Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийт нутгийн 60 гаруй хувьд зуд болох эрсдэлтэйг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлсэн. Уг үзүүлэлт өөрчлөгдөж, өдгөө 70 гаруй хувьд хүрчээ. Үүнд Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Завхан, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн нийт нутаг хамрагдсан байна. Мөн Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорнод, Өмнөговь аймгийн зарим сумд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл үүссэн гэнэ. Энэ нь зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрсэн, цасан бүрхүүл харьцангуй эрт тогтсон зэрэгтэй холбоотой аж. Тухайлбал, малчид отор нүүдэл их хийснээс зарим нутагт бэлчээрийн даац хэтэрч, туурайн зуд болох эрсдэл үүсжээ. Түүнчлэн зарим сумд цас бага унаснаас мал сүрэг усаар гачигдан, харын зуд нүүрлэх төлөв гарсан байна.
Монгол орны нийт нутгийн 70 орчим хувь нь өдгөө цастай аж. Увсын Малчин, Хяргас, Завханы Их-Уул, Баянтэс, Нөмрөг, Баянхайрхан, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Хөвсгөлийн Галт, Сэлэнгийн Ерөөд 20 см-ээс зузаан цас тогтсон нь одоогоор дээд үзүүлэлтэд тооцогдож байна. Цаашид цас нэмж орох, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндэрвэл зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, зөвлөмж гаргах гэнэ.
Ташрамд дурдахад, энэ сард нийт нутгаар агаарын температур олон жилийн дунджийн орчим байх бол 25- наас хүйтний эрч чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Энэ сарын 10-ны үед, мөн сүүлийн 10 хоногт зарим нутагт цас орж, шуурах төлөв гарчээ.
Бэлтгэсэн: М.Оч