МУЗН Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилтийн хөтөлбөр буюу гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлийг бууруулах үүднээс эрт хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны журам боловсруулжээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас боловсруулан гаргадаг зудын эрсдэлийн зургийн дагуу гурав ба түүнээс дээш аймгийн нийт нутаг дэвсгэрийн 20-иос дээш хувь нь зудын нэн өндөр эрсдэлтэй гэж гарсан тохиолдолд эрт хариу арга хэмжээ авах зорилготой эл үйл ажиллагааг өчигдрөөс эхлүүлж буйгаа тус байгууллагын удирдлага мэдээллээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 2-ны байдлаар нийт найман аймагт зудын нэн өндөр эрсдэлтэй байгааг мэдээлсэн. Үүнд хамрагдсан Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймгийн 1000 малчин өрхөд МУЗН 240 мянган төгрөгийг бэлнээр олгохоос гадна малын эрдэс тэжээлийн багц (мөнгөн дүн нь 170 мянган төгрөг орчим) хүргүүлэх гэж байгаа аж. Өмнө нь МУЗН зуд болсны дараа буюу гамшгийн нөхцөлд байгаа хүмүүст тусламж хүргэдэг байсан бол энэ удаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буйг ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа онцолсон. Мөн өмнөх жилүүдэд 192 мянган төгрөг бэлнээр олгодог байсан бөгөөд энэ удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор 240 мянга болгон өсгөжээ. Түүнчлэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах, тээвэрлэхэд багагүй зардал гардаг тул тусламжийг бэлэн мөнгөөр олгох нь оновчтой, зорилтот бүлэгт чиглэж чаддаг гэнэ.
Энэхүү хүмүүнлэгийн тусламжийг олгох малчин өрхийг сонгоход тухайн аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмай хороо хамтран ажиллах юм байна. Ингэхдээ дараах шалгуур үзүүлэлтийг хангасан малчин өрхийг сонгох гэнэ. Тодруулбал,
- 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эсвэл эх
- 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл
- 16-гаас доош насны таваас дээш хүүхэдтэй гэр бүл
- 200 хүртэлх малтай өрх байх аж.
Эдгээр аймгийн зудын эрсдэлийг харгалзан, Өвөрхангайд 15 сумын 200, Архангайд 10 сумын 100, Ховдод долоон сумын 150, Говь-Алтайд 11 сумын 200, Дундговьд есөн сумын 100, Булганд долоон сумын 100, Сүхбаатар, Хэн-
тийд тус бүр дөрвөн сумын 75 малчин өрхийг сонгон, дээрх тусламжийг хүргэх бөгөөд бэлэн мөнгийг ХААН банкаар дамжуулан олгоно. Тус банк ямар нэг шимтгэл, суутгал тооцолгүй олгох
үүрэг хүлээжээ. Өрх бүрийн 240 мянган төгрөг болон малын эрдэс тэжээлийн багцыг Цагаан сарын өмнө олгохоор төлөвлөсөн байна. Хоёр, гуравдугаар сард хөдөө, орон нутагт нөөцийн өвс, тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр худалддагийг ч мөн харгалзсан аж.
Цаашид өвөлжилт хүндэрч, зудын аюул нүүрлэвэл тусламж хийгээд зорилтот бүлгийн цар хүрээг нэмэгдүүлэх, эсэхийг тухайн үед нь шийдэх юм байна. Ийнхүү гадаадын түнш байгууллага, холбоод манай малчдад тусламжийн гараа сунгаж буйтай адил Австралийн ойн түймэрт өртсөн иргэдэд туслах хандивын аяныг МУЗН эхлүүлж буйгаа энэ үеэр мэдэгдсэн юм. Манай Засгийн газраас олгосон 45 мянган ам.долларын хандивыг Австралийн Улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан олгосон юм байна. Хандивын аяны хүрээнд 60 сая төгрөг цуглуулах зорилготой байгаа бөгөөд үүнд нэгдэхийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалав.