“МУИС-ийн оюутнууд муу сурах эрхгүй” гэж ярих болсон байна лээ. Шинэхэн байр, номын фонд, үйлчлүүлэгчдийн тоо гээд аль ч талаасаа улсын ууган их сургуулийн оюутан байхын учир холбогдол, нэр хүндийг илтгэх энэ үг оргүй, хоосон биш ээ. МУИС-ийн номын санч П.Ганчимэгийн ажлын нэг өдрийг сурвалжиллаа.
06.55 цаг. Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, “Цайз”-ын 17-188 тоот. Гэрийн эзэд цайлж сууна. Хүү, охин хоёр нь тусдаа гарсан тул тэд биеэ бөөцийлөөд л ажилдаа гардаг гэнэ. Өрхийн тэргүүн Ш.Батдорж бас номын санч мэргэжилтэй. Соёл, гэгээрлийн дунд сургууль (одоо СУИС-ийн харьяа Соёлын дээд сургууль)-ийн “бүтээгдэхүүнүүд”. П.Ганчимэгийн ангийн 33 хүүхдээс ердөө гурав нь эрэгтэй байсан бол нөхөр нь ангийнхаа хоёр хөвгүүний нэг нь аж. Эрэгтэй номын санч их цөөхөн байх шүү.
Номын санч хүмүүс хойно хоймортоо цөөнгүй ном залжээ. Байшингийнх нь дээд давхарт илүү олон ном байгаа гэсэн.
07.10 цаг. Тэр энэ цагт гэрээс гардаг. Үүнээс оройтвол хоцорно. Хашаанаас тийм ч холгүй хөнгөн тэрэгнүүд “жагсчихаж”. Тэд хүмүүсийг 500 төгрөгөөр автобусны буудалд хүргэж өгдөг. П.Ганчимэг байнгын үйлчлүүлэгч нь. Зун, дулааханд заавал “500-гийн унаа”-нд суух албагүй ч машины босгох шороо хачин их учраас алхаж чаддаггүй гэсэн.
07.15 цаг. Автобусны буудалд ирэв. Түүний “унаа” тэгтлээ хүлээлгэсэнгүй. “Шар хад-ТЭЦ-3” чиглэлийн автобус түүнийг ажлынх нь үүдэнд авчирдаг.
Номын санч болно гэж зүүдлээ ч үгүй явсан түүнд “Соёл, гэгээрлийн дунд сургууль” гэх нэр хачин гоё санагдаж байснаа автобусанд явахдаа хуучлав. “Сургуульдаа ороогүй бол би Чех явж гуталчин мэргэжил эзэмших байсан биз” гээд инээсэн. Тэрбээр 1989 онд сургуулиа төгсөөд Анагаах ухааны эрдэм шинжилгээний төв номын санд орж 1993 он хүртэл ажиллажээ. Ажилд орсон анхны жил өвлийн өвгөнөөр баярын бичиг, 30 төгрөгөөр (түүний сарын цалин 400 төгрөг) шагнуулсан нь шинэхэн номын санчид том итгэл, урам хайрласан гэнэ. “Одоогийн Эрүүл мэндийн яамны хойд талын бор байшингаас ажлын гараагаа эхэлсэн. Эмч, мэргэжил дээшлүүлж байгаа хүмүүс, “Анагаах”-ын багш нарт үйлчилж байгаадаа бахархдаг байв. Хожим нь манайхыг “Анагаах”-ын номын сантай нэгтгэсэн юм билээ. Олон сайхан ном манайд байсан даа, уг нь” хэмээн дурссан. Нөхөр нь төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумынхаа Соёлын төвд музейн эрхлэгчээр томилогдсоноор П.Ганчимэг АУЭШТНС-гийн номын санчийн албаа хүлээлгэн өгчээ.
2000 он хүртэл хөдөө амьдарсан тэд Улаанбаатарт эргэн ирж, П.Ганчимэг 2005 оноос “Газарчин” дээд сургуульд мэргэжлээрээ ажилласан байна. Үүнээс хойш тасралтгүй номын санчаар ажиллахдаа 2012-2015 онд Олон улсын Улаанбаатарын их сургууль, 2015 оноос МУИС-д данслагджээ. Ажил хүртэл нь бүтэн цагийн турш бид юу, эсийг ярих билээ.
