Монголын бизнесийн зөвлөл хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчидтэй харилцдаг хамтын ажиллагааныхаа хүрээнд сэтгүүлчдийг чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нь бэхжүүлэх танхимын сургалтыг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлүүлсэн юм. Уг сургалт өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийв. Тус сургалтыг Канадын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг Канад сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн юм. Өнгөрсөн есдүгээр сараас хойш таван удаагийн сургалтад бизнес, эдийн засгаар мэргэшсэн 25 сэтгүүлчийг хамруулсан байна.
Тодруулбал, эхний сургалт өмнөх оны есдүгээр сарын 16-нд “Ёс зүйн хичээлийн хөтөлбөр” нэгдсэн сэдэв дор өрнөсөн. Тухайн өдөр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны орлогч дарга Ц.Чимэддондог “Сэтгүүл зүй дэх гадаад дотоод зохицуулалтын харьцуулалт, орчин цагийн ёс зүйн баримт”, “Европын Холбооны улсуудын ёс зүйн шинэ хандлага Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмын үзэл баримтлалд шингэсэн нь” сэдвээр илтгэл тавьж, Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдлууд дээр түшиглэсэн кэйс хэлэлцүүлэг өрнүүлсэн. Түүнчлэн “Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн зарчим: Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ур чадварыг хэрхэн төлөвшүүлэх вэ?” сэдвээр сэтгүүлчидтэй санал бодлоо солилцон, асуултад хариулсан юм.
Дараа сарынх нь 18-нд болсон хоёр дахь удаагийн сургалтын үеэр “ФАТФ саарал жагсаалт” сэдвээр өрнүүлсэн. Монгол Улсыг ФАТФ “саарал жагсаалт”-д оруулсан нь тухайн үед олны анхаарлыг татаж, сэтгүүлчдийн зүгээс санал хүсэлт ирсэн тул уг сэдвийг сонгосон нь цаг үеэ олсон юм. “Саарал жагсаалт” Монгол Улсад ямар нөлөө үзүүлэхийг эдийн засаг болон хуулийн талаас нь тайлбарласан дээрх сургалтад 26 сэтгүүлч оролцжээ. Энэ үеэр Өмгөөлллийн “Авинекс партнерс” ХХН-ийн гүйцэтгэх захирал, Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Солонго “Саарал жагсаалт”-д орсон шалтгааныг хуулийн талаас нь тайлбарласан бол ХасБанкны ерөнхий эдийн засагч, Монголын бизнесийн зөвлөлийн Ажлын хэсгийн дэд дарга С.Болд эдийн засгийн шалтгаан, нөлөөллийг нь хөндсөн илтгэл тавьсан.
Гурав дахь сургалт 2019 оны арваннэгдүгээр сарын 8-нд болох үеэр эдийн засагч Ч.Отгочулуу “Мега төслүүд ба түүний эдийн засагт үзүүлэх ач холбогдол”, нийтлэлч Баабар “Хэвлэл мэдээллийн хараат бус байдал, чөлөөт хэвлэлийн ач холбогдол ба тэдгээр нь тэгш оролцоот засаглал, ардчилалтай уялдах нь” сэдвээр илтгэл тавьжээ. Мөн нийтлэлч Баабар энэ өдөр “Сошиал медиа хэвлэл мэдээлэл болон сэтгүүл зүйд үзүүлэх нөлөө” сэдвээр байр сууриа хуваалцаж, сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэгвэл дөрөв дэх сургалт 2019 оны арваннэгдүгээр сарын 15-нд болох үеэр гурван илтгэгч оролцсон. Эхний илтгэлийг МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Болд-Эрдэнэ “Эдийн засгийн чиглэлийн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйд тулгамдаж буй асуудлууд–эдгээрийг ямар арга замаар даван туулах вэ?” сэдвээр тавьж, барууны хэвлэл мэдээллийн стандарт болон туршлагаас хуваалцсан. Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн сургагч багш А.Амартүвшин “Мобайл сэтгүүл зүй-Эрэн сурвалжлах сэтгүүл зүй” сэдвээр илтгэл тавьж, туршлага солилцсон бол “Мандал даатгал” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг банк санхүү, хөрөнгийн зах зээлийн талаар илтгэл тавьсан юм. Сургалт, лекцийн дараа сэтгүүлчид Дэлхийн санхүүгийн түүхийн музейтэй танилцсан нь сонирхолтой байв.
Сүүлийн сургалт энэ сарын 24-нд банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн талаар өрнөж, Монголын бизнесийн зѳвлѳлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан, Худалдаа хѳгжлийн банкны ТУЗ-ийн гүйцэтгэх дэд дарга Рандолф Коппа, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Б.Даваадалай, “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мѳнхжаргал, Олон улсын санхүүгийн корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов нар илтгэл тавьж танилцуулга хийсэн. Мөн энэ удаагийн сургалтын нээлтийн үеэр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Катрин Ивкоф Канад Улсад хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэдгийг дурдаж, манай улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар дурдаж байлаа. Сэтгүүлчдийг чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нь бэхжүүлэх танхимын сургалтад идэвхтэй оролцсон сэтгүүлчдэд сертификат гардуулсан юм.
Ц.Болор