Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн малчин А-гийн хотонд чоно орж, гэрээсээ гарсан малчны зүүн гарын дунд хурууг хазаж, нэг үхэр, нэг адуу, хоёр нохой ноцжээ. Энэ сарын 13-нд уг явдал болсон бөгөөд тухайн иргэн чоныг буудаж устган, холбогдох газарт хандсан байна. Аймгийн мал эмнэлгийнхэн чонын толгойг шинжлэхэд урьдчилсан байдлаар эерэг хариу гарчээ. Тиймээс Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид баталгаажуулах шинжилгээ хийж, галзуурсан чоно болохыг тогтоосон байна. Аймгийн Онцгой байдлын болон Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын төвийн баг энэ сарын 15-17-д голомтод ажиллаж, хариу арга хэмжээ авчээ. Энэ талаар аймгийн Онцгой байдлын газрын ажилтан Ш.Эрдэнэбаяраас тодруулахад “Тариат сумын Засаг даргын захирамжийн дагуу арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон. Чононд уруулсан хүнийг галзуу өвчний эсрэг вакцин болон эмчилгээнд хамруулж байна. Галзуу чононд малчин А-гаас өөр хазуулсан хүн байхгүй. Голомтод байгаа дөрвөн айлын 934 малд галзуугаас сэргийлэх вакцин тарьж, чононд хазуулсан нохой, адуу, үхрийг устгасан” гэлээ.
Бэлтгэсэн: Б.Уянга