08.20 цаг. Ажилдаа ирж, хурууны хээгээр ирцээ бүртгүүлэв. Цахилгаан шатаар дөрвөн давхарт гарч, уншлагын танхимаа онгойлгон, гэрэл, компьютер, интернэт холболт гээд цахилгаан төхөөрөмжүүдээ асаалаа. Дүрэмт хувцсаа ч өмсөв.
08.30 цаг. Ажлын цаг эхэлж, анхны үйлчлүүлэгч орж ирлээ. МУИС-ийн эхний улирлын шалгалт эхэлсэн тул үйлчлүүлэгч олон, ачаалал ихтэй, уртасгасан цагаар ажиллаж буй аж. Түүний хариуцсан хэсэг болох эрдэм шинжилгээний уншлагын танхим бүр ч ачаалалтай. Учир нь тус танхим магистрант, докторант, багш нараас гадна зочид (МУИС-ийн бус үйлчлүүлэгч), бакалаврын зэрэг авахаар суралцаж буй оюутнуудад үйлчилдэг. Тус танхимын фондод бүх ном (монгол хэл дээр 53, орос хэлээр 102, англи хэлээр 20 мянган номтой) байдаг учраас сургуулийн хэмжээнд ганцхан хувь байгаа бүтээлийг бакалаврын зэрэг горилж буй оюутнууд тэндээс захиалж хэрэглэх боломжтой. Гэхдээ тэд эрдэм шинжилгээний уншлагын танхимд сууж үйлчлүүлэх эрхгүй (Ингэхэд тэдний ашиглах ёстой нийгэм, хүмүүнлэгийн болон байгалийн ухааны уншлагын танхим эрдэм шинжилгээнийхээс илүү юү гэхээс дутуугүй тохилог юм билээ). “Бакалавр”-ынхан ганцхан хувь байгаа номыг танхимаас гадуур ашиглаад, ажлын цаг дуусахаас урьтаж буцааж тушаах үүрэгтэй.
Ер нь ганцхан хувь байгаа ховор номыг хэнбугайд ч гэрээр нь хэрэглүүлж болохгүй. Нөгөө талаас эрдэм шинжилгээний уншлагын танхимд чөлөөт сонголттойгоор үйлчлүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, номын санчаар номоо зөөлгөдөг хуучны гэмээр дүр төрхийг тэндээс харж болно гэсэн үг. Харин чөлөөт сонголттой уншлагын танхимд оюутан өөрөө өөртөө үйлчлэх бөгөөд номоо эргүүлж, гарчиглаж байгаад аль шаардлагатайг нь авч ашиглах орчин бүрдүүлжээ. Бакалаврын зэрэг авахаар суралцаж буй оюутнуудад зориулсан танхимуудыг чөлөөт сонголттой болгочихсон юм билээ. Гэхдээ магистр, докторын зэрэг хамгаалсан хүмүүсийн судалгааны ажлыг эрдэм шинжилгээний уншлагын танхимаас чөлөөт сонголттойгоор авч ашиглах боломжтой гэсэн. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд төдийгүй гадаадад эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүсийн судалгааны ажлыг тус танхимд хүлээн авдаг юм байна. Одоогоор магистрын бүх судалгааны ажлыг онлайн хэлбэрт оруулсан тул МУИС-ийн багш, оюутнууд дотоод сүлжээ ашиглан тэдгээртэй танилцах боломж бүрдээд буй аж.
Урагдсан номуудыг сэлбэн засуулахаар номын санч Н.Оюунчимэгт хандав
09.10 цаг. Онлайн каталог ашиглаж чадахгүй байгаа оюутанд туслав. Номын нэр, зохиогчоо мэдэхгүй, “Нэг тиймэрхүү хавтастай, ийм зурагтай ном хэрэгтэй байна” гэж бүдэг бадаг зүйл ярьж орж ирдэг хүн өнөө хэр нь байдгийг П.Ганчимэг хэлсэн. Ийм тохиолдолд тухайн үйлчлүүлэгчид хэрэгтэй номын эрэлд тэд хамтдаа гардаг. “Аль чиглэлээр ямар ном түлхүү хэрэглэдгийг бараг гадарлахтайгаа болчихсон байдаг учраас юутай ч эхний ээлжинд чиглүүлэх номыг нь олоод өгчихдөг. Ном, эрдэмд шамдаж байгаа хүнд тусалж, чиглүүлэхдээ багшийн дараа эрэмбэлэгдэх хүн нь номын санч байх ёстой гэж боддог. Багш нар минь ч тэгж л сургаж ирсэн” гэж тэрбээр хэлсэн. П.Ганчимэг “Чөлөөт сонголттой танхимд ажиллахад номуудаа илүү тогтоож, нүдэлдэг юм. Түгээмэл хэрэглэдэг номуудыг гаднаас нь хараад л мэднэ. Аль тавиур дээр байгааг нь ч бараг андахгүй шүү дээ. Харин эрдэм шинжилгээний танхимд номыг дансны дугаараар нь захиалж, үйлчилдэг болохоор мартах гээд байдаг болсон” хэмээж байлаа.
