Алтай, Соёны бүсийн ихэнх нутгаар энэ жил бэлчээрийн гарц муу, цас их орсон нь монгол бөхөн идэш тэжээлийн хомсдолд орж, тоо толгой нь цөөрөх эрсдэл үүсгэжээ. Дээрээс нь монгол бөхөнгийн тархац нутагт малчид олноор нутагласан нь дээрх эрсдэлийг нэмж буй. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас бэлчээрээ хэрхэн зохистой ашиглахыг сурталчлах “Тэмээтэй залуус” явуулын аяныг зохион байгуулав. Аянд нутгийн малчин залуус нэгдэж, тэмээ хөлөглөн явуулын сурталчилгаа хийсэн гэнэ. Мөн бөхөн хамгаалах сүлжээ багийн гишүүд ч бөхөнгийн тархац нутагт амьдардаг 60 өрхийн 100 гаруй малчинтай уулзжээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр малчид “Энэ жил монгол бөхөн их цөөхөн байна. Арай ч ингэж ховорддоггүй. Өвөл хэцүүхэн болох нь” гэж ярьжээ. Түүнчлэн “Бэлчээрийг хуваарьтай ашигладаг болох хэрэгтэй. Энд эрх зүйн зохицуулалт алга. Олон биш, чанартай цөөн малтай байх нь эдийн засгийн хувьд ч, бэлчээрийн даацад ч хэрэгтэй” гэжээ. Сүүлийн гурван жилд бог малын мялзан төст өвчин, идэш тэжээлийн хомсдол, их хүйтрэлийн улмаас монгол бөхөн олноороо хорогдож 2018 оны арванхоёрдугаар сарын тооллогоор 3800 хүрэхгүй үлдсэн талаар бид мэдээлж байв. Уг нь 2014 оны байдлаар монгол бөхөнгийн тоо толгой 14 мянгад хүрч, тархац нутгаа тэлсэн гэдэг. Харамсалтай нь, 2016 оны сүүлчээр дэгдсэн бог малын мялзан өвчний улмаас тоо толгой нь эрс цөөрсөн аж. Өдгөө өвчний тархалт зогссон ч 2017, 2018 онд жил дараалан ган, зуд болсноор эл амьтан идэш тэжээлийн хомсдолд оржээ.