Манай улс шинэ цагийн иргэдийнхээ хэрэгцээ, шаардлагыг хангахуйц боловсрол олгож чадахгүй байгааг нийтээрээ шүүмжилж буй. Тэгвэл үүнийг хэрхэн баталгаажуулах вэ. Шат шатны боловсролын байгууллагын сургалтын чанар, хөтөлбөр тэгтлээ дордож уу. Чадамж нь ямар байгаа юм бол. Орчин үеийн боловсролын чиг хандлагатай манайхны сургалтын баримт бичгүүд уялдаа холбоотой юу. Хэрэгжилт нь ямар байна вэ. Эдгээр асуултыг “өвөртлөн” Боловсролын хүрээлэнг зорилоо. Тэд 2019 онд хийсэн онцлох судалгаанууд, түүний үр дүнг танилцуулах өдөрлөгийг өнгөрсөн мягмар гарагт зохион байгуулсан юм. Тус хүрээлэнгийнхэн бүх шатны боловсролд судалгаа, үнэлгээ хийж, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад оролцдог билээ. Тэр ч утгаараа салбарынхаа болж, бүтэхгүйг судалгаа, нотолгоотой “илчилж”, санал, дүгнэлтээ уг өдөрлөгөөр дамжуулан шийдвэр гаргагчдад хүргэхийг зорьжээ.
ХҮҮХДИЙН ОЮУН УХААН, БИЕ БЯЛДРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТОГЛООМ ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД БАРАГ АЛГА
Хүний тархины хөгжлийн 80 хувь нь зургаа хүртэлх насанд бүрэлддэг болохыг эрдэмтэд баталсан. Энэ нь хүүхдийг аль болох бага наснаас нь хөгжүүлбэл төсөөлснөөс ч илүү үр дүнтэйг хэлж буй юм. Тодруулбал, дэлхий нийтийн чиг хандлагыг харахад бүх боловсролын суурь нь зургаа хүртэлх насанд тавигдаж байна. Харин манайд сургуулийн өмнөх боловсролын чанар хангалтгүй, цэцэрлэгийн хүрэлцээ муугаас жил ирэх тусам сургалтын хөтөлбөрийн дагуу хичээллэхэд хүндрэл үүсгээд буй юм. Цэцэрлэгийн хүүхдүүдийг улсаас баталсан хөтөлбөрийн дагуу сургадгийг ч мэддэггүй эцэг, эх цөөнгүй. Тиймээс бүгдийг боловсролын байгууллагад даатгах биш, цэцэрлэгээс нь эхлээд хүүхдээ ямар хөтөлбөр, төлөвлөгөөгөөр сурч байгааг анхаарч, лавлан, хяналт тавих хэрэгтэй гэсэн үг.
Салбарын сайдын 2013 оны 327 дугаар тушаалаар баталсан Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогод “Бага насны хүүхдийн суралцахуйн талаар дэлхийн улс орнуудын баримталж буй чиг хандлага, монгол хүүхдийн онцлогт баримжаалан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Сургалтын хөтөлбөрийн зорилго, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээ нь хүүхдийн хөгжлийн ахиц, амжилтын үр дүнд чиглэсэн байна” гэж заажээ. Тэгвэл сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр эдгээр үүргийг “биелүүлж” чадаж байгаа, эсэхийг Боловсролын хүрээлэнгийнхэн судалсныг товчхон сийрүүлье.
Судалгааны багийнхан цэцэрлэгийн гадаад, дотоод орчин, суралцах үйл ажиллагааг хөндлөнгөөс ажиглах, удирдлагатай нь ярилцах, бэлтгэсэн дасгал, даалгавраар хүүхдийн мэдлэг чадварыг хэрхэн үнэлж байгаа зэргийг судлахад тийм ч хангалттай дүн гараагүй аж. Судалгаанд оролцсон цэцэрлэгүүдийн 50 хувь нь гадаад орчны стандарт хангаагүй, 55.7 хувь нь байгалийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн сургалтын хэрэглэгдэхүүнгүй, 72.3 хувь нь гар хурууны булчин хөгжүүлэх тоглоомгүй байж.
Түүнчлэн, хүүхдүүдийн даалгавар гүйцэтгэлийн зарим үр дүн хангалтгүй, аливаа юмсын хажууд, наана байгаа зүйлсийг ялгах наад захын чадваргүй, гурван хүүхэд тутмын нэг нь үлгэр сонсоод ойлгохгүй, асуултад хариулж чадахгүй байсан гэнэ. Харин өөрийнхөө нэр, нас, хүйсийг танилцуулах чадвар 95.5 хувьтай үнэлэгдсэн байна. Судалгааны үр дүнд цөм хөтөлбөрийн бүтэц, бүрэлдэхүүн, хэсгийн холбоо хамаарлыг эргэн харах, багш нарт хичээл заах, аливаа үйл ажиллагааг төлөвлөхөд нь дэмжлэг үзүүлэх байдлаар агуулгыг нь дахин шинэчлэх хэрэгцээ ийнхүү бий болжээ. Хүүхдийг үнэлэх системийг ч багшид ачаалал багатай, тодорхой болгох зайлшгүй шаардлага тулгарсныг судлаачид хэлсэн.
