Төрийн ордонд зохиолчид, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн компаниудын төлөөлөл хуран цуглаж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо. Уг хэлэлцүүлгийг “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага, “Язгуур контент” ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн А.Ундраагийн санаачилсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зохиолчид, хэвлэн нийтлэгчдээс санал авах гол зорилготой байв.
“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Номын баяр”-ыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд тусгуулахын ач холбогдлын талаар хэлэлцэхийн өмнө дөрвөн илтгэгч юун тухай ярихыг сонссон. М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж, докторын зэрэг хамгаалж ирсэн, Монголын орчуулагчдын холбооны тэргүүн О.Чинбаяр ОХУ номын бизнесийг Ерөнхийлөгчийн түвшинд хэрхэн дэмжиж, олон нийтийг номтой ойр байлгахын тулд ямар ямар арга хэмжээ авдаг талаар ярилаа. Зохиолч, сэтгүүлч Н.Энхсайхан “Ном дэлхий дахинд”, Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал
М.Даваасүрэн “Хил хязгааргүй номын сан”, “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, утга зохиолын орчуулагч Б.Баясгалан “Төрөөс номын талаар хэрэгжүүлж буй бодлого” гэсэн сэдвээр илтгэв. Тэдний илтгэлээс “Ном ертөнцийг харах цонх” төдийгүй үндэстний хэл, соёл, сэтгэлгээг харуулдаг, зүг чигийг заадаг Алтангадас од мэт чухал зүйл гэдгийг бага насны хүүхэд сонссон ч ойлгохоор байлаа. Хөгжингүй улс орнуудын төр, засгаас хамгийн түрүүнд анхаардаг зүйлийн тоонд ном ордог тул тэдгээр улсад номыг дээдэлж, номын яармагийн соёлыг тогтоож, номын үнэлэмжийг өндөрт авч явдаг талаар мэдэж авлаа. Канад улсад гэхэд айлаас 20 минут алхаад хүрэх цэг бүрт номын сан байлгахыг хуульчилсан нь төр, засаг нь ард түмнээ номоор удирддаг гэж хэлэхэд хилсдэхээргүй.
“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага “Номын баяр”-ыг 26 удаа зохион байгуулж ном бүтээгчид, хэвлэн нийтлэгчид, зохиолч, уншигч, хэвлэлийн компаниудыг хамруулсан соёлын өргөн арга хэмжээ болгож чаджээ. Гэсэн ч уламжлал болгосон уг ажлаа улсын төв талбайд журмын дагуу эртнээс өдөр авч, явуулах гэхэд нийслэлийн захиргааны “хурган дарга” нар үл тоомсорлон дарамт, шахалт үзүүлж, төв талбайд явуулах арга хэмжээний жагсаалтаас хээвнэг хасах зэргээр басамжилсаар ирсэн. Тус байгууллагынхан олон нийтийн соён гэгээрлийн эрх ашгийн үүднээс зохион байгуулдаг уг ажлаа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд тусгуулах санал, санаачилгаа УИХ-ын гишүүн А.Ундраад дуулгаж, хамтран ажиллах болсон байна. Өчигдрийн хэлэлцүүлэгт үг хэлж, санал хэлсэн бүх хүн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн нэг нь номын баяр байж болно гэдэгт санал нэгдлээ. УИХ-ын гишүүн А.Ундраа болон “Номын баяр”-ыг дэмжигч УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар олон нийтийн соён гэгээрлийн төлөө ажиллах болно гэдгээ хэлсэн юм.