09.35 цаг. Д.Чогсомын “Ерөнхий цаг уур” номыг гэрээр ашиглах хугацаагаа сунгуулах хүсэлт үйлчлүүлэгч тавьсныг ёсоор болгов. Фондод гурван хувиас дээш байгаа номыг нэг удаа долоо хүртэл хоногоор гэртээ ашиглахыг зөвшөөрдөг бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд торгуультай аж.
10.00 цаг. “Чуньхаг бүсгүйн домог” номыг захиалав. Мөн номоо буцаан өгч буй уншигчаас ном хүлээн авч фондод байрлууллаа. Эрдэм шинжилгээний танхимын номын фонд B1 давхарт аж. Уг нь номын фондод шууд хүргэж өгөх цахилгаан шат бий ч засварлаж байгаа гэнэ. Шинэ он гарав уу, үгүй юү ажиллуулахаар засаж байгаа сурагтай. Тиймээс тэд үйлчлүүлэгчдэд зориулсан цахилгаан шат ашиглаж байгаа юм байна. Өдөрт хэдэн арван удаа фонд руу гүйж байгаа хүмүүст зориулалтын цахилгаан шатыг нь даруй засаад өгөөсэй билээ.
Фондын хаалга нээхэд номын үнэр хамар сэтлэх шахав. П.Ганчимэг “Номын үнэр гоё байгаа биз. Гэхдээ эгч нь эндээс тоосны харшилтай болсон хүн дээ” гэв. Хаалганы ойролцоох хананд өрөөний температур, чийгшил заах төхөөрөмж өлгөөтэй байна. Тавиур бүрийн дэргэд хуванцар савтай ус тавьсан нь өрөөний чийгшлийн стандарт хангах арга гэнэ. Савтай ус сар болоход ууршаад, алга болдог аж. Харин ариутгалыг жилд нэг удаа, их цэвэрлэгээг улирал тутам хийдэг юм байна. Их цэвэрлэгээг номын санчид өөрсдөө хийдэг бөгөөд бүх номынхоо тоос, шороог нэг бүрчлэн арилгадаг гэв. Мөн хариуцсан хүн нь өөрчлөгдөх тохиолдолд номоо тоолдог аж.
10.25 цаг. Хэд хэдэн судалгааны ажил, нэг бус номыг сэлбэн засварлагчид хүргэж өглөө. Он цагийн уртад элэгдэж урагдах ном байхад шинээрээ хуудас хуудсаараа салж унах нь ч бий гэнэ. Мөн хэд хэдэн хуудсаар нь хайчлаад авчихдаг хувиа бодсон хүмүүс ч өнөө хэр байх аж (Уг нь хувилах машин ашиглах боломж нь ч нээлттэй) Ийм номуудыг энд сэлбэж, засдаг. Оёж, үдэж, хуудас хуудсаар нь нөхдөг. Одоогоор энэ ажлыг МУИС-ийн хэмжээнд нэг л хүн хийж байна. Тэр нь Н.Оюунчимэг. 10 гаруй жил яг энэ ажлыг хийж байгаа тэрбээр “Дээр үеийн ном чанартай, хавтас нь сайн. Харин сүүлийн үеийн зарим номны чанар маш муу. Үдэж болохгүйг нь оёдог. Ажлын багаж, хэрэгсэл гэвэл гар дрилл, зүү утас л байна даа. Ариутгалын багаж гэхээр зүйл байхгүй” гэв. Хөдөөнөөс хотод оюутан болж ирээд, хүргэн ахындаа амьдрахад эгч минь гэрт нь номын сангаас ном авчрахыг хатуу хориглодог байсан нь тэр мөчид санаанд буух нь тэр. “Хуучин номонд бясаа үүрлэчихсэн байдаг юм” гэж аашилдаг байж билээ, эгч.
