Байгальд ургасан цэцэгс үржлийнхээ явцад багахан хэмжээний шингэн ялгаруулдаг. Тус шингэнийг балт зөгийн сүрэг хошуугаараа сорж цуглуулан, ажилчин зөгийд дамжуулна. Ажилчин зөгий түүнийг нь шүлсний булчирхайн тусламжтай боловсруулснаар бидний хэрэглэдэг амтат зөгийн бал болж хувирдаг юм. Эл шат дамжлага нь байгаль дахь экологийн тэнцвэрт зүй тогтлыг бий болгодог онцлогтой. Цэцэгт ургамлын ёроолд тунасан шүүсийг зөгий авах үед цэцгийн тоосонцрыг биедээ нааж, дараагийнхад нь суух үедээ дамжуулан хүртээснээр ургамлын үржлийн үйл явцад чухал нөлөө үзүүлдэг байна.
...Иймээс зөгийн аж ахуйг тусгай хамгаалалттай газар нутагт эрхэлж болно. Манай улсад одоогоор 17 аймгийн 87 аж ахуйн нэгж, 1000 гаруй зөгийчний 16 мянга орчим зөгийн бүл бий...
Дэлхийд нийт 100 сая орчим зөгийн бүл байдаг гэнэ. Тэдний 90 саяыг нь ургамалд тоос хүртээх зорилгоор ашигладаг. Харин үлдсэн 10 хувийг л зөгийн бал цуглуулах зорилгоор “ажиллуулдаг” байна. Балт, тоост ургамал, байгалийг нөхөн сэргээх үйл явцад хамгийн сайн үр нөлөө авчирдаг нь зөгийн аж ахуй. Иймээс зөгийн аж ахуйг тусгай хамгаалалттай газар нутагт эрхэлж болно. Манай улсад одоогоор 17 аймгийн 87 аж ахуйн нэгж, 1000 гаруй зөгийчний 16 мянга орчим зөгийн бүл бий. Зөгийн бүлийн тоог хоёр сая хүртэл нэмэгдүүлэх боломж бий гэнэ. Улмаар Монгол орны нутаг дэвсгэрийн гуравны хоёрыг байнгын болон түр зуурын зөгийн бэлчээрт ашиглах боломжтой аж. Нэг зөгийн бүл ойролцоох 10 километр газар нутагт тоос хүртээдэг. Иймээс бүлийн тоо өсөх тусам манай оронд ургадаг “Улаан ном”-д орсон зарим ургамал нэмэгдэх боломжтой. ХХААХҮЯ-наас зөгийн аж ахуйг өргөжүүлэх бодлого баримталж буй юм билээ. Тиймээс ч зөгийн балыг Монголоос гадаад оронд нийлүүлэх 10 чухал бүтээгдэхүүний нэг болгох зорилт тавьжээ. Дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй экспортлох боломж манайд бий гэнэ.
Монголчууд жилд 600-650 тонн зөгийн бал хэрэглэдэг. Үүний гуравны нэг буюу 240-250 тонныг дотоодоосоо хураадаг байна. Үлдсэн хувь буюу 360-370 тонн зөгийн бал импортолж хэрэглээгээ хангадаг аж. Герман, Орос, Өмнөд Солонгос, Вьетнам, Америкаас голдуу цөгийн бал импортолдгийг холбогдох яамны судалгаанд тэмдэглэжээ. Зөгий нь цэцэгт агуулагдах хамгийн шимт бодисыг цуглуулж бал гаргадаг учир байгалийн цэвэр органик бүтээгдэхүүнд тооцогддог. Тэр тусмаа далайн түвшнээс дээш 800 метрийн орчинд ургадаг цэцэгсийн тоос хүртсэн зөгийн бал хүний биед нөлөөлөх эмчилгээний чанар маш сайн байдгийг судлаачид тогтоожээ. Монгол Улс далайн түвшнээс дээш 900-1500 метрийн өндөрт оршдог. Тиймээс зөгийн балын чанар дэлхийд шилмэлд тооцогддог. Үүнээс гадна манай оронд үйлдвэрлэж буй зөгийн бал байгалийн цэвэр бүтээгдэхүүн.
Харин импортоор оруулж ирдэг балын найрлагын 40 хувийг элдэв нэмэлт найрлага бүхий зүйлс бүрдүүлдэг аж. Импортын зөгийн балаас дотоодынх чанараар илүү ч үнэ нь адилхан. Гэсэн ч бид зөгийн балын зах зээлээ өргөжүүлж чадахгүй байна. Дэлхийн зах зээлд зөгийн балаа таниулах, борлуулахад хангалттай анхаарч чадахгүй байгааг салбарынхан ярилаа. Хятад улс зөгийн балны экспорт, импортоор дэлхийд тэргүүлдэг. Гэсэн хэдий ч рапс, гурвалжин будаа зэрэг таримал ургамлын тоос хүртсэн зөгийн балын зах зээл нь давамгайлдаг. Тиймээс тус улсад манайд байдаг шиг органик зөгийн балын эрэлт их. Урд хөршөөс гадна манай оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан Япон Улс зөгийн бал авахыг сонирхдог гэнэ. Харин манай бүтээгдэхүүний сав, баглаа боодол болон эрүүл ахуйн стандартад тэнцдэггүй гэх бэрхшээлтэй тулгардаг аж. Орц, найрлагыг нь эрүүл ахуйн стандартад нийцүүлсэн ч түүнийг нь баталгаажуулах лабораторийн багаж, тоног төхөөрөмж манайд байдаггүй гэнэ. Зөгийн аж ахуйг хөгжүүлэх боломж, нөөц их, гадаад зах зээлд эрэлт хангалттай байгаа ч зохион байгуулалт, дэмжлэг дутдаг ажээ.
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ: ИМПОРТЫН ЗӨГИЙН БАЛ МОНГОЛЫНХООС ҮНЭТЭЙ Ч ИЛҮҮ ЭРЭЛТТЭЙ
Зөгийн бал үйлдвэрлэгч “Перма күльтур хөгжил” компанийн захирал Ж.Эрдэнэцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та хэдэн жил зөгийн аж ахуй эрхэлж байгаа вэ?
-Би зөгийн аж ахуй эрхлээд долоон жил болж байна. Зөгийн балыг таримал болон зэрлэг цэцэгсийнх гэж ангилдаг. Манайх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Карников гэх хээрийн бүс нутгаас зэрлэг байгалийн цэцэгсийн бал хураадаг 200 гаруй зөгийн бүлтэй. Жилд дунджаар хоёр тонн орчим бал хураадаг.
-Таримал болон зэрлэг цэцэгсийн бал гэж ангилдаг гэлээ. Чанарын хувьд ямар ялгаатай вэ?
-Зэрлэг цэцэгсийн балны амт, эмчилгээний чанарыг нь бодоход таримал ургамлынхаас илүү. Түүнийгээ дагаад үнэ нь өндөр байдаг. Эмчилгээний цэцэгт ургамлууд бусад цэцэгсийг бодоход шүүс ихтэй. Тиймээс зөгий голцуу эмийн чанартай ургамлаас балаа цуглуулдаг гэсэн үг. Байгалийн зэрлэг цэцэгсээс хураасан бал хамгийн эрүүл, тэжээллэг бүтээгдэхүүн болж хувирдаг. Жишээ нь, бэр цэцэг, мангир, гогод, туфлин зэрэг балт ургамлаас хүний биед маш сайн шимт бодис ялгардаг. Тодруулбал, гэдэс дотор, толгой, шүд, уушги, зүрхний өвчлөл, ядаргаа гэх мэтэд тустай.
-Зөгийн балны өнгө төрлөөсөө хамаараад өөр байдаг байх аа?
-Энэ нь ямар цэцгээс бал цуглуулсан бэ гэдгээс хамаарна. Жишээ нь, гурвалжин будаанаас хар бор өнгийн өтгөн бал гардаг бол рапсынх шаргал, шингэн байдаг. Хөвөнт цэцгээс бор хүрэн өнгийн бал гардаг. Хар бор өнгийн балын чихрийн хэмжээ бусад балынхыг бодоход бага. Тиймээс цусан дахь чихрийн хэмжээ их хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Харин шаргал өнгийн бал ургамлаас харшилтай хүмүүст илүү үр нөлөөтэй. Зунаас урьтаж өвөл, хаврын эхэн сард хэрэглэвэл харшил хөдлөхөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ болдог.
-Зөгийн аж ахуй эрхлэхэд ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Зуншлага муу жил цэцэг, ургамлын ургац бага байдаг учраас бэрхшээл их гардаг. Жишээ нь, өнгөрсөн зуны эхэн сард гандуу байсан. Энэ нь балт цэцгүүд үрээ боловсруулж амжилгүй үхэх эрсдэл бий болгосон. Хэрэв үрээ боловсруулж чадаагүй бол зуны дунд үед цэцэглэдэггүй. Улмаар хангалттай бал хурааж чаддаггүй гэсэн үг. Мөн баавгай ихтэй жил хээрийн бүсээр явах аюултай учраас балаа хураахад бэрхшээл тулгардаг. Энэ жил баавгай их байсан учир нэг тонн орчим л бал хураасан. Бас санхүүгийн боломж тааруу байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олддоггүй учраас байр, сууцны асуудал үргэлж дагалддаг. Дээрээс нь худалдан авагчид зэрлэг цэцгийн балын ашиг тусыг мэддэггүй тул сонирхдоггүй. Манайхаас илүү Орос, Германаас оруулж ирсэн зөгийн балыг худалдаж авдаг. Уг нь монгол зөгийн бал импортын балыг бодоход илүү органик. Хэдий ийм ч зарим нь манайхаас ч илүү үнэтэй. Ер нь монголчуудын дунд гадаад бүтээгдэхүүн илүү чанартай гэсэн хандлага бий болчихсон шүү дээ. Хамгийн гол бэрхшээл бол манай орноос зөгийн бал экспортлоход боломж, нөхцөл нь бүрдээгүй явдал. Ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүйн улмаас их хэмжээгээр хил давуулж болдоггүй. Зөвхөн үзэсгэлэн худалдаанд оролцох зорилгоор л 100-200 кг зөгийн бал гаргахыг зөвшөөрдөг.
Бэлтгэсэн: Т.Идэр