаа мэдэхгүй гэдгээ оюутнууд хэллээ. МУИС-ийн хувьд оюутнууд цахим номын сан ашиглаж болно. Мөн номын сангийн гэрээр олгох фондоос ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагт ном авах, буцаах боломжтой гэж мэдэгджээ. Зарим сургуулийн улирлын амралт дуусаж, оюутнууд судлах хичээлээ сонгож эхэлсэн. Хичээл сонгох болон Боловсролын сангийн зээлтэй холбоотой асуудлыг и-мэйл хаяг болон утсаар холбогдон, шийдүүлж болох аж.
Бэлтгэсэн: Б.Нандин
Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаарай
Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын, 2020-2021 оны бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Ирэх сарын 20 хүртэл уг тэтгэлгийн хүсэлтийг www.turkiyeburslari.gov.tr цахим хуудсаар авах аж. Тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил их сургуулиа төгссөн, эсвэл төгсөх иргэд хамрагдах боломжтой гэнэ. Өнөө жил бакалаврын түвшинд анагаах ухаан, инженер, хүмүүнлэг, нийгмийн ухааны салбарын мэргэжлүүдийг чухалчлан үзэх юм байна. Харин магистрын түвшинд байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцагсдад тэтгэлэг олгох боломжтой аж.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдвал сургалтын төлбөрөөс гадна сар бүр 800 лирагийн цалин, ирэх, очих онгоцны тийзийн үнэ, эрүүл мэндийн даатгал, амьдрах байраар хангах зэрэг багтжээ. Их, дээд сургууль, мэргэжлийн онцлогоос шалтгаалан SAT, TOEFL, DELF, YDS шалгалтад хангалттай оноо авсан иргэд үүнд хамрагдах боломжтой. Мөн төгссөн их сургууль, мэргэжлийн онцлог, сурлагын түвшин, нийгмийн идэвх, амжилт зэргийг харгалзан үзэх аж.
Бэлтгэсэн: Б.Анх