11.40 цаг. Уншлагын танхимд 10 гаруй хүн суужээ, нам гүм. Эрдэм шинжилгээний танхимд сууж үйлчлүүлэх эрхтэй хүмүүс нь магистрант, докторант, багш нар учраас “бакалавр”-ынхныг бодвол “томоотой” болохыг П.Ганчимэг хэлэв. “Заримдаа чимээ гаргалаа, нааш цааш их явлаа гэж бид үйлчлүүлэгч нартаа загнуулдаг” гээд тэр инээмсэглэсэн. Гэхдээ тэднийг зогсоо чөлөөгүй хөдөлгөж, нааш цааш номонд гүйлгэдэг хүмүүс нь бакалаврын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа нөхөд. Тэрбээр 10 гаруй оюутанд 30 орчим номыг нь авчирч өгөөд байв.
12.00 цаг. Оюутан охин “Д.Дидрогийн “Гэлэнмаа”-г авъя” гэж хэлж амжаагүй байтал П.Ганчимэг “Өө, миний дүү өнөөдөр (өнгөрөгч пүрэв гараг) хэрэглэх байсан юм бол өчигдөр өгөхдөө хэлчих байсан юм шүү дээ. Тэгсэн бол эгч нь фонд руу аваачиж тавихгүй байсан юм. Номоо шууд авсан бол хэн хэндээ амар байхгүй юу. 20 минутын дараа номоо аваарай” гэх нь тэр. Өнөөх охин өмнөх өдөр нь уг номыг хэрэглэснийг тэрбээр андсангүй. Номын санч хүн номоо ч, уншигчаа ч амархан нүдэлж, тогтоодог бололтой.
12.45 цаг. “Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл” номыг фондоос авчирчээ. Гадрыг нь эргүүлэнгүүт дотор талд нь наасан бяцхан халааснаас гаргаж ирсэн цаасыг гаргаж ирээд харахдаа тэр эртний танилтайгаа уулзсан мэт инээмсэглэсэн юм. “Энийг хар даа, эхлээд бид энэ номыг хэзээ хэнд өгснөө энд гараар бичдэг байлаа. Одоо тусгай төхөөрөмжид ганц уншуулаад л болчихно. Өдөрт өгсөн номоо цэгээр тэмдэглэдэг байсныг бодвол техник, технологи хөгжөөд сайхан болчихож” хэмээн хуучилсан. Түүний хэлснээр номын сангийн “Коха” программыг шинэчлэх, сайжруулах төслийг 2015 оноос хэрэгжүүлж, МУИС-ийн удирдлагын “Сиси” системтэй холбосноор оюутны үнэмлэхээр уншуулаад л номын сангийн үйлчилгээ авах боломж бүрдсэн байна. Улмаар 2016 онд “Коха” системийг өргөжүүлж цахим ном унших үйлчилгээ нэвтрүүлжээ.
13.15 цаг. Ширээнүүд дээр онлайн каталог ашиглаж захиалга өгөх зааварчилгаа наав. Захиалгагүй байлаа ч энэ мэт хийх ажил мундахгүйг тэрбээр хэлж байлаа. “Насаараа номон дунд байгаа хүн ном хэр их уншдаг бол” хэмээн сонирхоход тэрбээр “Хүмүүсийн төсөөлдөг шиг их биш. Гэхдээ ямар ч байсан шинээр ирсэн номын өмнөх үг, гарчгийг нь гүйлгээд харчихдаг. Тэгж тодорхой ойлголт авахгүй бол уншигчдынхаа эрэлт, хэрэгцээнд нийцэж ажиллаж чадахгүйд хүрнэ. Номын санч бүгдийг мэддэг байх ёстой гэж багш нар минь сургасан. Эрдэмд эрмэлзэж байгаа хүний туслагч нь бид юм. Уран зохиолын номуудыг зав гарган тухтай унших дуртай” гэв.
14.00 цаг. МУИС-ийн номын сан 08.30-21.00 цаг хүртэл ажилладаг. Ингэхдээ номын санч нар нь хоёр ээлжээр ажилладаг бөгөөд П.Ганчимэг 14.00 цагт ажлаа хүлээлцлээ. Ингээд тэрбээр үдийн цайгаа уухаар ээлжийнхэнтэйгээ хамт амралтын өрөөг зорьсон юм.