БСШУСЯ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ “Хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор БСШУС-ын яамнаас хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж буй талаар мэдээлэл хийж байна. Хөл хориотой холбоотой багш нарын цалинг бүтнээр, нэмэгдэл, урамшуулалтай олгох хэдий ч илүү цаг олгохгүй. Цэцэрлэг, сургуулиудын хувьсах зардлыг олгох боловч хоолны мөнгийг олгохгүй юм.
Сурагчдын амралт биш хөл хорио гэдгийг анхааруулж байна. Иймд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх хэрэгтэй. Багш нар ч мөн адил амарч байгаа юм биш байгаа газраасаа хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж сурагчидтайгаа харилцаа холбоотой байж телевизээр зааж байгаа хичээлийг нь бататгаж ажиллах юм.
Багш нар сурагчидтайгаа цахимаар харьцах гэж заасан байгаа ч тэр нь фэйсбүүк биш учир хүүхдүүдэд хаяг нээж өгөхгүй байхыг хатуу анхааруулж байна. Харин их, дээд сургуулиудын хичээлийг зогсоосон бөгөөд хөдөө орон нутгийн оюутнууд Улаанбаатар руу ирэхгүй байх, оюутны байранд байгаа оюутнуудын халдвар хамгаалал, ариун цэврийг сахих зөвлөмжийг өгч ажиллаж байна.
Спортын бүх төрлийн тэмцээн, наадмыг зогсоож, олон улсын хэд хэдэн тэмцээний хугацааг хойшлуулсан. Харин үндэсний шигшээ багийн бэлтгэл хэвээр үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын багтай хийх хамтарсан хоёр бэлтгэлийг цуцалсан" гэв.
Мөн сурагчдын зуны амралт заасан хугацаандаа буй ахлах анги зургадугаар сарын 5-наар, бага, дунд ангиуд зургадугаар сарын 1-нд эхэлнэ. Зуны амралт хойшлохгүй. Гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоногоор багасгаж байна. Хичээлийг өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр теле хичээл гаргахаар боллоо. 13 телевизээр хичээл зааж, зургаан телевизээр тус хичээлийн цагийг зөрүүлж гаргах аж.