СУИС багш ажилтны хүүхдэд зориулсан цэцэрлэгийг ЧД-ийн 18 дугаар цэцэрлэгийн салбарыг бүлэг болгон байгуулжээ.. Тус салбар цэцэрлэг өнгөрсөн сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн аж. СУИС-ийн Санхүү, эдийн засгийн газрын дарга Ж.Жагармаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн салбарыг барьж, тохижуулахад хэдэн төгрөг зарцуулсан бэ. Яагаад цэцэрлэг ашиглалтад оруулах болов?
-Засгийн газрын 2019 оны 183 дугаар тогтоол, БСШУСЯ-наас өгсөн чиг үүргийн дагуу Соёл урлагийн их сургууль нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цэцэрлэг байгуулах болсон. Ингээд сургуулийнхаа оюутны байрны өргөтгөл хэсгийг засаж тохижуулан цэцэрлэг болгосон юм. Барилгын засвар, тохижилт, тоног төхөөрөмж зэрэгт манайхаас 140 гаруй сая төгрөгийн зарцуулсан. Мөн цэцэрлэг байгуулахад БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын тусламж, дэмжлэг их байлаа. СУИС-ийн багш, ажилтан хамт олон цэцэрлэгтээ хүүхдийн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хандив тусламж үзүүлсэн. Хамт олондоо талархаж байна.
-Яагаад СУИС-ийн харьяа бус, 18 дугаар цэцэрлэгийн салбар гэсэн юм бол?
-Их сургууль харьяа цэцэрлэгтэй байх тухай хууль, журам манайд одоохондоо байхгүй юм билээ. Тиймээс Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, цэцэрлэгт СУИС-ийн багш, ажилчдын болон 18 дугаар цэцэрлэгийн харьяалалтай хүүхэд багачуудыг хүмүүжүүлж байна. Тус цэцэрлэг 60 хүүхдийн багтаамжтай, 250 гаруй метр квадрат талбайтай. Холбогдох шаардлага, стандартын дагуу тохижуулж, Улсын комисс хүлээж авсан. Цэцэрлэг байгуулахад Одоогоор 50 гаруй хүүхэд хүмүүжүүлж байна.
-Цэцэрлэгт урлагийн хичээл заах уу. Хэдэн багш ажиллаж байгаа вэ?
-Цэцэрлэгийн багш, боловсон хүчнийг 18 дугаар цэцэрлэг шалгаруулж авсан. Боловсролын салбарт 15-аас дээш жил ажилласан үндсэн болон туслах дөрвөн багш, хоёр тогооч, үйлчлэгч, угаагч зэрэг найман хүн ажиллаж байгаа. Цаашид урлагийн сургалтын хөтөлбөртэй болох талаар судалж байна. Манай багш нар урлагийн хичээл заах төлөвлөгөөтэй. Ингэвэл магадгүй бага хэмжээний төлбөртэй болох байх.
Бэлтгэсэн: Б.Нандин