СУРАГЧДЫН СУРЛАГЫН ЧАНАР АНГИ ДЭВШИХ ТУСАМ БУУРЧЭЭ
Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхдүүдийн сурлагын амжилт ямархуу байгааг одоо “тольдъё”. 2014 оноос хэрэгжүүлж буй сургалтын цөм хөтөлбөрийг салбарын мэргэжилтнүүд өнгөрсөн оны эхээр засаж, сайжруулан, өдгөө мөрдөж байна. XXI зууны иргэн ерөнхий боловсролын сургуулиа асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах чадвартай болж төгсөх учиртай. Үүнийг нь сургалтын хөтөлбөрөөр олговол зохино гэж олон улсад үздэг. Харин манай улсын үе үеийн хөтөлбөр багш төвтэй, судлагдахуунд суурилснаараа эл хэрэгцээ, шаардлагыг биелүүлж чаддаггүй аж.
Эдүгээ цөм гэх нэршил үгүй болж, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр хэмээж буй. Асуудлыг шийдвэрлэх, мэдлэгээ ашиглах, боловсруулах чадварыг эзэмшүүлж буй сурагч төвтэй гэх сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх сорилыг хүүхдүүд харамсалтай нь, маш хангалтгүй “бөглөжээ”. Хүрээлэнгийн судлаачид өнгөрсөн онд IV, VIII, XI ангийн хүүхдүүдийн сурлагын амжилтыг үнэлэх шалгалт авсан юм билээ. Тэгэхэд бага ангийнхны мэдлэгээ хэрэглэх чадвар дунджаар 37.5, дунд ангийнхны шинжлэх ухаанч арга барил, мэдлэг бүтээх даалгаврын гүйцэтгэл 28 хувьтай байжээ. Мөн мэдлэгээ хэрэглэх чадвар нь 43, мэдлэг, ойлголт гэсэн сэдвийг 44 хувьтай дүгнүүлжээ. Тэгвэл ахлах ангийнхны туршилт хийх, бүтээлч чадварын үнэлгээ 32, мэдээлэл боловсруулах 36, мэдлэг ойлголтынх 37 хувьтай байна. Боловсролын түвшнээр нь авч үзвэл сурагчдын сурлагын амжилт, чанар бага ангид дунджаар 50.2, дундад 38.3, ахлахад 34.5 хувь болж буурчээ.
Хүүхдүүдийн сурлагын чанар ингэтлээ дордох болсон шалтгааныг судлаачид багш төвтэй сургалт давамгайлж байгаатай холбон тайлбарласан. Судалгаанд оролцсон сургуулиудын 30 орчим хувь нь л хөтөлбөрийн дагуу сурагч төвтэй тогтолцоонд шилжүүлэх оролдлого хийсэн боловч амжилт олоогүй байна. Сургуулиудад шаардлагатай бааз, хэрэглэгдэхүүн дутмаг, зориулалтын лаборатори, кабинетгүй хичээллэдэг зэрэг нь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж олгодоггүй аж.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэхдээ сорилд ихэвчлэн туршилт, судалгаа, бие даан хийх дасгал, даалгаврууд багтдаг ч дээрх шалтгаанаар заримыг нь хүүхдүүддээ огт хийлгэж үзээгүй сургууль ч цөөнгүй. Багш нарынх нь заах арга зүйн төлөвлөгөөнийх нь ч 20-50 хувь л цөм хөтөлбөртэй холбоо хамааралтай байжээ. Энэ мэт шалтгаанаар сурагчид математик, хими, физикийн сорилыг дунджаар 7.7-32.1, мэдээлэл зүй, нийгмийн ухаан, биеийн тамирынхыг 20-40, монгол хэл, газар зүй, англи хэлнийхийг 10-40 хувьтай гүйцэтгэсэн гэнэ.
Дээд боловсролын чанарын үзүүлэлт ч өнгөрсөн онд сайнгүй үнэлэгджээ. Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөр, Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журмыг шинэчлэх санал судлаачид гаргасан аж. Хөтөлбөр, төлөвлөгөөг их, дээд боловсролын шинэчлэлийн бодлоготой нийцүүлэн, сургалтын орчин, хүртээмжийг нь сайжруулах замаар оюутнуудын сурлагын чанарыг дээшлүүлэх шаардлага тулгарсныг албаныхан хэлэв. Энэ мэтчилэн шат шатны сургалтын байгууллагын чанар муудаж, оюутан, сурагчдын сурлагын амжилт буурсаар. Боловсролын системийг сууриас нь эхлээд нэлэнхийд нь “хуулахгүй” л бол энд, тэнд нь жижиг, сажиг “мэс ажиллавар” хийгээд өсөж, өндийхөө өнгөрч. Тиймдээ ч “Өнөөдөр” сонин боловсролын “хувьсгал” эхлүүлэх уриалга гаргаад буй билээ.