Нэн ховор, “Улаан ном”-д орсон цаа бугын тоо сүүлийн 10 орчим жилд тогтмол өссөн таатай мэдээ байна. Хөвсгөл аймгийнхан өнгөрсөн оны сүүлчээр цаа бугуудаа тоолжээ. Уг тооллогоор тус аймагт 2636 цаа бүртгэгдсэн нь 2018 оны дүнгээс 240-өөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Далайн түвшнээс 2300-3000 метр өндөр уул, тайгад нутагладаг тус амьтан Хөвсгөл нуур орчимд тархсан. Монголд 1953 оноос цаа буга агнахыг хориглон, Амьтны тухай хуулийн дагуу нэн ховор амьтны жагсаалтад багтааж, “Улаан ном”-д оруулжээ. Хэдийгээр ийн хамгаалсан ч хууль бус агнуур уг амьтанд заналхийлсээр байсан юм. Хууль бус агнуур 1990-ээд оноос улам гаарч, манай орон дахь цааны тоо эрс цөөрөн, тархац нутаг нь бараг 50 хувиар хумигдсан аж. Энэ мэт шалтгааны улмаас 1996 онд Монголд ердөө 200-400 цаа буга бүртгэгдсэн байна. Харин сүүлийн жилүүдэд хууль бус агнуурын нөлөө багассаны ачаар ийн тогтмол өсөж буй гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч