Олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг энэ оны эхнээс 50 мянган төгрөгөөр нэмж байна. 1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм.
Мөн нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тогтоолгоогүй иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой боллоо. Нэг сард төлөх шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгийн 10 хувь буюу сард 42 мянган төгрөг байхаар тогтоожээ. Шимтгэлээ хэдэн жилээр нөхөн төлөх нь тухайн иргэний сонголт байх гэнэ. 1995-2019 онд шимтгэл төлж чадаагүй иргэд 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор үндсэн болон түр оршин суугаа газрынхаа нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргах ёстой аж. Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл нөхөн төлөхтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг иргэдэд тухай бүрт нь өгөх юм байна. Үүний хүрээнд 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн шимтгэлээ нөхөн төлнө гэсэн судалгаа гарсан байна.