Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн тоглолт үргэлжилсээр. Энэ улирлын онцлох үйл явдал өнгөрсөн зун болсон багуудын хоорондын томоохон солилцоо, наймаа байлаа. Тэр дундаа олныг шуугиулсан нэг солилцоо нь “Нью Орленс пеликанс” багийн төвийн тоглогч Энтони Дэвис “Лос-Анжелос лэйкэрс”-д нэгдсэнээр Леброн, Дэвис гэсэн супер хослол бий болгосон. Энтони Дэвис 1993 онд Америкийн Иллинойс мужийн Чикаго хотод мэндэлжээ. Ахлах сургуульдаа тамирчин болох замналаа эхлүүлж, Кэнтакигийн коллежийн сагсан бөмбөгийн багт нэг улирал өнгөрүүлэн, 2012 оны намар NBA-д хөл тавьж, мэргэжлийн тоглогчийн карьераа эхлүүлсэн түүхтэй. Лигт орсноосоо хойш тогтмол амжилт үзүүлж, зургаан ч удаа бүх оддын тоглолтод сонгогдон, гурван удаа NBA-ийн I багт, хоёр удаа хамгаалалтын II багт нэрлэгдэж байв. Түүнийг “Лэйкэрс” багийн өмсгөлийг өмсөж тоглоход багийн лидерийн үүргийг гүйцэтгэхгүй учраас өмнөх шигээ шилдэг тоглолт гаргаж чадахгүй хэмээн сагсан бөмбөг шинжээчид таамаглаж байлаа. Гэтэл тэдний таамгийг тэр чигээр нь эвдсэн тоглолтыг Энтони Дэвис үзүүлж буй билээ.
Бэлтгэсэн: Т.Идэр